УИХ ажлаа хэрхэн хийдэг вэ гэдгийг өчигдрийн чуулганы хуралдаанаас харж болохоор.
Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ манай парламентынхан хэлэлцэж байгаа хууль, ярилцаж байгаа асуудалдаа яаж ханддагаа ямар ч тайлбаргүйгээр харуулав. Хамгийн ичгэвтэр нь өчигдөр олонхиороо дэмжсэн асуудлаа өнөөдөр чуулганд оруулж ирээд унагаж байх жишээтэй. Ийм л хүмүүсийг орон гаран, эсвэл гаран, гаран гэдэггүйсэн биш үү.
УИХ-ын пүрэв гаригийн буюу өчигдрийн нэгдсэн хуралдаан 16.00 цагаас 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, үдэш болтол хуралдсаны эцэст С.Ганбаатар нарын гаргасан “Дэд сайдуудыг чөлөөлөх санал”-ыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүйг дэмжих үү гэдэг дээр парламентынхан санал хурааж олонх нь “дэмжихгүй” гэсэн кноп дарсан. Гэвч, энэ шийдвэрийг гаргасны дараа гишүүд “Би юу хийчихэв ээ” гэгчээр амаа барьсан нь дийлэнх нь бололтой.
Тиймээс хар өглөөгүүр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан зарлаж, С.Ганбаатар нарын гаргасан саналыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Дэд сайд нарын орон тоог бууруулах асуудлыг оруулж ирэх тохиолдолд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг эхлээд оруулж ирэх ёстой гэдгийг сануулж, дэд сайд нарын орон тоог хасч, зардлыг нь танах саналыг хэлэлцэх боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. УИХ-ын өнөөдрийн /баасан гаригийн/ чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрийг дэмжиж, дэд сайдуудаа суудалд нь үлдээхээр болов.
УИХ бол Монголын хууль тогтоох хамгийг дээд байгууллага. Энэ утгаараа саарал ордонд тухалж байгаа 76 гишүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаа мэддэг, чухам юуны төлөө кнопоо дардаг вэ гэдгээ ойлгодог байх ёстой. Түүнээс үдэш нь дэмжье гэж олонхиороо үзчихээд дараа нь “Бид юу хийчихэв” ээ гэж тэнэгтэж болохгүй байх. Хууль батлах ямар тоглоом юм уу.
Монголын төрд дэд сайд шиг хэрэггүй алба байхгүй. Бэлгэдлийн чанартай, бэлэгний шинжтэй энэ суудлыг цомхотгосноор Монголын төр хохирох юмгүй байх.
Эдийн засагт хэрэгтэй олон чухал хууль парламентын босго давж чадалгүй унадаг. Энэ бүхэнд тэд яг дэд сайдын асуудалд хандсан шигээ хэлэлцэж байгаа сэдвийнхээ учрыг ойлголгүй унагадаг байсан юм биш үү гэх хардлага ч төрүүлж байна.
Хэрэв тэд иймэрхүү маягаар хууль баталж, хэлэлцэж байгаа асуудалд “гэнэн, тэнэг” ханддаг бол Монголын хууль гурав хоног байхаас яах билээ. Зүгээр л кноп дарах гэж, хувийн их ажлынхаа чөлөөгөөр төрд ажилладаг хүмүүс манай саарал ордонд цөөн биш суугаа.
Олон хоног хувийн ажлаа хөөцөлдөж, гадаад, дотоодоор тэнэж ирсэн тэд асуудлаа мэдэхгүйгээр кноп дардаг ч биз.
Хэн нэгнийг огцруулах, эсвэл томилох асуудал чуулганаар орж ирлээ гэхэд УИХ-ын гишүүдийн идэвхтэй оролцохыг яана. Харин улс орны эдийн засаг, хөгжил, нийгмийн амьдрал чухал асуудлыг тоож сонирхох ч үгүй. Тиймдээ ч чуулганы хуралдаанд ирц хүрэлцэхгүй хойшлуулах, хичнээн хоногоор завсарлага авах нь ердийн үзэгдэл болсон.
Төсвийн тухай тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийх ёстой байтал зуурсан бантангаа засах гэсээр байгаад өнөөдөр УИХ хамаг цагаа алдав. Төсвийн тодотголоос болж олон нийт хэзээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж буух вэ гээд хүлээж суугаа нь худлаа биш. Одоо тэгээд өдөр олдож шөнө гэгчээр үдэш орой болтол хуралдаад бушуухан дуусгахын тулд нүдээ аниад кнопоо дарцгаах биз. Гэхдээ асуудлаа мэдэхгүй кнопоо дарчихсаны дараа ахиад битгий алиалаарай даа, гишүүд минь. УИХ асуудлаа мэдэхгүй, ажлаа хийхгүй цаг алдах тусам улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ч өдрөөс өдөрт доройтож байна шүү дээ.
Ж.ЭРХЭС