Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Энэ хэний бизнес вэ?

Зуны үдшийн бүлээн салхи нь
Төгөлийн гүнд шурган сэвшээд
Зулзган моддын түмэн навчисаар
Зугаацан наадаж шаргих үеэр…
гэж дуулаад алхмаар ганцхан гэж болох нэгэн гудамж Улаанбаатарт бий. Яагаав, хуучнаар Хүнсний I дэлгүүрийн өмнөөс эхлээд Гэсэр сүм хүртэл үргэлжлэх замын хоёр урсгалын голоор байдаг гудамж. Зуны орой залуус болзож, хөгшид салхилангаа ач зээгээ тоглуулж суугаа харагддаг юм, тэнд. Хоёр талаар нь шигүү ургасан моддын үнэр хамар цоргиж, байнга чийг үнэртээд гоё болохоор тэр л дээ. Нийслэлд нийтийн эзэмшлийн ийм аятайхан газар ховор. Тийм болохоор хавь ойрынхон нь тэнд очих дуртай гэж жигтэйхэн. Харамсалтай нь, одоо тэр чөлөөгөөр явж болохоо байжээ. Болзоонд ирсэн бүсгүйн өсгий нь шигдээ хугарчих гээд хэцүүхэн замтай болчихож. Өмнө нь уг нь их аятайхан замтай байсан юм. Элэгдэж, хуучраагүй ч байсан даа. Гэтэл өөр газарт хэрэг болсон уу, ондоо тийшээ авч яваад оронд нь ядаргаатай тэр замыг засаад тавьчихаж. Тэнд очоод харж суухад охид өсгийгөө хугалчих гээд тогоруу шиг өлмий дээрээ явах юм билээ. Хэр удаан тэгж явах вэ дээ. Хэсэг алхаад түүгээр явъя гэж болзсон залуу руу хялам хялам харах нь хөгжилтэй ч юм шиг. Залуусын зарим нь “Хэн нь энийг ийм болгочихдог байна. Завхарсан юм” гэж амьгүй чулууг өшиглөж харагдана.


Уг нь ганцхан сарын өмнө л үүгээр явахад зам нь зүгээр байсан юм. Гэтэл өнөөдөр ийм болчихож. Ер нь энэ мэтээр хотыг тохижуулдаг олон жишээ бий. Баянгол дүүргийн III, IV хорооллын гол замын хайсыг жил болгон л сольдог. Энэ жил ч солих байх. Эртээд Гандангийн хойд хэсгийн хайсыг авч байгаа харагдсан. Төрөөс тэгж л тэрбумтнууд төрдөг бололтой юм. Сайжруулах нэрийдлээр жилийн өмнө тавьсан хайс, замыг шинээр сольж, хуучныг нь харин яадгийг мэдэхгүй. Бодвол хэн нэгэн даргын нь зусланг чимээд, эсвэл бусдад хямд зарагддаг байлгүй. Ингэхгүй бол шөнө унтаж чаддаггүй байх л даа. Ажил хийх нэрээр мөнгөжмөөр байдаг биз.

Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “Хуучин замын тоосгыг нь хэнд зарсан юм бэ, та. Хэрэв зараагүй бол буцаагаад тавьчих. Шинийг нь хуулж аваад зар. Эсвэл дараа жил иргэдээс гомдол ирсэн гэх шалтгаанаар ахиад солих юм уу” гэж асуумаар байна. АТГ-ынхан ч анхааралдаа аваарай. Бэлэн баримт нь энэ зураг. Үүнд нэг хариулт өгч туслаарай. Энэ хэний бизнес вэ?

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж