Т картыг ОУ-ын карт болгох боломжтой

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Т картыг ОУ-ын карт болгох боломжтой

Монголын банкуудын гаргаж буй Т картыг ЮнионПэй-ийн дэд бүтэцтэй хослуулаад шууд олон улсын карт болгох боломжтой

2000 оны эхэн үед иргэдийн банк, бэлэн бус төлбөр тооцоо, төлбөрийн карт, зээлийн эрх, цалингийн зээл гэдэг зүйлс нь Монголчуудын хувьд цоо шинэхэн ойлголт байлаа. Хэрэглээг нь сайн мэдэхгүй, дэд бүтэц нь маш сул хөгжсөн, хүний нөөцийн хувьд ч банкны салбарынхан бүх зүйлсээ шинээр сурч байсан цаг. Чухам энэ үед Голомт банкнаас ажлын гараагаа эхэлж өдгөө UnionPay International олон улсын Төлбөрийн картын байгууллагын Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж буй Д.Батбилэгтэй ярилцаж өнөөгийн бэлэн бус төлбөр тооцоо, картын бизнесийн талаар хүүрнэлээ.

-2000 оны эхэн үеийн Монголын банкуудын картын бизнес, картын хэрэглээ, картын тухай ойлголтыг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулшгүй байх. Тухайн үед өөрөө ч гэсэн карт гэдэг зүйлтэй шинээр танилцаад, харилцагч үйлчлүүлэгч нартаа танилцуулаад явж байхад хүнд хэцүү байсан жишээнүүдээсээ дурдвал?

-1999 онд Голомт банк анх МастерКарт Интернэйшнл байгууллагын үндсэн гишүүнээр элсэж Монгол улсад анхлан Олон улсын төлбөрийн картыг гаргаж эхэлсэн. Картын бизнес нь карт гаргах (issue), картыг төлбөрт хүлээж авах (acquire) гэсэн хоёр төрөлтэй байдаг. Тухайн үед картыг гаргаад харилцагчдад таниулах, картын давуу талыг сурталчлах томоохон ажлуудыг хийж байсан ч уг картыг хүлээн авч төлбөр тооцоо гүйцэтгэдэг худалдаа үйлчилгээний байгууллага байхгүй, картаас бэлэн мөнгө авах боломжтой банкны салбар, АТМ байхгүй байсан тул Монгол дотроо картыг төлбөрт хүлээн авах сүлжээг бий болгох бас нэг томоохон ажлыг хамтад нь хөгжүүлж эхэлсэн. Тухайн үед ПОС терминал гээд машин утасны сүлжээнд холбогдоод гүйлгээ хийж эхэлсэн нь тухайн үеийн хамгийн дэвшилтэт асуудал байв. Гэвч ПОС машиныг тавих гээд үйлчилгээний байгууллагуудаар явахаар хүлээж авдаг газар байдаггүй байлаа.

“Үүгээр яадаг юм, бид нарт ямар хэрэгтэй юм” гээд л картаар үйлчилгээ үзүүлэх, банкны шимтгэл зэргийг ойлгохгүй төлөхөөс татгалзаж их юм болдог байсан. Тэр болгонд бэлэн бус төлбөр тооцоо, төлбөрийн картын давуу талыг нь яриад л, Монголд карт уншдаггүй гэсэн ойлголттой учраас гадны жуулчид бэлэн мөнгөтэй ирж байгаа тухай, дэлхийн бусад орнуудад бүгдэд нь карт уншдаг болчихсон байхад бид л төлбөр хүлээж авч чадахгүй байгаа талаар, тэр хирээр Монгол улсын нэр хүндэд муугаар нөлөөлж буйг дурдаад явдаг байсан. Тухайн үед миний уншиж байсан нэг судалгаа байдаг юм. Худалдан авагчид бэлэн мөнгөөр тооцоо хийхээсээ төлбөрийн картаар хийвэл дунджаар 30 хувь илүү худалдан авалт хийдэг гээд. Ухаан нь бэлэн мөнгөтэй явж байгаад худалдаа хийх бол түүндээ тааруулаад л авчихна. Харин картандаа мөнгөтэй юм чинь үнэтэйг нь авъя, олныг авъя ч гэдэг юм уу сэтгэлзүйн хувьд худалдан авагч нар өөрөөр хандаж илүү үнийн дүнтэй худалдан авалт хийж, картаар үйлчилгээ үзүүлдэг худалдааны байгууллагуудын орлогыг нэмэгдүүлдэг. Иймэрхүү маягаар анх ПОС терминалыг энэ олон үйлчилгээний байгууллагууд дээр суурилуулж байсан. Дотооддоо хэрэглэдэг төгрөгийн карт, олон улсад хэрэглэдэг долларын карт гэж Монголд анх гарч эхэлж байсан. Дотооддоо хэрэглэдэг нь арай хямд үнэтэй,цалингийн карт үнэгүй, олон улсынх нь илүү үнэтэй, авахад бас төвөгтэй өндөр нөхцөлтэй байлаа.

Ингээд 2000 онд Голомт банк, Худалдаа Хөгжлийн банкууд Виза Интернэйшнл байгууллагын гишүүнээр элсэж Виза картыг Монголчууддаа гаргаж эхэлсэн. Олон улсад хэрэглэдэг картыг гадаад руу явдаг, аялдаг цөөхөн хүмүүс ихэвчлэн авдаг, дотоодод хэрэглэдэг картыг Монгол дотроо гүйлгээ хийх худалдаа үйлчилгээний байгууллага тухайн үед цөөхөн байснаас мөн олон хүн карт авах сонирхолгүй байсан тухайн үед хувь, хувьсгалын байгууллагуудтай уулзаж таниулж гэрээ байгуулсны үр дүнд томоохон байгууллагуудын ажилтнууд картаар цалингаа авдаг болж эхэлсэн нь Монголд карт хөгжих, хүмүүс картыг хэрэглээнд сургахад том түлхэц болсон гэж боддог. Мөн цалингаа картаар авч байгаа хүмүүст цалингийн зээл, хэрэглээний зээлийг банкууд олгож эхэлсэн нь тухайн байгууллага ажилтнуудынхаа  нийгмийн хэрэгцээг хангах нэг хөшүүрэг болж байсан.

Анхны цалингийн картын байгууллага нь Монгол Газар компани байсан. Тэднийх уурхайн ажилчдадаа карт өгөөд, ажилчид нь хөдөө ажиллаж байгаа ч  цалин нь картанд нь ороод байдаг, эхнэр нь дэд карт аваад нэг данс цуг хэрэглэж болдог давуу талуудыг үүсгэж өгсөн. Үүнээс хойш Автобус компаниуд, ДЦС, ТЭЦ 4, мөн жижиг хувийн компаниуд ч картаар цалингаа тавиад эхэлсэн. Анх АТМ байхгүй байсан тул Голомтын 24 цагийн салбар дээр цалин буух өдөр автобуснууд жагсаад зогсчихсон, цуваа үүсдэг тохиолдол ч гарч байсан. Тухайн үед том үйлдвэр, компаниуд цалин олгох үед үйлдвэрийнх нь газрууд зах шиг болдог байлаа. Ажилчид нь цалингаа авахыг нь тааруулан наймаачид үйлдвэрийн гадаа ирдэг байж л дээ. Бас ажилчдын эхнэрүүд баярласан нэг зүйл нь цалингаа авангуутаа архи уугаад явдаг байсан нь байхгүй болсон. Цалингаа бэлнээр авах үед нь найз нөхөд нь ирээд шаналгадаг байсан бол цалин карт руу нь орчихдог болсноор тийм зүйл байхгүй болсон л доо. Заримынх нь картыг эхнэр нь хураагаад авчихсан байдаг ч тохиолдол  байсан. Карт нь гэрт нь байдаг байсан болохоор архи дарс уух нь ч багасаад ирсэн гэж ярьдаг.

Одоо Монгол улсад дебит, кредит нийлээд 3.5 сая карт эзэмшигч байна. Монгол улсад нийт карт эзэмшигчдийн 2 хүрэхгүй хувь нь кредит карт хэрэглэдэг бол олон улсад кредит карт эзэмшигчид 50-60 хувьд хүрдэг. Гадны банкуудын картын бизнесээс олж байгаа гол ашиг нь кредит картын хүүгийн орлого байдаг. Монголд тэр нь байхгүй тул картын гүйлгээний шимтгэлийн орлого ч юм уу, картын жилийн хураамжийн орлогоос орлого нь бүрддэг юм.

-Манайхны санхүүгийн сахилга бат муу гэсэн үг үү? Яагаад гадны улсуудаас манай дебит ба кредит карт эзэмшигч нарын харьцаа эрс өөр байна вэ?

-Зээлийн картын хувьд манайд эргэн төлөлт нь хэцүү байгаад байдаг. Хүмүүс зээлийг хугацаатай аваад графикийн дагуу төлөөд явдаг. Зээлийн карт бол хэрэглэснийхээ тодорхой хувийг нь дараа сард нь буцааж төлөөд, зээлийн эрхээ нээлттэй байдлаар нь сэргээгээд явах процесс. Тасралтгүй үргэлжилдэг. Тэрийг нь сайн мэдэхгүй 1,000 ам.долларын зээлийн эрх авчихаад шууд нэг зүйл худалдаад авчихдаг. Дараа сард нь тэрнийхээ 20 хувийг төлөх хэрэгтэй ба үлдсэн 800 доллар нь хүү тооцогдоод явдаг.

Манайхан тэгэхгүй 1,000 доллараа буцааж бүтэн төлөөд картаа хаалгах сонирхолтой байдаг. Зээлийн хүүний дарамтад орохгүй байх юмсан гэдэг утгаараа. Манайхны ойлголт муу байсан гэсэн үг л дээ. Нөгөө талаас зээлийн мэдээллийн сан сайн хөгжихгүй байв. Одооноос сэргэж эхэлж байгаа байх. Тухайн үед банкууд том зээлийнхээ мэдээллийг л зээлийн мэдээллийн санд оруулдаг байсан.

Тэгэхээр зээлийн карт аваад төлөхгүй бултчихсан хувь нөхөд өөр банкнаас зээлийн карт авах боломж нээгдээд байгаа юм . Америк болон бусад орнуудад бол social security дугаараар нь зээлийн түүх гэхчлэн бүх мэдээллүүдийг нь үзэж болно. Банкнаас хэзээ зээлийн карт авсан, тухай бүрд нь төлдөг байсан эсэх зэрэг. Манайд тийм түүх үүсгэж чадахгүй байна. Одоо зээлийн карт хөгжих цаг үе нь ирээд байна л гэж харж байгаа.

-Монголд байгаа арилжааны банкууд маань бүгд картын бизнес эрхэлж байгаа юу?

-14 арилжааны банкуудаас Худалдаа Хөгжлийн Банк, Голомт, Хаан, Хас, Төрийн Банк, Капитал Банкууд ЮнионПэй карт гаргаж байгаа. Ер нь нийт 11 банк их бага хэмжээгээр төлбөрийн картын бизнесийг хийж байна.

Хөгжлийнхөө эхний үед эдгээр компаниуд өөрсдөө карт гаргаад явдаг байсан. Яваандаа гишүүнчлэлтэй болоод, бусад банкуудыг гишүүнээр элсүүлээд, өөрсдөө брэндээ дэлхийд сурталчлах, сүлжээ, дэд бүтцээ өргөтгөх, шинээр гишүүн элсүүлэх гэх мэт маркетингийн ажлаа хийгээд, харин гишүүн банкууд нь карт гаргах, төлбөрт хүлээн авах бизнесийг хийж эхэлсэн. Одоо бол эдгээр байгууллагууд өөрсдөө карт гаргадаггүй ба зөвхөн картын компани гэж явдаг.

1991 онд тухайн үеийн ХОТШ банк, Ард банк өөрийн нэрийн дотоодын төлбөрийн картыг гаргаж үзсэн байгаа юм. Гэвч тухайн үед энэ төсөл төдийлөн амжилттай хэрэгжиж чадаагүй, уг банкууд ч дампуурсан. Эндээс зөвхөн дотооддоо карт гаргаад амжилтад хүрэхгүй нь тод харагдсан.  Иймээс цаг үе нь таарсан, банкууд ч олон улсын брэнд картыг гаргах, төлбөрт хүлээн авах бизнесийг цогц байдлаар 1999-2000 онд эхлүүлсэн байдаг. Монголд картын бизнес хөгжиж эхлээд 14 жил болж байна. Одоо картыг мэддэггүй, ашигладаггүй хүн ч байхгүй болсон. Хүүхдүүд, оюутнууд гээд бүх хүн л карт хэрэглэж байна. Картаар зөвхөн интернетээр гадаадаас худалдаа хийдэг хүмүүс ч байна.Тухайн үед картын бизнесийн энэхүү трэндийг дагаад бэлэн бус төлбөр тооцоотой холбоотой бүх зүйл л зэрэг хөгжиж эхэлсэн.

-Та түрүүн Discovery, American Express, Diners Club, Visa, Master гээд 5 гол картыг нэрлэлээ. Монголд бүгд байдаггүй нь ямар учиртай вэ?

-Нилээд хэдэн жилийн өмнө Discovery, Diners club картууд Америкт их хүчтэй байсан. Хэдхэн жилийн өмнө энэ хоёр компани хоорондоо нэгдэж энэ хоёр брэндээ цуг авч явдаг ч хойд Америкдаа илүү их хэрэглэгддэг. Дэлхий дахинд тэгтлээ түгээгүй. Харин American Express нь илүү өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн. Өөрсдийн дэд бүтэц, сүлжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Visa, Master картууд нь American Express-тэй өрсөлдөхийн тулд платинум, диамонд, инфинити, титанум картуудаа гаргаж байна.

-American Express картыг анх Худалдаа Хөгжлийн банк гаргаж төлбөрт хүлээн авдаг байсан санаж байна. Саяхнаас эхлээд болиод Голомт банктай хамтран ажиллаж эхлэв үү?

-American Express картыг Худалдаа хөгжлийн банк 1990-ээд оноос Standard Charter банкны нэрийн өмнөөс Монголд борлуулдаг, тэдний нэрийн өмнөөс картыг нь Монголд хүлээж авдаг байсан. Харин 2007 онд тэд өөрсдөө Монголд ирээд сонгон шалгаруулалтаар Голомтыг сонгож, эрхийг нь таван жилийн хугацаатай өгсөн.

 

ХЯТАД УЛС ЮнионПэй БРЭНД КАРТАА ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЛХИЙН 148 УЛСАД ӨӨРИЙН СҮЛЖЭЭГЭЭ ОРУУЛЖ, 4.5 ТЭРБУМ КАРТ ЭЗЭМШИГЧИДТЭЙ БОЛООД БАЙНА

 

-Хэдхэн сарын өмнө ОХУ өөрийн нутаг дээрээ Visa, Master картуудын сүлжээнд блок хийж багагүй шуугиан тарьсан. Үндэсний картын систем, дэд бүтэц бий болгож хөгжүүлнэ гэсэн байна билээ. Мөн хэдхэн жилийн өмнөөс Хятад улс өөрийн сүлжээгээ бий болгох гэж байгаа юм шиг China Union Pay, одоо нэрээ солиод Union Pay International гээд олон улсын зах зээл дээр асар хүчтэй явж байна. Түрүүний таван картын компани дээр нэмэгдэж өрсөлдөгч бий болж байна уу? Эсвэл том гүрнүүдийн амбицын асуудал байдаг юм уу?

-Карт хөгжиж эхэлсэн 1950-аад оноос эхлээд л улс болгон л өөрсдийн нэрийн карт хөгжүүлэх гээд, шинээр бие даасан үндэсний болон олон улсын дэд бүтэц бий болгохоор ажиллаж эхэлсэн байдаг. Тухайлбал,  JCB (Japan Credit Bureau) гээд Японы картын компани JCB картыг гаргаж эхэлсэн.  Гэхдээ ихэнхдээ Япончууд л өөрсдөө энэ картаа хэрэглэдэг. Дэлхий дахинд сүлжээ нь сайн хэдий ч  хэрэглэгчид нь Япончууд.  2002 онд Хятадын төв банкны дэмжлэгтэйгээр UnionPay International байгууллага үүссэн. Хятадын том дөрвөн банкны хувь оролцоо бас энэ байгууллагад байдаг.

Тухайн үед Хятадын бараг бүхий л банкууд нь өөрсдийн нэрийн картаа гаргаж байсан. Гэвч нэгдсэн сүлжээ байхгүй байсан учир асуудал бэрхшээлүүд үүссэн байдаг. Иймээс тэд нэн тэргүүнд олон банкуудынхаа нэгдсэн сүлжээг бий болгосон. Бүх банкууд нь нэгдсэн сүлжээнд орж нэгдсэний дараа ЮнионПэй картыг бий болгосон түүхтэй. Хятад улс 2004 оноос China UnionPay картаа олон улсын зах зээлд гарган өрсөлдүүлж эхэлсэн. Хятад улс энэ брэнд картаа олон улсын сүлжээнд оруулсан 10 жилийн хугацаанд дэлхийн 148 улсад өөрийн сүлжээгээ оруулж, 4.5 тэрбум карт эзэмшигчидтэй болсноороо өдгөө дэлхийд нэгдүгээрт орж байна. Энэхүү картын системээр хийгдсэн гүйлгээний дүн нь 2014 оны эхний хагасын байдлаар 5,2 их наяд ам.доллар байсан бөгөөд энэ дүнгээр Дэлхийд хоёрдугаарт орж эхэлсэн.

Орос улсын хувьд 1000 гаруй арилжааны банктай том гүрэн болохоор ПРО100 гээд өөрсдийн үндэсний картын сүлжээг бий болгож байгаа бөгөөд үүнийгээ далимдуулан өөрийн үндэсний брэнд картаа бий болгох сонирхолтой байгаа юм билээ. Гэхдээ дэлхий дахиныг хамарсан картын дэд бүтэц, сүлжээ үүсгэнэ гэдэг хэцүү, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан том төсөл.  Тийм болохоор Оросууд нэгэнт үүссэн аль нэг сүлжээтэй хамтрах байх гэж бодож байна.

-Карт гаргагч байгууллагуудаас гадна үндэсний сүлжээтэй болоход төв банкны оролцоо аль ч улсад чухал байх. UnionPay International байгууллага Монгол банктай ямар түвшинд хамтран ажиллаж байна вэ? Мөн Монголын карт гаргаж буй бүх арилжааны банктай хамтран ажиллаж чадаж байгаа юу?

-Union Pay International-д 2008 онд анх Хаан банк үндсэн гишүүн болж элсээд өөрийн нэрийн карт гаргах эрх аван хамтран ажиллаж эхэлсэн. 2010 онд Голомт гишүүн болж өөрийн картаа гаргасан байгаа. Монголын банкууд саяхныг хүртэл бие биеийнхээ гаргасан картыг уншдаггүй, төлбөрт хүлээж авдаггүй, тус тусдаа системтэй явдаг үе байсан. 2008 онд Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв байгуулагдан банкууд нэгдсэн орсноор Монгол улсад төлбөрийн картын хөгжилд томоохон ахиц гарч эхэлсэн.

Үүнээс өмнө карт эзэмшигч үйлчилгээний байгууллага дээр байгаа зөвхөн өөрийн карт гаргасан банкны ПОС машинаар, эсвэл өөрийн банкны АТМ-ээс л картаасаа мөнгө авдаг хязгаарлагдмал схем ажиллаж байсан. Тухайн дэлгүүрт уг банкны ПОС байхгүй өөр банкны ПОС байхгүй бол гүйлгээ хийж чадахгүй бухимдаад л бэлэн мөнгөөр төлөх юм уу, АТМ хайх шаардлага гардаг байсан. Энэ системийг нэгтгэж чадсанаар Монгол улсын картын хэрэглээ огцом нэмэгдэж эхэлсэн.

Харилцагч, карт эзэмшигчдийн хувьд ч их дэвшил бий болсон. Энэ процессын дараа буюу 2012 онд Монгол банкны үндэсний цахим гүйлгээний  төв UnionPay International-д гишүүнээр элссэнээр автоматаар Үндэсний цахим гүйлгээний төвийн гишүүн Монголын бүх  банкууд UnionPay International-ийн сүлжээнд нэгдэж чадсан ба ЮнионПэй   картуудыг ямар ч асуудалгүй төлбөрт хүлээн авах боломжтой болсон. Ингэснээр банк бүр ЮнионПэй картаар гүйлгээ хийхийн тулд манай гишүүн болох, тус тусдаа сүлжээ татах гэх мэт зардлуудыг гаргахгүйгээр энэ бизнесийг хийх боломжтой болсон нь Монгол банк болон ЮнионПэй байгууллагын хамтын ажиллагааны үр дүн юм.

-Зарим банкууд зүгээр нэг пластик карт хэвлэж өгчихөөд хураамж гээд жил бүр 10, 20 мянган төгрөг, дээрээс нь элсэлтийн хураамж хүмүүсээс авдаг. Түүнчлэн өөрийнхөө мөнгийг картандаа хийгээд, АТМ-с мөнгөө авахад шимтгэл төлдөг гээд багагүй бухимддаг л даа. Гэхдээ энэ систем, дэд бүтцийг байгуулах, тордож авч явах, ажиллуулахын тулд их мөнгө зарцуулах хэрэгтэй байдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй санагдлаа.

-Картын систем гэдэг нь пластик хэвлэдэг жижиг сүлжээ биш юм аа. Картын эрсдэлээс хамгаалах цогц систем, төлбөр тооцооны бүтэн схем, зөвшөөрөл олгох, сеттлемент хийх, бонус тооцох гээд цогц том систем байдаг. Өндөр өртөгтэйгээр картын бизнес, дэд бүтэц бий болдог. Дээрээс нь ПОС терминал, АТМ гээд тоног төхөөрөмж, тэдгээрийг холбосон өндөр хурдны нууцлал бүхий сүлжээ, өдөр тутмын арчилгаа, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, АТМ-н бэлэн мөнгөний цэнэглэлт  гээд л их хэмжээний хөрөнгө оруулалт, байнгын зардал их байдаг. Үүнтэй холбож ойлгоход буруудахгүй.

-Хуурамч гүйлгээ гэх мэт төлбөрийн картын нууцлалтай холбоотой асуудлууд үе үе гардаг. Үүнтэй холбоотойгоор чип карт бий болсон уу?

-Ер нь бол ямар ч төрлийн бизнест эрсдэл байдаг, мөн  муу, хялбар аргаар мөнгө олох боломжийг хайсан хүмүүс энэ дэлхийд хаа сайгүй байдаг. 1990-ээд онд Малайз, Сингапур улсуудад төлбөрийн картаас харилцагч нарын мөнгийг хулгай хийх, луйвардаж авах хэрэг их гарсан. Иймээс хэдий өрсөлдөгчид ч гэсэн төлбөрийн картын байгууллагууд хамтран 1995 онд EMVсо гэдэг компани байгуулан луйвар, хулгайгаас хамгаалахаар нэгдэн чип картын шинэ технологийг бий болгосон.

Энэ нь картын бүх мэдээллийг өндөр түвшинд нууцалж кодолдог технологи бөгөөд хакерууд энэ мэдээллийг олж авсан ч задалж уншиж чадахгүй технологи юм. Ингээд улс бүрийн төв банктай нь хамтраад тодорхой хугацааны дараа соронзон туузтай картуудаа чип рүү шилжүүлэх үүрэг өгсөн. Монголын хувьд олон улсын картуудыг чип рүү шилжүүлж чадсан байгаа. Америк хэдий төлбөрийн картын өлгий орон ч одоо болтол чип рүү бүрэн шилжээгүй байгаа. Шилжих явцын зардлаас шалтгаалдаг байх.

Зөвхөн энэ EMV chip картын технологиос гадна банк бүр өөрийн карт эзэмшигчдийг, картаар үйлчлэгч байгууллага, АТМ-ээ эрсдэлээс хамгаалах системийг ашиглан өдөр тутмын хяналтыг тавьж ажиллаж байдаг учраас картын төрөл бүрийн луйвраас урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан бол улам даамжруулалгүй яаралтай таслан зогсоох арга хэмжээг авч ажиллаж байдаг. Мөн манай банкууд Цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж ийм төрлийн луйврыг таслан зогсоож чадаж байгаад баяртай байдаг.

-Бартерийн солилцоо, зоос, мөнгөн дэвсгэрт, карт гээд төлбөр тооцооны дэвшлүүд гарсаар байна. Мэргэжлийн хүний хувьд ирэх 10, 20 жилийг хэрхэн хардаг вэ?

-Ер нь банкны төлбөрийн карт гэдэг бол банкны дансыг удирдах, хаа ч данснаасаа гүйлгээ хийх боломжийг олгож байгаа нэг хэрэгсэл юм. Картын цаана аль нэг банкны данс байдаг нь ирээдүйд хэвээрээ л байх болов уу. Харин карт яваандаа илүү боловсронгуй болж илүү технологид суурилсан ухаалаг хэрэгсэл гарна гэж ойлгож байгаа. Гар утсаар, интернетээр, зайнаас уншиж гүйлгээ хийх зэрэг нь одоо бараг энгийн хэрэглээ шахуу болж байгаа зарим технологи хөгжсөн улсуудад. Ер нь хүн технологийн хөгжлийг гүйцэхгүй шахуу болсон цаг үе. Цаашид нүдээрээ, хурууны хээгээрээ гүйлгээ хийх гэх мэтээр төлбөр тооцоо хийх нь харилцагч нарт улам л амар болж, дэд бүтэц нь улам бүр цахимжих байх.

 

МОНГОЛЫН БАНКУУДЫН ГАРГАСАН ЮнионПэй КАРТУУДААР МОНГОЛДОО ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ 2013 ОНД 113 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН

 

-ЮнионПэй картын бизнесийн Монголын картын зах зээлд эзлэх хувь ямар байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бид үйл ажиллагаагаа 2008 оноос Монголд эхэлсэн. Монголд 3.5 сая карт хэрэглэгч байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 130 орчим мянган ЮнионПэй картыг Монголд борлуулаад байна. Эдгээр 130 мянган картыг гадаадад ч, Монголдоо ч хэрэглэж болно. Тэгэхээр Монголын банкуудын гаргасан олон улсын нийт картын 57 хувийг ЮнионПэй  карт өнөөдрийн байдлаар эзэлж байгаа юм. Үлдсэн 47 хувийг нь Мастер, Виза, Американ Экспресс картууд хувааж эзэлж буй гэсэн үг.

-Манайд өдгөө 130 мянган ЮнионПэй карт хэрэглэгч байна гэж та сая хэллээ. Тэгвэл 130 мянган картын жилийн туршид хийх гүйлгээний дүн дунджаар хэд байна?

-2014 оны эцсийн байдлаар Гадаадын банкуудын гаргасан картаар Монголд хийсэн гүйлгээний нийт дүн, зах зээлийн 20 хувийг, харин Монголын банкуудын гаргасан ЮнионПэй  картуудын гадаад улсуудад хийсэн гүйлгээний нийт дүнгийн 40 хувийг бид барьж байна. Монголын банкуудын гаргасан төлбөрийн картуудаар Монголд 2011 онд 3,56 их наяд төгрөгийн 44,8 сая ширхэг гүйлгээ, 2012 онд 5,3 их наяд төгрөгийн 69,4 сая ширхэг гүйлгээ, 2013 онд 5,8 их наяд төгрөгийн 72 сая ширхэг гүйлгээ, 2014 оны эхний хагас жилийн байдлаар 4,18 их наяд төгрөгийн 51,9 сая ширхэг гүйлгээ тус тус гараад байна.

Харин Монголын банкуудын гаргасан ЮнионПэй  картуудаар Монголдоо хийсэн гүйлгээний хэмжээний хувьд 2013 онд 113 тэрбум төгрөгийн гүйлгээ гарсан байгаа. Энэхүү картыг өнөөгийн байдалд ихэвчлэн гадаадад гүйлгээ хийхээр харилцагч авч байгаа тул ихэнх гүйлгээ гадаадад хийгдэж байгаа юм.

ЮнионПэй  картын ойрын зорилт гэвэл Монголбанкны санаачилгаар эхлүүлсэн үндэсний Т картын төсөлтэй хамтран ажиллах. Банкууд маань энэ картыг гаргах сонирхол нь дотоодын хэрэглэгч нартаа шинэ Үндэсний картын бүтээгдэхүүн нийлүүлэх. Гэвч дотоодын карт хэдий ч Виза, Мастер картын лого тавиад тэдний системээр явахаар багагүй төлбөрийг тэдгээр олон улсын картын компаниудад төлж зардал өртөг өсөөд байдаг юм.

Иймээс илүү зардал төлөх шаардлагагүй, Виза, Мастер сүлжээтэй холбоогүй Т картын төсөл эхэлсэн  Монголбанк 2014 оны эцсээр нэг шийдвэр гаргасан нь банкууд гадаадын аль нэг томоохон картын брэндтэй хамтарч Т картыг олон улсад гүйлгээ хийх боломжтой болгох боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл ЮнионПэй Интернэшнл байгууллагын дэлхийг хамарсан сүлжээг ашиглаад Монгол үндэсний Т картаа дэлхий даяар ашиглаад явах боломжтой.

Гадаад улсууд руу явахаар бэлэн төгрөгөө тухайн очих улсынхаа валют болгож хөрвүүлээд, эсвэл доллар худалдан аваад өөр тусдаа олон улсын карт шинээр худалдаж авч дотор нь байршуулаад явдаг байсан бол үндэсний төгрөгийн  Т картыг ЮнионПэй  сүлжээтэй холбосноор энэ асуудал бэрхшээл байхгүй болох бүрэн боломжтой юм. Харилцагч Т – ЮнионПэй хосолсон энэ төгрөгийн картаа шууд гадаадад ашиглах боломж нээгдэнэ гэсэн үг. 

-Энгийн, алтан картууд яг юугаараа ялгагдаад байна вэ? ЮнионПэй -ийн картууд ийм төрлүүдтэй юу?

-Энгийн карт, Алтан карт гэдэг нь ерөнхийдөө масс нийтэд зориулсан карт юм. Гэхдээ банкууд Алтан картын хувьд энгийн картаас илүү давуу талыг бий болгож гадаад, дотоодод гүйлгээ хийхэд хөнгөлөлт эдлэх, банкныхаа ВИП хэсгээр үйлчлүүлэх гэх мэт үйлчилгээг санал болгодог.

Мөн илүү өндөр зэрэглэлийн  Платинум, даймонд, инфинити картуудад бэлэн бус төлбөр тооцооноос гадна өөр давхар харилцагчид ашигтай боломжууд их байдаг. Өндөр зэрэглэлийн карт эзэмшигчид гадаадад аялах үед үүссэн эрсдэлээс хамгаалагдах, тусламж авах боломжууд их байдаг.

 

2012 ОНД ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ТӨГРӨГ, ДОЛЛАР, ЮАНИЙН ГУРВАЛСАН ДАНСТАЙ КАРТ ГАРГАСАН

 

-ЮнионПэй картын дэлхий даяарх сүлжээ нь хир өргөн байдаг вэ?

-ЮнионПэй   нь 2014 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар дэлхий дахинд нийт 148 орны 20 сая ПОС терминал, 1.6 сая АТМ төхөөрөмжөөр хүлээн авч үйлчилж байна. Дэлхий даяар нийт 4.5 тэрбум карт эзэмшигчтэй болоод байна.

Гүйлгээний эхний хагас жилийн эргэлт 5.2 их наяд ам. долларт аль хэдийн хүрээд байгаа. 148 улсад гүйлгээ хийж, энэ картыг төлбөрт хүлээж авч байгаа ч жилд дунджаар 10 шинэ улс гишүүнээр нэмэгдэн орж ирж байна. Шинэ улсууд нэгдэж орсны дараа тухайн улсын төв банкуудтай нь холбогдон тэдгээр улсуудын үндэсний цахим төлбөр тооцооны системд нь шууд холбогдон ажиллаж чадаж байгаа тул энэ богино хугацаанд асар өргөн хэмжээг хамарсан картын дэд бүтцийг байгуулаад байгаа хэрэг юм. ЮнионПэй  нь глобаль түвшинд маш өндөр зорилт, амбицтай байгаа бөгөөд тэр хэрээрээ хурдтай ажиллаж байгаа.

-Нэг төлбөрийн картанд 2, 3 данс холбож болдог. Хэдий харилцагч дээр дурдсан төгрөгийн данс бүхий ЮнионПэй   картаар дурын гадаад улсуудад үйлчлүүлж болох боловч ханшийн эрсдэлд орохыг бас хүсдэггүй. Энэ боломж танай карт дээр бий юу?

-2012 онд Худалдаа хөгжлийн банк шинээр ЮнионПэй  карт гаргахдаа Монголд гурвалсан валюттай гэж гаргасан. Төгрөг, доллар, юанийн данс холбож болно гэсэн үг. Харилцагч Хятадад картаа уншуулбал юанийн дансыг нь автоматаар таниад гүйлгээ хийнэ, Монголд бол төгрөгийн дансыг нь, Монгол ба Хятадаас бусад газар картаар гүйлгээ хийвэл ам.долларын дансыг нь шууд уншиж төлбөр тооцоог нь хийдэг гэсэн үг. 

-Дотоодын банкуудтай хамтран ажиллахаас гадна Монголын банкуудын гаргасан ЮнионПэй   картуудыг гадаад улсуудад төвөг багатай, хялбар хэрэглэх боломж, дэд бүтэц дээр нь хир ажил хийж байгаа бол?

-ЮнионПэй байгууллагын хувьд Дэлхийн бүхий л улс орнуудад ЮнионПэй картыг хүлээн авдаг болгох,дэд бүтцийг хөгжүүлэхэд хамгийн их  анхаарч их хүч хөрөнгө зарцуулж ажиллаж байгаа. Мөн Хятад улсын жижиг хот суурин газруудын бөөний төв, зах, жижиг дэлгүүр, хоолны газар, ялангуяа, монголчууд ихээр зорчдог Эрээн, Хөх Хот, Өвөр Монголын аймаг хотууд, Бээжин, Шенжен, Гуанжоу гэх мэт, мөн оросууд их зорчдог Манжуур, Хайлаар зэрэг хотууд дах худалдааны төвүүдийг  ЮнионПэй   картыг уншдаг болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Яг одоогийн нөхцөлд бол манай наймаачид Найман шарга захаас юань худалдаж аваад Эрээн рүү бэлнээр нь аваад ордог. Гэвч хил дээр 20 мянгаас дээш юаньтай явбал хурааж авах хуультай гээд бэрхшээлүүд их бий. Иймээс Монголчууд Эрээнд ЮнионПэй   карт ашиглан худалдаа наймаагаа хийдэг болгохоор сүүлийн 2, 3 жил ажиллаж байна. Зах, дэлгүүрийн лангуу бүрийг нь бид ПОС-жуулахаар ажиллаж байгаа.  Мөн Эрээн хотын АТМ-үүд Монгол хэлтэй болоод эхэлсэн байгаа. Жишээ нь Хятадын Газар Тариалангийн Банкны 10 АТМ монгол хэлтэй болсон байгаа.

Түүнчлэн Эрээн хотод байгаа бүх карт уншдаг байгууллагууд үүдэн дэх таних тэмдгээ Монгол хэлээр, Монгол банкуудын логотой тавьж байгаа. Гадаадад явж байхад АТМ-ээс мөнгө авахад шимтгэлтэйгээс гадна нэг удаад дээд тал нь 3000 юань гардаг. 30 мянган юань авахаар бол АТМ-д картаа 10 удаа уншуулах болдог гээд чирэгдэлтэй байдаг. Энэ асуудлыг бид шийдэхийн тулд Монголын банкуудын гаргасан ЮнионПэй   картнаас Хятадын банкууд дээр очоод хүссэн дүн бүхий мөнгөө бэлнээр авдаг болох ажлууд хийгдээд бараг дуусах шатандаа орж байгаа.

-Танай байгууллага Монгол дахь зорилтот зах зээлээ хэрхэн харж байна вэ?

-Одоо арилжааны банкуудын гаргаж буй Т картыг ЮнионПэй  -ийн дэд бүтэцтэй хослуулаад хэрэглэвэл уг картууд маань шууд олон улсын карт болох юм. Иймээс карт хэрэглэдэг бүх хүн л манай зорилтот зах зээл гэсэн үг л дээ.

-Одоо хэрэглэж буй картаа болиод ЮнионПэй руу шилжсэнээр хувь хүнд нэмж зардал гарах уу?

-Одоо бид гадаад явахдаа аль нэг банкнаас олон улсын картыг 30 орчим ам.доллар төлж авдаг шүү дээ. Т карт ЮнионПэй -тэй хослоод гараад эхэлбэл заавал олон улсын карт авахгүйгээр үнэгүй Т картаа л хэрэглэнэ. Одоо цалин авч байгаа картаа л ашиглана гэсэн үг.  Дурын харилцагч ЮнионПэй-ын картаас сонгож картаа банк дээрээ очоод солиулж болно. Данс нь адилхан, картын дизайн нь л өөрчлөгдөнө гэсэн үг.

-Хятадын эсрэг үзэл гээд л манайхан багагүй шуугидаг. ЮнионПэй брэнд Хятад брэнд тул манай үндэсхэрхэг Монголчуудаас танай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн юмнууд гарах юм уу?

-Иймэрхүү асуудал үүсээгүй. Энэ бол Хятадын бус олон улсын байгууллага. Хятадын шууд төрийн өмчит байгууллага бус тус улсын арилжааны 4 банк, хувь хүмүүс, зарим бизнесийн байгууллагууд хувь нийлүүлэгчид нь. Виза, Мастер, JCB шиг л олон улсын брэнд карт юм.

-ЮнионПэй картын Мастер, Виза, Т карт зэргээс ялгарах ялгаа, онцлогийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-ЮнионПэй картын Мастер, Виза, Т картаас ялгарах нэг ялгаа нь ПИН кодтой. ПОС терминал, АТМ дээр гүйлгээ хийхэд заавал зургаан оронтой ПИН код оруулдаг. Хүний карт зүй бусаар ашиглах эрсдэлээс хамгаалагдсан гэсэн үг. Гадаад, дотоодод картаа хаясан тохиолдолд айх зүйл огт байхгүй. Гэхдээ мэдээж ПИН кодоо бусдад алдахгүй байх, карт дээрээ юм уу түрийвчинд байгаа зүйлс дээрээ тэмдэглэж хадгалахгүй байх хэрэгтэй. Систем нь ямар ч гүйлгээнд пин код шаарддаг учраас энэ төрлийн эрсдэлээс бүрэн хамгаалагдсан гэж хэлж болно.

-Таны цаашдын ажилд бас зорилгод тань өндөр амжилт хүсье! Ярилцлага өгсөн танд баярлалаа!

Б.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж