-БНСУ, Австралийн шигшээ багууд өрсөлдөгчөө хожсоноор хагас шигшээд шалгарлаа. –
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь удаагийн тэмцээн нэгдүгээр сарын 9-31-ний хооронд Австрали улсад зохион байгуулагдаж байна.
Азийн цомын тэмцээний эцсийн шатанд шалгарахаар тус тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Иран, Узбекстан тэргүүтэй шилдэг 16 улсын баг шалгарсан юм. Ийнхүү шилдгүүдийн тулаан Австралид үргэлжилж, өдгөө хагас шигшээд өрсөлдөх багууд эхнээсээ тодроод байна.
Шөвгийн наймын эхний тоглолтууд өчигдөр буюу нэгдүгээр 22-нд болж, БНСУ, Австралийн шигшээ багууд мөнгөн медалийн төлөө тоглохоор шалгарлаа.
БНСУ Узбекстаныг 2:0, Австрали БНХАУ-ын шигшээ багийг мөн 2:0-оор хожиж, хагас шигшээд шалгарлаа. Өнөөдөр Иран-Ирак, Азийн цомын дөрвөн удаагийн аварга Япон-АНЭУ-ын багуудын тоглолт болж, хожсон багууд БНСУ, Австралийн багуудтай тоглох юм.
Шөвгийн найм:
I.22 БНСУ– Узбекстан 2:0
I.22 БНХАУ – Австрали 0:2
I.23 Иран-Ирак
I.23 Япон-АНЭУ
Хагас шигшээ:
БНСУ – (Иран, Иракын хожсон нь)
Австрали – (Япон, АНЭУ-ын хожсон нь)
Энэ тэмцээний цомын эзэн баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын хөлбөмбөгийн холбооны холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Ч.БОЛОР