Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын даргад тайлбар бичиг ирүүлжээ. Б.Сарантуяа шүүгч Авлигын эсрэг хуульд заасны дагуу Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийн тухай тайлбарыг холбогдох газруудад ирүүлж байгаа нь энэ юм байна. Тайлбарт Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дурджээ. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоовол зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй. Эрүүгийн болон Өршөөлийн тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж Ерөнхий шүүгч үзжээ. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл тогтоогдоогүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцалтад буцааж нэмж шалгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзээд Ч.Сангарагчаа, түүний өмгөөлөгч Т.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Д.Сундуйсүрэн, өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ө.Алтангадас, өмгөөлөгч С.Цэдэндамба нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэсэн байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг тайлбарт дурджээ.
Дээд шүүхийн Хяналтын шатанд давж заалдаж болох ч тэнд зөвхөн хуулийг зөв, буруу хэрэглэсэн тухай ярьдаг, ялыг өөрчлөх талаар хэлэлцдэггүй тул хуулийн дагуу эцсийн шийдвэр нь энэхүү тайлбарт дурдсан шийдвэр ажээ. Ийнхүү АТГ-ын удирдлагын гэм буруутай гэдгийг шүүх тогтоон тэднийг ялтан хэмээн нэрлэсэн тул УИХ-аар АТГ-ын шинэ удирдлагыг томилох ажил яригдаж эхлэх нь тодорхой болжээ.
Д.ОЮУН