Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Энэ хэлц үг  хэдий намын уриа боловч одоогийн нөхцөлд хамгийн хэрэгтэй болчихоод байгаа зүйлийг өгүүлснээрээ үнэтэй. Монголчууд маань олуулаа болж, гурван сая дахь иргэнээ угтах гэж хүлээж байгаа мөчид эв нэгдэл гэгч эрхэм зүйлийг үгүйлэх болсон нь харамсалтай.  Сүүлийн үед эвлэж нэгдсэнээсээ илүүтэй тарж бутарсан, талцаж муурхсан талаарх мэдээлэл тасрахаа болив. Ялангуяа улс төрийн хүрээнд нам хүчин, анги бүлгээрээ төдийгүй өмсдөг эдэлдгээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авлаа. Багагүй хугацаанд маргалдаж мэтгэлцэн байж  бүрэлдсэн Шийдлийн Засгийн газар ажлаа эхэлмэгц яам, тамгын газрынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах болов. Шинээр томилогдсон сайд нар салбараа төвхнүүлэхээр яарахын оронд яамны бүтэц, бүрэлдэхүүнийг өөрийн хүнээр бүрдүүлэх, ажилтан албан хаагчдыг намын харъяалал хийгээд хэнийг дэмждэг, хэний хүн болохыг нь судалж, өөрийн биш хүнийг халж солихоос ажлаа эхэлжээ. Энэ гаж үзэгдэл эртнээс улбаатай. Тиймээс ч залуус мэргэжил, мэдлэгээрээ уралдахын оронд хэн нэг эрх мэдэлтний гарын хүн болохыг илүүд үзэх болсон. “Тэр чинь тэр дарга, энэ сайдын хүн” гэсэн албан бус тодорхойлолт ямар ч их дээд сургуулийн диплом, ажлын туршлага мэдлэгээс илүү ажил, амьдралын баталгаа болж байна. Даргынхаа цүнхийг барьж, хувцсыг нь тэвэрсэн тэр хүмүүс эгэл олны нүдэнд ихэд инээдтэй харагддаг ч нэг л мэдэхэд гадаад улсыг зорих буюу аль нэг ашигтай бизнест хөл тавьчихсан байх нь бий. Одоогийн төрийн түшээдийн морин жолооч, нарийн бичиг, бие хамгаалагч нараас томоохон бизнесмэн, эрх мэдэл бүхий албан тушаалтан, комиссарууд цөөнгүй төрсөн. Хотын мэр асан нэгэн эрхмийн жолоочийн эхнэр дүүргийн газрын алба ахалж буй жишээ ч бий.

Хэн нэгний нэр өмнөө зүүж, нэргүй зарц нь болж гүйсэн олон арван төрийн албан хаагч өнөөдөр халаа сэлгээний золиос болж байна. Нэг яамнаас л гэхэд 30-40 хүн “Хүний хүн” гэх тодотголтойгоор ажлаасаа халагдаж байна. Хамгийн түрүүн хүний жолооч, нарийн бичиг, нярав, нягтланг ажлаас нь халдаг гэнэ. Араас нь хэвлэлийн төлөөлөгч, албадын дарга нарыг нь сольж байх жишээтэй. Учир нь тэд бүгд хүний хүмүүс. Тэдний оронд шинээр томилогдсон  сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг нар цөм өөрийн хүмүү­сээ дагуулан ирнэ. Халагдсан хүмүүс эрхийнхээ дагуу төр засгаас гэнэт халагд­саны мөнгөө нэхэж л таараа. Хүн бүрт 76 хоногийн цалинтай дүйх хэмжээний мөнгө өгөхийн дээр шинээр ажилд орсон хүмүүсийг цалинжуулах нь мэдээж. Нөгөөх хэмнэж гамнах гээд байгаа төсвийн хөрөнгө мөнгө энэ мэтээр үргүй урсаж, хүн зоны эв нэгдэл тэр хэрээр цууран сэвтэж байгааг мэдэж мэдэрдэг соргог нүд, чих өнөөдөр л лав алга.

Урьд цагт хүмүүсийг салбараар нь, ажлын туршлагаар нь, хийсэн бүтээсэн үйл хэргээр нь нэрлэж, үнэлдэг байсан сан. Гэтэл одоо хэн гээч эрх мэдэлтэн, дарга сайдыг дагалддагаар нь ялгамжлан зэрэглэх болжээ. Монгол Улс гэх нэгэн цул бөмбөлөг яам, тамгын газар, дарга сайд нарын тоогоор таран бутарч байна. Аж амьдралаа залгуулахын тулд хүмүүс “Хүний хүн” болохын төлөө уралдацгааж байна. Даргынхаа өмнөөс дааж давшгүй ачаа үүрэн шаналж, орон шоронд хүртэл орно гэдэг хүсмээр тавилан биш.  “Төрийн түмэн мэлмий тунгалагшиж, хэний ч хүн биш хэрнээ сайхан амьдрах боломж олгооч” хэмээн хүний хүн байхын “жаргал”-ыг эдэлж, бас зовлонг амсаж яваа олон арван хүмүүсийн өмнөөс залбиръя.

Харин бичлэгийнхээ төгсгөлд эвтэй бол хүчтэйн жишээг  дурдмаар санагдлаа. Жишээг холоос биш ойроос хайя л даа. Одоогоос яг сарын өмнө Хойд туйлыг  нохойн чаргаар туулах азтан шалгаруулах үед гуравхан сая монголчууд хичнээн хүчтэйг дэлхий нийт харсан. Хойд туйлын цасан дундуур 300 км зам туулах “Fjallraven Polar-2015”  уралдаанд орохоор дэлхийн өнцөг булан бүрээс мянга гаруй оролцогч бүртгүүлсэн юм.  Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөх тус тэмцээнд тусгайлан бэлтгэсэн тамирчид биш харин та бидний ижил жирийн хүмүүс оролцдог онцлогтой. Монголоос маань “Цэнхэр үст”  Э.Цэрэн бүртгүүлж, интернэтээр хамгийн олон санал авч, ялалт байгуулсан билээ. Э.Цэрэнтэй сүүлийн мөч хүртэл эн тэнцүү уралдсан Пакистаны оролцогч Мойн Хаан эх орон нэгтнүүдээ “Пакистанчууд  Монголчуудад ялагдах гэж үү?” хэмээн уриалсан бол “Гурван сая хүнтэй Монгол Улс 182 сая хүн амтай Пакистанаас илүү эв нэгдэлтэй байж чадах уу?” гэсэн сорилт бидний өмнө тулгарсан. Бид чад­сан. Эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харуул­­сан. Ирэх дөрөвдүгээр сард Э.Цэрэн бүсгүй Хойд туйлын аялалдаа гарна.

Бас нэгэн жижиг боловч гэрэл гэгээ цацруулсан жишээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 90 настай С.Хорлоо эмээд тусалсан залуусыг нэрлэмээр байна. Монгол тусгал ТББ-ын залуус насан өндөр нэгэн буурайн тухай анх мэдээлж, түүнд туслах аяныг фэйсбүүкээр өрнүүлсэн. Аян амжилттай өрнөж, хөөрхий настан тохилог сууцтай болсон төдийгүй төрснөөс ялгаагүй хуурай охид, хөвгүүдээр хүрээлүүлсэн. Хүчээ нэгтгэвэл юүг ч бүтээж болно гэдгийг дээрх хоёрхон жишээнээс харж болох билээ.

Д.ЦЭЭПИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж