Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх хуулийн төслийг УИХ өнөө маргаашдаа хэлэлцэж батлах болов уу гэсэн хүлээлт байна. Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр, мөн автобензин, дизелийн түлшний ОАТ-ыг 228 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр гишүүн С.Ганбаатар нарын гаргасан санал УИХ дээр 78,7 хувиар дэмжигдэв. Түүнчлэн одонтой ээжүүдийн мөнгийг, жирэмсний тэтгэмж, хүүхдээ харсан эхчүүдэд өгдөг халамжийг хэвээр үлдээхээр боллоо. Мөн дэд сайдыг чөлөөлөх санал дэмжигдсэн нь нэлээд маргаан дагуулах бололтой. Уг нь парламент дэд сайдыг члөлөөлөх шийдвэр гаргаснаар олон нийтийн дэмжлэгийг хүлээх магадлал өндөр боловч энэ нь төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг учир шууд дэд сайдуудыг чөлөөлсөн гэж үзэх нь тохиромжгүй юм.
Эдийн засгийн хямралтай үед төр хамгийн түрүүнд цомхон бас чадварлаг болох ёстой. Тиймээс дэд сайдуудыг цомхотгосон нь тэвчиж болох хамгийн зөв таналт байлаа. Ийнхүү сар хүрэхгүй хугацааны өмнө “бялуу” хүртсэн дэдүүд хэргээ ч гаргаж чадалгүй төрхөмдөө буцахаар болж магадгүй нь. Өнөөдөр энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Энэ оны төсөвт 900 тэрбумын хэмнэлт хийнэ
Засгийн газраа огцруулсан УИХ хугацаандаа амжихын тулд 2015 оны төсвийг батлахдаа гурилдаад өнгөрсөн юм. “Хаая” гэх хүнгүй бодлогоо хамгаалах эзэнгүй төсөв батлагдсантай холбоотойгоор Шийдлийн Засгийн газар шинэ тодотгол оруулахаар шинэ жилийн баярын өмнөхөн 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-д өргөн барьснаар өнөөдрийн хувьд олон нийтийн анхаарлыг татсан гол сэдэв болж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэвшүүлсэн гол гурван зорилгоо биелүүлэхийн тулд энэ оны төсөвт тодотгол хийхдээ 900 тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээ зарласан. Ерөнхий сайдын зүгээс төрийн албан хаагчдын 12-36 сарын тэтгэмжийг 12 сар болгон тэгштгэх, нэг саяас дээш орлоготой айл өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгохгүй байх, 0-18 насны одонтой ээжүүдэд одонгийн мөнгийг нь өгөх зэргээр хэмнэлт хийхээ зарласан нь эдийн засгийн хямралаас болж цалин, тэтгэвэр нь цаас болсон иргэдийн бухимдал дээр тос нэмсэн үйлдэл болсон билээ. Зарим нэг нь ч жагсаал, цуглаан болж уур бачимдлаа гаргав. Ингэж байж эдийн засгаа хөл дээрээ босгох Шийдлийн Засгийн газрын шийдвэрийг парламентад буудалтай бүх намуудыг бүлэг дэмжихгүй байгаа.
Гэвч, эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Бодлогын төвшинд парламентад суудалтай бүх намууд хамтарсан болохоор одоогоор бүлгүүдийн шийдвэрт баярлах нь эртэднэ.
Оюутолгойн хүлээлт алсарсан, хэдийгээр Тавантолгойг эдийн засгийг эргэлтэд оруулах ажил эрчимтэй өрнөж байгаа ч энэ онд эдийн засаг сайжрах хандлага одоохондоо харагдахгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр жилийн дотор 4-5 тэрбум доллараас 845 болтлоо шалдаа буусан нь 2015 оны төсвийн орлогыг илүү бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үнэн.
Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болохоор батлагдсан. Тэгвэл Шийдлийн Засгийн боловсруулснаар 2015 оны төсвийн төслийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 358.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 6.612.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 402.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 7.815.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,202.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5 хувьтай, улсын өрийн нийт хэмжээг ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцүү байхаар тооцож, төсвийн төслийг өөрчлөн боловсруулаад байгаа юм. Засгийн газрын таналтын бодлогыг хэрэв УИХ дэмжвэл төсвийн дарамт нэг их наядаар хөнгөрөх юм.
Зээл татах эрхгүй Засгийн газар
Төсвийн тодотголтой зэрэгцээд улайсан данс хүлээж авсан Засгийн газар эдийн засгийн эргэлтийг сайжруулах, долларын ханшийг тогтворжуулах үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн таазыг 70 хувьд нэмэх хүсэлт тавьсан ч бүлгүүдийн дунд багагүй маргалдсаны эцэст УИХ-ын гишүүдийн 90.2 хувийн саналаар Монгол Улсын гадаад өрийг ДНБ-ийн 58.3 хувьд хүргэх зөвшөөрлийг Ч.Сайханбилэгийн танхимд олголоо. Ингэснээр гадаад зах зээлд бонд гаргах, мөнгө татах, зээл авах боломжгүй болж байгаа юм.
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай зэрэгцээд зарим нэг татварын нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа Засгийн газар мэдэгдээд байгаа. Хөрөнгийн албан татвар болон бууны татвар, малын хөлийн татвар, машины татварыг нэмэхгүй гэж бүлгүүд үзсэн.
Тэвчиж болох зардал ба нэмж болох татвар
Дэд сайдуудаас гадна төсвөөс тэвчиж болох нэг зардал бол төрийнхний хүртдэг элдэв янзын урамшуулал. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төрийн албан хаагчдын 12-36 сарын тэтгэмжийг 12 сар болгох тэгшитгэх нь тэвчиж болох зардал юм. Тэгвэл нэмж болох татвар бол Хөрөнгийн албан татвар болон Малын хөлийн татвар.
Хөрөнгийн албан татвар, Малын хөлийн татварыг нэмэх Засгийн газрын бодлого цаашдаа эдийн засгийн бааз суурийг нэмэх, нөгөө талаасаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөсийг хагалах, тэнгэрт хадсан махны үнийг буруулах хөшүүрэг болох юм. Гэвч, манай олон гишүүн малын хөлийн татварыг нэмэхтэй холбоотойгоор матрын нулимс унагав. Сайндаа ч юм биш л дээ, жил хагасын дараа болох сонгуулиа л бодож байгаа богино улстөр юм. Зарим гишүүн малын хөлийн татварыг сум орон нутагт нь үлдээх хэрэгтэй гэв. Хүн нь жилээс жилд цөөрсөөр байгаа суманд энэ мөнгөөр ажлын байр бий болгоно гэж лав байхгүй. Дээр нь цөөхөн хүүхэдтэй хэрнээ хэдэн давхар цэцэрлэг сургуулийн тоо хөдөөд нэмэгдэх, сумын Засаг даргын хөрөнгө зузаарах нэг сайхан далим болох нь гарцаагүй. Сум орон нутгийн мэдэлд, малын хөлийн татварыг үлдээж байснаас бүр аваагүй нь дээр биз. Уг нь улсын төсөвт хуримтлаад эргээд үүнийг л үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, ядаж л энэ салбарт ажлын байр бий болгох гэхчилэн олон зүйлд зарцуулж болмоор.
Иймэрхүү, алаг цоогтой, сайтай муутай төсвийн тодотголыг УИХ дээр ид хэлэлцэж байна. Эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хийнэ.
Ж.НЯМСҮРЭН