MCS групп ээлжит тэтгэлгээ гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

MCS групп ээлжит тэтгэлгээ гардуулав

Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилготой М-Си-Эс Групп сурч мэдэх, сайн мэргэжилтэн болох чин хүсэл тэмүүлэлтэй, шилдэг тэргүүний оюутан залуусыг дэмжих зорилготой ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийг нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд найм дахь удаагаа зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”–ийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлогтой бөгөөд тус группын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг хэсэг юм. Энэ жилийн хөтөлбөрийн мэдээллийг уламжлал ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болон сургуулиудын сургалтын албадаар дамжуулан өргөн хүрээтэй зарласан ба нийт 22 их, дээд сургуулийн 420 гаруй оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцон 3 үе шаттай шалгаруулалтаар СЭЗДС, МУИС, ШУТИС, АУШУИС, Мандах бүртгэл, Зохиомж зэрэг их, дээд сургуулиудын шилдэгийн шилдэг 30 оюутан шалгарсан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд 2011-2012 оны хичээлийн жилийн турш 800 мянган төгрөгийн ТЭТГЭЛЭГ авах, М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын ДАДЛАГА хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах УРИЛГА авах гэсэн 3 давхар боломжоор хангагдаж байгаа юм.

М-Си-Эс Групп оюутныг ивээн тэтгэх хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэнээс хойш нийт 200 гаруй оюутан сургалтын тэтгэлэгт хамрагдаж, өнөөдөр олон шилдэг залуучууд тус группын компаниудад амжилттай ажиллаж байгаа нь энэ хөтөлбөр ирээдүйтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх, ажлын байраар хангахад бодит хувь нэмэр оруулж байгаагийн илрэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж