Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Швейцарийн Давос хотноо үргэлжилж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтан дээр ОХУ-ыг буруутган шүүмжиллээ. Пётр Порошенко Украины зүүн хязгаарт ОХУ-ын 9000 цэрэг салан тусгаарлагчдын ар тал болж байна хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр өнгөрсөн есдүгээр сард Беларусын Минск хотод байгуулсан гурван талт энхийн гэрээг биелүүлэхийг ОХУ-аас шаарджээ. Олон орны төр, засгийн тэргүүн, бизнесменүүд цугласан эдийн засгийн форум дээр Пётр Порошенко ийн ОХУ-ыг буруутгасан аж. Үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нотолгоо шаардсан байна. Сергей Лавров “Хэрэв та нар тийм итгэлтэй байгаа юм бол нотолгоогоо үзүүл. Гэхдээ хэн ч нотолгоо үзүүлж чадахгүй. Нотлохыг ч хүсэхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Өмнө нь Брюссель хотноо НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Барууны холбоотнууд Украин дахь ОХУ-ын цэргүүдийг хэдэн сарын турш ажиглаж байгаа бөгөөд сүүлийн үед танк, миномёт харвагчийн тоо нэмэгдсэн хэмээсэн аж.
Эх сурвалж:Reuters
Б.АНХТУЯА