Хайрт аав, хань, дотнын хүн Ч.Болд 2011 оны тавдугаар сарын 25-нд хүнд өвчний улмаас нас барж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Аав маань 1943 оны наймдугаар сарын 20-нд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт В.Лхагважавын гэрт тав дахь хүү нь болж төрсөн боловч 1947 онд С.Чойжилжавынд үрчлэгджээ. 1951-1961 онд нийслэлийн 6, 18 дугаар дунд сургууль, 1961-1967 онд Москва хотын гадаад хэлний дээд сургуульд тус тус суралцан төгсч, улаан дипломтой англи, орос хэлний орчуулагч-референт болсон байна. Мөн 1983-1985 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат Академийг дүүргэжээ.
Тэрээр 1967-1973 онд НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, 1973-1978 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-нд гуравдугаар Нарийн бичгийн дарга, 1978-1980 онд МАХН-ын Төв Хорооны гадаад харилцааны хэлтэст зааварлагч, 1980-1983 онд Нью-Йорк дахь НҮБ-н дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газарт хоёрдугаар Нарийн бичгийн дарга, 1983-1989 онд НАХЯ-ны УАХЕГ-т хэлтсийн дарга, 1989-1991 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 1996-1997 онд Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 1999 онд МАХН-ын Төв Хороонд зөвлөх, 2000 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2001-2005 онд Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажилласан бөгөөд мөн Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт, Оман, Израиль Улсад элчин сайдаар хавсран ажиллажээ.
Төр засгийн өндөр албан тушаал хашиж байхдаа онол, практикийн өргөн мэдлэг, аливаа ажилд хариуцлагатай, санаачлагатай хандах, зохион байгуулах чадвар, туршлага, улс орныхоо эрх ашгийг дээдлэн хамгаалах зэргээрээ шалгарсан ажилтан байлаа. Түүний гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Онц бөгөөд бүрэн эрхт Элчин” дипломат цол олгожээ. Түүнчлэн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын хүндэт ажилтан цолтой бэлтгэл хурандаа байсан юм.
Аав минь гэр бүл, үр хүүхдээ анхааран халамжилдаг итгэлт сайн хань, энэрэлт аав байсан бөгөөд хамт олон, анд нөхдийнхөө дунд нэр хүндтэй, шулуун шударга хүн байлаа.
Түүний шударга зарчимч, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар үр ач, хань ижил, найз нөхөд дотнын бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.