Гишүүдийн дугаараас SMS илгээсэн хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Гишүүдийн дугаараас SMS илгээсэн хэрэг юу болов?

Өнгөрөгч 2014 оны аравдугаар сарын 23-ны шөнөөс эхлэн “Хятад царигаар хилээ сэтлүүлж Bank of China-гаар барьцаалан, гадныханд газраа 100 жилээр эзэмшүүлэхэд та саналаа өгөөрэй” гэх утгатай мессеж УИХ-ын гишүүдийн гар утасны дугаараас иргэдийн утсанд ирж, дуулиан тарьж байсан. Тухайн өдөр УИХ-ын чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх байсан юм. Өөрөөр хэлбэл, удтал маргаан дагуулсан төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг шийдсэн өдөр гишүүдийн дугаараас мессеж  илгээсэн нь олны анхаарлыг татаж байв. Энэхүү мессежийг хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа болон холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг даалгаж байсан. Энэхүү үйлдлийг шалгах явц ямар шатанд явж байгаа талаар Тагнуулын Ерөнхий газраас тодруулахад “Бид  асуудлыг шалгаад УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлсэн. Тэндээс мэдээлэл авсан нь дээр” гэх хариулт өглөө. Харин Мобиком корпорацийн Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Э.Чинзоригоос тодруулахад “Бидэнд энэ талаарх мэдээллийг өгөх үүрэг байхгүй. Гэхдээ бидний зүгээс шаардлагатай мэдээллийг гаргаж өгч ажилласан. Асуудлыг шалгасан хуулийн байгууллага нь тайлангаа УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд тавих ажил үлдсэн байх. Олон улсын сүлжээгээр дамжаад орж ирсэн. Хүлээн авч байгаа болон SMS илгээж байгаа дугаар нь Монгол Улсад бүртгэлтэй найман орон тоотой дугаар байвал мессеж явуулчихдаг. Цаад хүмүүсийнх нь ашиглаад байгаа программ нь өөрийнхөө жинхэнэ дугаарыг нууцалж, өөр хүний дугаараас очиж байгаа мэтээр харагдуулж байна гэсэн үг. Энэ бол ямар нэг байдлаар хэрэглэгчийн мэдээллийг задруулсан асуудал биш. Бидний зүгээс дахин ийм асуудал гаргахгүйн тулд гаднаас олон удаагийн давтамжтай ирж байгаа SMS-ийг блоклох арга хэмжээ авч байгаа” гэх хариулт өглөө.

Тухайн үед Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн, УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн учир шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохоо мэдэгдэж байсан юм. Гэвч уг асуудлыг шалгасан Тагнуулын Ерөнхий газар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлсэн гэх нэрийдлээр мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү “Надад мэдээлэл ирээгүй. Би мэдэхгүй. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн л мэдэх байх” гэх хариултаар ам таглав.

Өөрийнхөө дугаараас мессеж авсан болон хэн нэгнээс дарамталсан өнгө аястай мессеж  хүлээн авсан УИХ-ын гишүүдийн тоо 44-д хүрсэн талаар эх сурвалж мэдээлж байсан юм. ТЕГ-ыхан УИХ-ын гишүүд тойрсон өдөөн хатгалгийн мессэжүүдийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон гэх мэдээлэл ч гарч байсан. Гэхдээ энэхүү мэдээлэл өнөөдрийг хүртэл батлагдаагүй, холбогдох эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзсаар  байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж