Тун удахгүй тэнгэрийн ташуур театрын тайзнаа бууна. Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан ДБЭТ Атилла хааны тухай “Тэнгэрийн ташуур” балетийг бүтээж байгаа юм. Ирэх долдугаар сарын 3-нд нээлтээ хийх бөгөөд энэ үзвэрийн жилийн хамгийн сүүлийнх нь тоглолт болох юм.
Тус театрын хөгжмийн редактор, ахмад балетчин А.Батдэлгэр шинэ балетийн хөгжмийн зохиолч нь болоод балетмейстр нь. Өөрөө хөгжмийг нь бичээд, бүжгээ мөн дэглэн найруулж байгаа гэсэн үг. Тэрбээр энэ бүтээлээ гурван жилийн өмнөөс туурвиж эхэлжээ.
“Тэнгэрийн ташуур”-ыг үзэгч олноо толилуулчихаад ДБЭТ наадмын концертийн бэлтгэлдээ орно. Харин ирэх үзвэрийн жилийн хамгийн эхний хөшгийг Канадын модерн бүжгийн хамтлагийн тоглолт нээнэ. Үзвэрийн жилийн албан ёсны нээлт харин “Аида” дуурь байх юм.