Үйлдвэрлэсэн огноог үнэн зөв бичихийг сануулав

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэсэн огноог үнэн зөв бичихийг сануулав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баярыг угтан хэвийн боов үйлдвэрлэгчдэд хандан санамж гаргажээ. Цагаан сараар айл болгон идээ засдаг хэвийн боов болон бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар МХЕГ-аас үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна.

Үүнд:

  1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх;
     
  2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг  нэвтрүүлэх;
     
  3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагадаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангиллаар зөвшөөрөгдсөн эсэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь стандартаас хэтрээгүй эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;
     
  4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх  журмын мөрдөлтөд хяналт тавьж бүртгэл хөтлөх;
     
  5. Бэлэн бүтээгдэхүүний шошгод “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тухайн бүтээгдэхүүний оноосон нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа буюу хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, найрлага, тэжээллэг чанар, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал, хүнсний нэмэлт бодис агуулсан бол олон улсад хэрэглэдэг Е код зэрэг мэдээллүүдийг, бууз, баншны шошгод махны төрлийг тодорхой тусгах; 
     
  6. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу бүртгэл хөтлөх;
     
  7. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;
     
  8. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах,  магадалгаа гаргуулж хяналт тавих;
     
  9. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтныг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;
     
  10. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшлийн талаарх мэдлэгийг олгож, үйлдвэрлэлд чанд мөрдүүлэх;
     
  11. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгод бичихийг хориглох;

 Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж