“AirAsia” компанийн “QZ8501” нислэг Ява тэнгист унаж сүйрэхээсээ өмнө хэт хурдтайгаар дээшилж өндөр авсан хэмээн Индонезийн тээврийн сайд Игнасиус Жонан мэдэгдлээ. Радарын мэдээллээс харвал “Airbus A320-200” онгоц шуургыг тойрч гарахын тулд минутанд 1828 метр дээшилж, огцом өндөр авсан аж. Игнасиус Жонаны мэдээлснээр зорчигч тээврийн онгоцны хувьд өндөр авах дундаж хурд нь минутанд 300-400 метр байдаг гэнэ. “Airbus A320-200” онгоц Индонезийн нислэгийн удирдлагын төвтэй холбогдон шуурганаас бултахын тулд өндөрөө нэмэх хүсэлт тавьсан аж. Гэтэл нислэгийн удирдах төвөөс хараахан зөвшөөрөл өгч амжаагүй байтал “QZ8501” нислэг радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарчээ.
Индонезийн Жакарта хотноо “Airbus A320-200” онгоцны сүйрлийн талаар парламент сонсгол үргэлжилж байна. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн билээ. Нислэгт 162 хүн зорчиж явсны 53-ынх нь цогцсыг Ява тэнгисээс олж гаргажээ. Индонезийн албаныхан сүйрсэн онгоцны хоёр хар хайрцгийг олж гарган шинжилж буй юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС