Ц.Сэвжидийн нэрэмжит уралдааны эцсийн шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Ц.Сэвжидийн нэрэмжит уралдааны эцсийн шат эхэллээ

Монголын
урлагийн түүхэнд бүжгийн урлагийг шинэ шатанд гаргаж, өөрийн гэсэн зам,
мөрөө үлдээсэн, “Монгол бүжгийн хаан” хэмээгддэг зууны манлай бүжиг
дэглээч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг
дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан”-ны эцсийн шатны
шалгаруулалт өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. Дархан хот
байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Дархан-Их Урлаг” цуврал
тоглолтын хүрээнд тус уралдааныг Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл
дор  Залуучууд театрт зохион байгуулж байна. Ц.Сэвжидийн улсын анхдугаар
уралдаан 1996 онд болж, 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байсан бол 2005
онд 150 гаруй уран бүтээлчид оролцож байжээ. Зургаан жил тасалдаад
байсан энэхүү уралдааныг Монголын урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул
аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ ивээн тэтгэж “Дархан-Их урлаг”
үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа юм. Цаашид Ц.Сэвжидийн
нэрэмжит улсын уралдааныг Дархан-Уул аймаг дөрвөн жил тутамд ивээн
тэтгэж явуулж байхаар болжээ.

Дэглээчийн уран бүтээлийн гол
сэдэв нь малчин ардын ахуй амьдралаас урган гарсан байдаг бөгөөд тэр
амьдралыг гярхай харж, жижигхэн зүйлээр хэнд ч ойлгогдох уран сэтгэмжийг
гаргаж чаддаг авьяастан билээ. Түүний бүжгүүд нь дэглээчийн ур ухаан,
уран сэтгэмжээр бүтээсэн уран зураг гэлтэй Ц.Сэвжид агсны агуу их авьяас
үеийн үед өвлөгдөөсэй гэсэн сэтгэлээр энэ уралдааныг зохион байгуулж
байгаа ба залуу бүжигчдийг дэмжих, олонд таниулахад уралдааны зорилго
оршжээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалтад 21 аймаг, нийслэлийн
270 гаруй мэргэжлийн бүжигчид оролцсоноос  хоёрдугаар дугаар шатанд 
172 оролцогч авьяас чадвараа сорихоор шалгараад байна. Тус уралдаанд
Монголын бүжгийн урлаг дэлхийн төвшинд хэдийнэ хүрснийг нотлох
ирээдүйтэй бүжигчин, бүжиг дэглээч олон байна гэдгийг ерөнхий шүүгч
МУАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, бүжгийн нийгэмлэгийн тэргүүн
Ч.Даваасүрэн онцолж байлаа. Энэ удаагийн наадамд ҮДБЭЧ, БЦДБЭЧ гээд олон
газар бүжигчдээ хангалттай сайн бэлтгэж оролцуулжээ. Уралдааны ерөнхий
шүүгчээр  МУАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, бүжгийн нийгэмлэгийн
тэргүүн, Улсын филормонийн дарга , соёлын тэргүүний ажилтан Ц.
Даваасүрэн,  Төрийн шагналт, бүжиг дэглээч Урлагийн гавъяат зүтгэлтэн
С.Сүхбаатар, Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч, соёлын
тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Н.Оюун, СУИС-ийн
Бүжгийн тэнхимийн эрхлэгч урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг,
Монголын Бүжгийн урлагийн зөвлөлийн тэргүүн, “Сарны чулуу” чуулгын
дарга, Соёлын тэргүүний ажилтан Ч.Саранчимэг нар ажиллаж байна.
Уралдаан хоёр хоног үргэлжилж, маргааш шилдгийн шилдгүүд тодорно.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж