Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын “Монгол кино сайжрах уу” гэсэн нийтлэл гарч, уншигчдын анхаарлыг ихэд татсан.

Энэхүү нийтлэлээс үүдэн найруулагч А.Миеэгомбын бичсэн дараагийн бичлэгийг хүргэж байна.

Нийтлэл
маань хүнд хүрчээ. Гарсан даруйдаа уншигчдын зүгээс сайлах, муулах
өчнөөн бичлэгүүд нийтлэлийн маань дор нэмэгдсээр байгааг хараад үнэхээр
их баярлалаа. Тэр өдрийнхөө хамгийн их уншигчтай, бас хамгийн их
сэтгэгдэлтэй нийтлэлээр шалгарсанд сэтгэл хангалуун байсан шүү. Хүмүүс
магтаал хүсдэг бол би түүнээс илүүтэйгээр шүүмжлэл хүсдэг. Миний
нийтлэлийн юу нь дутагдалтай болов? Хүмүүс юунд нь илүү их эмзэглэж,
юунд нь илүү их шүүмжлэлтэй хандаж байна гэж сонирхов. Олон зүйл бичжээ.
Юутай ч муулсан, сайлсан бүгдэд нь баярлалаа. Үүн дотроос Тунгалаг. Д
гэгч уншигчийн сэтгэгдэл үнэхээр сонирхолтой, бас тун сайхан зөвлөмж
байсныг дурьдах нь зүйтэй. Тантай санал нэг байна. Хэдийгээр би “нам
засаг” гэж хуучинсаг бөгөөд ёжтой үг хэрэглэсэн боловч энэ нь цаад
утгаараа бүхний мэдэх манай төр засгийг хэлсэн хэрэг. Зарим уншигчийн
бичсэн шиг “…Юм л бол төр засгаас ямар нэг зүйл нэхэх юм” гэсэн
шүүмжлэлтэй харин би огтхон ч санал нийлэхгүй байна.

Кино
урлагийг заяа нь мэдэг гээд урсгалаар нь зөнд нь орхивол өдгөө та
бүхний муулаад, шүүмжлээд байгаа мөнгөний кинонцорууд олшрохын дохио.
Толгойтой, мөнгөтэй болгон нь кино хийх нэрийдлээр урлагийг яаж
завхруулж болдгийг өнгөрсөн дөрвөн жил дэлгэцнээ гарсан кинонууд дотор
тууж яваа кино нэрт зарим зохиомжуудаас харж болно. Монголчууд их
сандруу улс. Зах дээр оймс сайн гүйж байна гэж сонсвол бүгд Эрээн лүү
давхилдацгаагаад л, яг адилхан оймс хэдэн саяар нь оруулж ирдэг. Дараа
нь оймсны үнэ навс унахаар нь сэтгэлээр унаж баахан архидаж байгаад өөр
“цөм” авч байгаа бизнес хөөдөг сонин хүмүүс. Яг үүн шиг кинонд ч гэсэн
өнгөрсөн хэдэн жил ингэж хандлаа.

Манай
С. Баттулга, Ц. Ганбат ах, Д. Золбаяр ах бид нарын хамтарч хийсэн “Ийм
нэгэн дурлал” гэж залуусын сэдэвтэй, инээдмийн кино анх дэлгэцэнд
гарангуутаа (2007 онд) санаанд оромгүй ашиг болж байсныг би санаж байна.
Эргээд бодоход манай 10 жилийнхэн болон оюутнуудад залуусын сэдвээр
хийгдсэн иймэрхүү кино ус агаар шиг хэрэгтэй байсан яг тэр үед нь бид
энэ киногоо хийж гаргасан байдаг юм. Гэтэл энэ сураг студитэй бүхний
чихийг дэлдийлгэж, шуналыг хөдөлгөж эхэлсэн гэхэд болно. Чухам үүнээс
хойш цөөн хэдэн цаасаа овоохон өсгөчих гэсэн олон олон компанийн
захирлууд яг өнөө оймсны бизнес лугаа адил арилжааны кинонд мөнгө
төгрөгөө харамгүй цацаж, сандарцгааж эхэлсэн. Харин үүний дараа олонхи
нь шатаж, цөөн хэд нь зардлаа чүү ай нөхөж, учир мэддэг зарим нь ашигтай
хоцорч чадсан. Энэ солиормоор буухиа одоо хүртэл үргэлжилсээр байна.
Гэхдээ оргил үеээ хэдийнэ өнгөрөөж, уналтынхаа байдал руу явж байна.
Сайн хэрэг. Одоо л нэг арилжааны кино хийцгээдэг залуу киночид бид
“Үзэгчдэд чухам юу хэрэгтэй байна? Тэд ямар сэдвийг, ямар үйл явдлыг
сонирхож байна, бид киноныхоо хийцийг, чанарыг, техник технологийг яаж
сайжруулах вэ?” гэдгийг эрүүл саруул ухаанаар, зөв өнцгөөс нь, бодит дүн
шинжилгээ хийж харах боломжтой болж байх шиг байна.

Аливаа
юм бүгд хоёр талтай. Арилжааны киноны нөгөө нэг тал нь арилжааны бус
урлагийн тал руугаа илүү ойртсон “өөр” кинонууд байдаг. Хүмүүс энийг
заримдаа “арт хаус” ч гэж ярина, зарим нь урлаг талын кино ч гэж ярьдаг,
би бол “арилжааны бус кино” гэж ойлгодог. Ер нь янз бүрээр л ярьдаг юм.
(Магадгүй урлаг судлаачид нь энэ талаар бичвэл илүү дэлгэрэнгүй,
аятайхан бичих биз) Ийм төрлөөр кино хийж байгаа залуучууд манайд
нэлээдгүй бий. Ж. Жамъянсүрэн, Ж. Сэнгэдорж,              З. Батболд, Н.
Наранбаатар, Б. Ганболд, С. Баттулга, Б. Чингүүн гэх мэт, аа харин дунд
насныхнаас Д. Төрмөнх, С. Бямба, Б. Пүрэвдорж, Д. Золбаяр, Ч.
Ганзориг,                        Б. Амарсанаа, Ш. Доржсүрэн, Ц. Ганбат,
Т. Аянга, Р. Мөнхсайхан (манайхны мэдэх өнөө Рок Мөнхсайхан ах) гээд
дурьдаад байвал бас нилээн урт жагсаалт гарна.           

 (Ер нь ч
арилжааны кино хийдэг бид сэтгэлийнхээ мухарт арилжааны бус кино хийх
далд бодол бас тээсээр явдаг юм) Төсөв мөнгөний хувьд, үзэж буй
үзэгчдийн хувьд хамгийн эрсдэлтэй бөгөөд аз туршсан төрөл бол киноны энэ
төрөл яахын аргагүй мөн. Ялангуяа киноны хоёрдогч зах зээл нь огтхон ч
бүрэлдэж чадаагүй, хөгжөөгүй манай улсын хувьд энэ бүр ярвигтай эд. Ер
нь ч дэлхий даяар нийтлэг жишигтэй дээ. Урлаг талдаа ойрхон кино ашиг
орлогоороо арилжааны киног хэзээ ч гүйцдэггүй. (Маш цөөхөн тохиолдолд
давж байсан байдаг)

“Киног
кино театрт л жинхэнэ утгаар нь үздэг” гэдгийг хүмүүс надаар
хэлүүлэлтгүй мэдэх биз. Гэтэл Монголын кино театрын хамгийн идэвхитэй
үзэгчид хэн байдгийг та мэдэх үү? Нийт үзэгчдийн бараг 80 хувь нь өсвөр
насныхан байдаг. Үлдсэн 20 хувь болох насанд хүрэгчид бол идэвхигүй
үзэгчид. Өөрөөр хэлбэл, “хааяа л нэг кино үздэг” үзэгчид. Үүнээс
Монголын киночид бодит зах зээл дээр байгаа 20 хувьд зориулах уу, 80
хувьд зориулах уу гэдгээс аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог нь харин
бодит үнэн. Хүмүүс үүнийг сонсчихоод “Тэгэхдээ л чи сайн кино хийе гэж
бодож байвал 20 хувьд байна уу хэд байна уу хамаагүй хийх ёстой юм биш
үү?” гэх. Ингэж хэлж байгаа хүмүүс голцуу 30-аас дээш насныхан байх. Зөв
л дөө.

Амьдралынх нь идеал, ертөнцийг үзэх үзэл бодол нь төлөвшдгөө
төлөвшчихсөн, үзэх харах юм нь өөрчлөгдөөд тогтчихсон улс асуудалд
өөрсдийнхөө “вкус”-ээр хандаж байгаа нь энэ. Гэтэл эдгээр хүмүүс маань
хир их кино үздэг улс вэ? Ажилдаа дарагдаад, ар гэр, авгай хүүхэд, ажил
төрөл гэж явсаар байгаад жилийн ихэнхийг бардаг нь нууц биш.
Найзуудынхаа жишээг хараад байх нь ээ улиралд нэг удаа кино үзвэл их юм.
Гэхдээ л бид үүнд шантраад, няцаад байлгүй ийм төрлөө яаж ийгээд аваад
үлдэх хэрэгтэй. (Харин арилжааны киног продюсерүүдэд нь даатгаад
үлдээвэл зүгээр. Яагаад гэвэл энэ төрөл угаасаа хүссэн хүсээгүй мөнгө
олоод байдаг юм болохоор аяндаа л өөрчлөгдөж шинэчлэгдэнэ. Хувь заяа нь
цэвэр үзэгчдээс хамааралтай байдаг юм болохоор тэр)

Чухам
үүний тулд л би төр засгийг энэ тал дээр анхаарал тавьж, тусалж
дэмжээсэй гэж хүссэн хэрэг. Дэмждэг байх ч ёстой юм! Залуусаа улсын
зардлаар Америк, Орос, Хятад, Герман, Франц, Италийн киноны сургуулиудад
явуулж ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгээсэй. Улс ядаж ганц ч болов,
жижиг ч хамаагүй хальсны лабораторитой болоосой, оюуны өмчийн тухай
хуулиа гайхмаар сайхан шинэчилж туслаасай гэх зэрэг олон санаа надад
байна. Түүнээс айхтар чанга хууль гаргаад, хуучин “соц” үеийнхээ арга
барилаар бүхнийг хянаж, цензурдэх гээд ирвэл бас болохгүй л дээ. Аливаа
юманд тунг нь тааруулах л хамгийн зүгээр гэдэг дээ.  Аа харин бусдыг нь
кинотой холбоотой ажилладаг төрийн бус байгууллагууд нь санаачилж, хийх
ёстой байх. 

Уншигч
та анзаарсан бол таны үзэх дуртай арт хаус төрлийн кинонуудыг дэлхийн
олон том кино наадмууд дэмжих бодлого баримталдаг. Ийм кинонуудыг хүлээж
авдаг, өрсөлдүүлдэг, бас шагнадаг. Зарим наадмын тусгай хөтөлбөрүүд ийм
чиглэлийн кино хийх гэж буй хүмүүсийг дэмжиж, тэтгэлэг хүртэл өгдөг
байх жишээтэй. Манайханаас л гэхэд өнгөрсөн онд С. Бямба найруулагч
“Хүсэл шунал” баримтат кинондоо “Пусаны кино наадам”-аас тодорхой
хэмжээний тэтгэлэг авч байсан. Д. Төрмөнх, П. Бросенс хоёр маань “Нохой
орон”, “Хадаг”, Д. Бямбасүрэн маань “Ингэн нулимс”, “Шар нохойн
агуй”-даа ийм л зарчмаар тэтгэлэг авч киногоо бүтээж байлаа. Манай зарим
залуучууд сүүлийн үед ийм гарц байдгийг олж хараад гадаадын ийм
газруудад киноныхоо төслийг танилцуулаад эхэлж байна. Бүр болохгүй бол
бас нэг ийм гарц байгаа юм шүү залуус аа. Гэхдээ үүний тулд эхлээд чи
англи хэлтэй байх ёстой. Ядаж л анхан шатны мэдэгдэхүүнтэй байх
хэрэгтэй. Хоёрдугаарт: Хийх гэж байгаа кино чинь үнэхээр сонирхол
татахуйц, сайтар боловсруулагдаж, төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Ядаж л
шүүгч нь монголчуудын толгойноос ийм сайн санаа гардаг байх нь ээ гэж
гайхаж болно шүү дээ.

Манай
залуучууд ур чадвараа сайжруулахын тулд, өөрийгөө хөгжүүлэхийн тулд
эхнээсээ богино хэмжээний кинонууд хийгээд эхэлж байна. Өмнөх нийтлэлд
дурьдсан Д. Чингүүн, Б. Жаргалсайхан, Д. Ангараг нар, Ч. Хоролдорж, С.
Баттулга маань юм хийгээд  л байна. “Dreamers Day” клубын залуус маань
хийцгээж байна. Би ч гэсэн удахгүй нэг сайхан бүтээл хийж, хувь нэмрээ
оруулах санаатай үзээд л байна. Анх би арилжааны кино сонирхож, ийм
төрлийн хөнгөн зохиолууд бичиж, кино хийдэг байлаа. Харин сүүлийн үед
арилжааны бус жинхэнэ мундаг кино хийж үзэх юмсан гэх бодол дотроос
гижигдээд болох юм биш. Ганц нэг зохиол хүртэл бичиж үзсэн. Үнэхээр
амттай юм билээ. Зөвхөн би ч биш, залуу киночид маань энэ сэдвээр яриад
эхэлж байна. Хорь уу, ная уу гэдгээ сонгоод эхэлж байна. Одоо бид хүссэн
хүсээгүй чанартай, сайн кино хийх бодол тээгээд эхэллээ.

Нийгэм ч
шаардаад эхэллээ. Монгол киногоо өнөөгийн энэ төвшнээс нь ахиулж, улам
сайжруулахын тулд, нэр хүндийг нь өргөхийн тулд бидэнд  дунд үеийнхэн,
ахмадуудын маань туслалцаа яахын аргагүй үгүйлэгдэж байна. Сайн бүтээл
хийхийн тулд зохиолоо хэрхэн янзлах вэ, дүрээ яаж сонгох вэ, зураг
авалтаа яаж хийх вэ, найруулган дээрээ юуг анхаарах вэ, тавилтуудаа
хэрхэн илэрхийлэх вэ гэх мэт олон зүйл дээр туршлагатай киночдын маань
туслалцаа шаардлагатай боллоо. Киногоо хийчихээд тэднийгээ дуудаж нэр
төдий үзүүлэх биш, хийхээсээ өмнө, хийх явцдаа хүртэл санаа бодлыг нь
сонсох ёстой байна. Ахмадууд маань ч гэсэн товч тодорхой, шаардлага
өндөртэй санал зөвлөмжүүдээ тавьцгаая. Бас улсаас ч гэсэн бодлогоороо
дэмжээдхэе. Олимпийн алттай болсон юм чинь найзууд аа, Оскар авч яагаад
болохгүй гэж?  

Холбоо мэдээлэлийг ЭНД дарж уншина уу

Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж