Гурван сая дахь иргэний хүлээлт

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Гурван сая дахь иргэний хүлээлт

Монгол Улс гурван сая дахь иргэнээ өнөө маргаашгүй өлгийдөн авахаар зэхэж, хэн хүнгүй л хүлээзнэн сураг ажиг тавьж байна. Засгийн газраас гурван сая дахь иргэн түүний чацуутнуудыг тодруулан алдаршуулж, орон сууц болон бэлэн мөнгөөр шагнахаа мэдэгдээд байгаа.

Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг хүртэлх үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох юм. Мөн тухайн өдөр мэндэлсэн бүхий л чацуутангуудад тус бүр гурван сая төгрөг олгох юм.

Энэхүү мөнгийг  250 орчим хүүхэд авах тооцоо байгаа аж. Түүнчлэн гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг мөн л 70 сая төгрөг хүртэлх үнэтэй орон сууц эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр 2015 оны босгон дээр Монгол Улсын хүн ам 2.995.949 болсон юм.

 

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ХЭРХЭН ТОДРУУЛАХ ВЭ?

Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа төрсөн, он сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн Улаанбаатарын цагаар тодруулах юм. Ингэхдээ Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй баруун гурван аймаг бөгөөд гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг мөн Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Дашрамд гадаадын улс оронд мэндэлсэн хүүхдийг тухайн өдөрт багтаан Консулын газартаа мэдээлэх, алслагдсан хөдөө газарт гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртай гэнэ. Мөн гурван сая дахь иргэнийг тодруулахад ямар нэгэн “но”, маапаан оруулахгүй байх үүднээс Үндэсний статистикийн газраас хүн амын тоог оны өмнөөс нууцалж эхэлсэн. 

Гурван сая дахь иргэн гэж хөөрцөглөхийн оронд “Төрөх эмнэлэг”-ээ бариач ээ!

“Шийдлийн Засгийн газраас гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулахдаа томоохон үйл ажиллагаа болгон тэмдэглэхээ мэдэгдсэн. Гэвч яг амьдрал дээр төрөлт нэмэгдэж байгаа энэ үед засаг, төрөөс энэ салбарт юу хийж байгаагаа ярих үе юм. Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед III амаржих газрын төсвийг хасчихаад сууж байна шүү дээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс амаржих газрын барилгыг барьж дуусгахад шаардагдах 1.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар зорин ажиллаж байна. Хэдийгээр Засгийн газраас төрөлтийг дэмжсэн бодлого явуулж, бэлэн мөнгө тарааж байгаа ч шинэ иргэнээ хүлээн авах газраа анхаарахгүй, энэ чиглэлд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгааг эрх баригчдад бодитоор нь харуулах хэрэгтэй байна” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярьсан юм.

Мөн тэрээр ирэх дөрөвдүгээр сард III Амаржих газрын барилгыг ашиглалтад оруулахаа эмнэлгийн эмч, ажилтнуудад амлаж байлаа.  Өнөөдрийн байдлаар 300 мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт л гэхэд 45-хан ортой төрөх эмнэлэг байгаа нь зайлшгүй анхаарах асуудал гэдгийг эмч, сувилагч нар болон жирэмсэн эхчүүд хэлж байгаа юм. Учир нь стандартын дагуу бол амаржсан нэг эхэд  15 метр квадрат талбай ногдох ёстой бгөөд амаржсанаасаа хойш  3-5 хоногийн хугацаанд эмчлүүлэхээр заасан байдаг гэнэ. Гэтэл III Амаржих газарт арван метр ч хүрэхгүй умгар өрөөнд дөрвөн эх хүүхэдтэйгээ шахцалдаж байна. Үүгээр ч зогсохгүй ачаалал ихтэй, орны хүрэлцээ муугаас шалтгаалан төрөхөөр өвдөж ирсэн эхчүүдийг коридорт ор засч, хүлээн авч байгааг тус амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд ярьж байлаа.


SPEAK OUT

Гурван сая дахь иргэн болон түүний чацуутангуудад орон сууц, их хэмжээний мөнгө өгч байгааг эсэргүүцэн төсвийн мөнгийг үрэн таран хийж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр багагүй шүүмжилж байгаа юм. Мөн хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүдийг мөн хамруулах болсонтой холбоотойгоор иргэдэд багагүй хардлага төрж буй бололтой. Энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн иргэн О.Чулуунцэцэг:

Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг эсвэл байр, тэр өдөр төрсөн хүүхэд бүрт мөнгө өгөх юм гэж сонссон. Ганц хүүхдэд ч биш аймаг орон нутагт ч мөн өгөх юм гэнэ лээ. Эдийн засаг хүнд байна,  одонтой эхчүүдийн мөнгийг тэр байтугай хүүхдийн мөнгийг хаслаа гээд байгаа хирнээ ингэж мөнгөөр тоглож болохгүй шүү дээ. Жирэмсэн хүмүүс байр биш юм аа гэхэд гурван сая төрөг авчих юмсан гээд төрөх ч үгүй зарим нь хугацаанаасаа өмнө төрөх гэж байгаа гэж сонссон. Энэ чинь байж болшгүй зүйл мөн үү. Өч төчнөөнөөр нь байр мөнгө өгч байхаар тэтгэврийн бидний мөнгийг жаахан нэмээсэй дээ. Сард авдаг 207 мянган төгрөг маань амьдралд хүрэлцэхгүй байна.


Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонжаргал:

Төрөх хугацаа маань болоод би өнөөдрөөс эмнэлэгт хэвтэж байна. Удахгүй гурван сая дахь иргэн төрж, байр, мөнгө өгнө гэж байсан. Би дотроо хүүхэд маань гурван сая дахь иргэн байгаасай гэж хүсч байна. Гэхдээ юуны түрүүнд эсэн мэнд амаржих хэрэгтэй байх л даа. Анхны төрөлт болохоор өмнө нь Амаржих газарт ирж байгаагүй. Орчин нөхцөл нь тохь тухтай байдаг юм байна.


Баянзүрх дүүргийн иргэн Ч.Дугараа:

Хүн амын тоо өсч байгаагийн хирээр хүмүүс өсгөсөн хүүхдээ тэжээж чадахгүй зарим нь гудамжинд хаяж байна шүү дээ. Монгол Улс гурван сая иргэнтэй болж байгаа нь сайхан л юм. Гэхдээ гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, өргөмлөл өгөхөд л болно шүү дээ. Тэгж их хавтгайрч их хэмжээгээр мөнгө тарааж болохгүй. Мөнгө тарааснаас болоод л эдийн засаг ингэж муудчихаад байна гэж бодож байна. мөн онцолж хэлэхэд гурван сая дахь иргэнээ тодруулахдаа жам ёсоороо төрж байгаа иргэдээс л тодруулах хэрэгтэй. Хийсвэр хагалгаагаар төрж байгааг мөн тооцон гэснээс болоод цөөнгүй эхчүүд төрөхгүй хүлээж байна шүү дээ.


III Амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир:

Манай амаржих газарт л гэхэд өдөрт 20-25 эх нярайлж байна. Жил ирэх тусам төрөлт нэмэгдэж  байгаа. Харин он гарсаар ч гэдэг юм уу, гурван сая дахь иргэн мэндлэх дөхсөнтэй холбоотойгоор төрөлт нэмэгдсэн зүйл алга. Удахгүй төрөх эхчүүдэд хүлээлт үүсгэнэ гэж байхгүй. Учир нь манай амаржих газарт илүү тээлт гэж байхгүй. Төрөх хугацаа болсон бол сэдээж төрөлтийг шууд шийдэж байгаа юм. Энэ үед ярих ёсой асуудал бол яахын аргагүй орны хүрэлцээ. Төрсөн эх эмнэлэг 3-5 хоног байх ёстой байтал орны хүрэлцээгүйгээс 18 цаг ч хүрэлгүй, хийсвэрээр хагалгаагаар төрөн бол гурав хоноод л гарч байна шүү дээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж