Дэглээчийн уран бүтээлийн гол сэдэв нь малчин ардын ахуй амьдралаас урган гарсан байдаг бөгөөд тэр амьдралыг гярхай харж, жижигхэн зүйлээр хэнд ч ойлгогдох уран сэтгэмжийг гаргаж чаддаг авьяастан билээ. Түүний бүжгүүд нь дэглээчийн ур ухаан, уран сэтгэмжээр бүтээсэн уран зураг гэлтэй Ц.Сэвжид агсны агуу их авьяас үеийн үед өвлөгдөөсэй гэсэн сэтгэлээр энэ уралдааныг зохион байгуулж байгаа ба залуу бүжигчдийг дэмжих, олонд таниулахад уралдааны зорилго оршжээ.
Уралдааны эхний шатны шалгаруулалтад 21 аймаг, нийслэлийн 270 гаруй мэргэжлийн бүжигчид оролцсоноос хоёрдугаар дугаар шатанд 172 оролцогч авьяас чадвараа сорихоор шалгараад байна. Тус уралдаанд Монголын бүжгийн урлаг дэлхийн төвшинд хэдийнэ хүрснийг нотлох ирээдүйтэй бүжигчин, бүжиг дэглээч олон байна гэдгийг ерөнхий шүүгч МУАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, бүжгийн нийгэмлэгийн тэргүүн Ч.Даваасүрэн онцолж байлаа. Энэ удаагийн наадамд ҮДБЭЧ, БЦДБЭЧ гээд олон газар бүжигчдээ хангалттай сайн бэлтгэж оролцуулжээ. Уралдааны ерөнхий шүүгчээр МУАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, бүжгийн нийгэмлэгийн тэргүүн, Улсын филормонийн дарга , соёлын тэргүүний ажилтан Ц. Даваасүрэн, Төрийн шагналт, бүжиг дэглээч Урлагийн гавъяат зүтгэлтэн С.Сүхбаатар, Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч, соёлын тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан Н.Оюун, СУИС-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг, Монголын Бүжгийн урлагийн зөвлөлийн тэргүүн, “Сарны чулуу” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Ч.Саранчимэг нар ажиллаж байна.
Уралдаан хоёр хоног үргэлжилж, маргааш шилдгийн шилдгүүд тодорно.