Өрийн босгыг цэгцэлье

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Өрийн босгыг цэгцэлье

УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Засгийн газар энэ онд улсын өрийг ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээлээ. Хууль зөрчигдвөл сайд огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд тавина. Баталсан хууль бүр хэрэгжих ёстой гэдэг агуулгаар хөөж үзвэл гишүүдийн анхааруулга зөв боловч амьдралд хэр хэрэгжих боломжтой хууль баталж чадав уу гэдэг шалгуурыг тавибал УИХ муу дүн авах биз. Учир нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд төсвийн алдагдлыг -5 хувьд барихыг зөвшөөрсөн атлаа зээлийн хязгаарыг ДНБ-ий 58.3 хувиар тогтоосноор бодит секторыг дэмжих бололцоо хумигдаж байгаа юм. Зардлаа танаж алдагдлыг бууруулахгүй хэрнээ эдийн засгийг сэлбэх мөнгөний урсгалыг ийн хязгаарлачихаар компаниуд ямар хөрөнгөөр ажил хийх юм.

Магадгүй зарим нэг нь 60 хувь, 58.3 хувь хоёрын дунд нэг их зөрүү гарахгүй гэж хэлж болох ч мөнгөн дүнгээр илэрхийлбэл 400 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний урсгалыг УИХ дээрх хуулиар хязгаарлажээ. Хямралыг даван туулахад 400 тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байж болох ч түүгээр хөрөнгө оруулалтыг дэмжсэн бол хувийн хэвшлүүд хэсэг хугацаанд “амь тариа”-тайгаа залгах байв. Харамсалтай нь, улс төрийн намууд Засгийн газарт хамтрахдаа улсын өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх гэрээг зурсан гэдэг үндэслэлээр хөрөнгө оруулалт татах боломж хаагдсан нь энэ.

Одоо Засгийн газарт хоёр арга үлдсэн, түүний нэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах. Гэвч хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татна гэдэг эргэлзээтэй. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэргэхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд байдлыг харзнахаас аргагүйд хүргэж буй. Монгол Улсын хувьд ч уул уурхайн бүтээгдэхүүнд найдлага тавих нь хэт их өөдрөг төсөөлөл болж мэднэ. Өнгөрсөн онд татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсны гол шалтгаан нь дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбогддог. Нөгөө талдаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 оныхтой харьцуулахад зургаа дахин буурсан нь өнөөдрийн хүндрэлийг дагуулсан. Тиймээс УИХ өрийн босгыг ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн даалгаврыг Засгийн газарт өгснөөр хямралаас гарах нэг гарцыг нь хаалаа гэж тодорхойлж болох биз.

Одоо ганц найдлага үлдсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Эдийн засгийн Татварын өршөөлийн тухай хуулийн төслүүдийг УИХ Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах. Ингэж чадвал хөрөнгө оруулалт орж иртэл тэсч мэднэ. УИХ-аас өмнө нь Татварын өршөөлийн хуулийг баталсны дараа Монголын эдийн засагт дөрвөн тэрбум төгрөг орж ирсэн тухай эдийн засагчид ярьж буй. Түүний хүчинд 2009 оны хямралыг богино хугацаанд давсан гэх нь бий. Гол нь хуулийн төслүүдийн гол концепцийг өөрчлөхгүй байх.

Дээр нь УИХ Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг яаралтай батлахгүй бол улсаараа “Улсын өр хэд вэ” гэдэг оньсого таацгаалаа, энэ хэдэн өдрүүдэд. Сангийн сайд асан Ч.Улаан “Ажил хүлээлцэх үед улсын өр ДНБ-ий 49 хувьтай тэнцэж байсан” гэдэг. Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Намайг ажил авахад улсын өр ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байсан” гэх. Эцэстээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч тайлбар хийх билүү. Ийн олон тоонд эргэлзэж, мэтгэлцэж тойруулсаар энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр улсын өр ДНБ-ий 58.3 хувьтай тэнцэх юм байна гэсэн ойлголтод хүрэв.

Гэхдээ л одоогийн мөрдөж байгаа хуулиар улсын өрөнд олон зүйл хамаарч, тэр хэрээр эргэлзээ дагуулж буй тул УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг баталж нэгмөр цэгцлэхгүй бол маргаан үргэлжилнэ л гэсэн үг. 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж