“Том төрөөс ухаалаг төр” рүү дөхөх алхам

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

“Том төрөөс ухаалаг төр” рүү дөхөх алхам

НИЙТИЙН СОНСГОЛЫН ХУУЛИАР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Нийтийн сонсголын талаар уншигч та сонсч байсан уу. УИХ-ын  түвшинд  2008 оны долдугар сарын 1-ний  үймээний хэрийн асуудлаар, Хан-Уул дүүргийн ИТХ-аас нэхмэлийн шар байруудыг нурааж дахин төлөвлөх асуудлаар нээллтэй сонсгол хийж байжээ. Гэвч  нээлттэй сонсгол хийх нь тогтмол болоогүй, хууль эрх зүйн орчин хангалтгүй байснаас өнгөрсөн хугацаанд ердөө 10 гаруй удаа нээлттэй сонсгол хийсэн байдаг аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачлагыг хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрт саналаа  тусгах боломж, нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн сонсголыш явуулах хууль  эрх зүйн орчныг  бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Өнгөрөгч долоо хоногт хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байгаа. Удахгүй УИХ-ын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Ингээд Нийтийн сонсголын хуультай болох шаардлага, ач холбогдлын  талаар УИХ-ын гишүүд, хуулийн төсөл боловсруулагчдын байр суурийг хүргэж байна.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан:

Ухаалаг төр гэдэг бол нэг­­дүгээрт, ард­чилсан, нөгөө талаасаа хариуц­ла­га­тай байх тухай ойлголт юм. Нийтийн сонс­голын тухай хууль бол төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Энэ нь төрийн бодлого шийдвэрийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах тухай анхны хууль юм. Нийтийн сонсгол дотроо олон төрөлтэй. Хууль тогтоох сонсгол нь хууль тогтоогч, хууль санаачлагч нар хууль боловсруулахдаа иргэдийн саналыг яаж авах тухай сонсгол юм. Мөн ерөнхий хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрлийн сонсголыг зохион байгуулах боломжийг анх удаа хуулиар нарийн зохион байгуулж байна. Эдгээрээр хууль тогтоох, хэм хэмжээ тогтоох, захиргааны акт гаргах, төсөв батлах зэрэгт олон нийтийн оролцоог хангана. Энэ хуулиар анх удаа сонсгол тавьсан хүн худал мэдээлэл  өгвөл хариуцлага хүлээдэг болж байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар зөвхөн шүүх дээр гэрч, шинжээч худал мэдээлэл өгвөл хариуцлага хүлээдэг. Шинэ хууль батлагдвал УИХ дээр болон УИХ-аас зохион байгуулсан сонсгол дээр хуулийн этгээд, албан тушаалтан худал мэдээлэх юм бол шүүхэд худал мэдээлсэнтэй адил хариуцлага хүлээдэг болно. Ингэж хариуцлагажуулж байгаа хууль болох юм.

 


Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн бодлогын чиглэлийн шинэтгэл хийхээр төлөвлөж, эхний ээлжийн хуулиудыг УИХ-д өргөн барьсан. Шилэн дансны тухай, Төрийн аж ахуйн үйлчилгээг хязгаарлах тухай зэрэг хуулийн төслийг өргөн барьж, үүний араас Хүний эрхийн тухай, Баялгийн сангийн тухай, Хариуцлагын тухай гээд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулж байна. Төрийг хариуцлагатай болгож, иргэдийн санал, санаачлагыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, хууль зөрчсөн буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхэд парламентын хяналтын оролцоог сайжруулах, парламентын мэргэжлийн бүтцийг үүнд татаж оруулахтай холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ хуулийн төсөлд тусгасан сонсголын төрлүүд бүгд чухал гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Энэ нь илүү, тэр нь дутуу гэж хэлэх үндэслэл байхгүй. Бүгд одоогийн нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хуулийн төсөлд зааснаар нийт долоон төрлийн сонсголыг явуулна. Тухайлбал, Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлаар УИХ шийдвэр гаргахдаа хууль тогтоох сонсголыг явуулахаар заасан. УИХ, Нутгийн өөрөө удирдах байгууллага Ерөнхий хяналтын сонсголыг явуулна. Дээрх байгууллагуудаас батлан гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавихын тулд тухайн сонсголыг явуулна. Төрийн бай¬гууллага албан тушаалтны төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх чухал холбогдолтой сонсгол бол Төсвийн хяналтын сонсгол юм. Ард иргэдээс тэр бүр хяналт тавьж чаддаггүй Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан зэрэг төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудлаар энэхүү сонсголыг явуулах боломжтой. Хуулийн төсөлд заасан сонсголын өөр нэг төрөл бол Мөрдөн шалгах сонсгол юм. Албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох, олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар  Мөрдөн шалгах сонсголыг явуулна. УИХ энэ сонсголыг явуулахаар заасан. Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд зааснаар томилгооны сонсгол явуулахаар болж байгаа. Албан тушаалд томилогдох гэж байгаа этгээд тухайн ажил, албан тушаалд тохирох эсэхэд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхөд энэ сонсгол чухал алхам болно.

 


Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаач­лага, ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжид тулгуурлаж олон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Аливаа хууль Үндсэн хуулиас улбаалж гардаг. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т ардчилал, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг заасан. Гуравдугаар зүйлийн 1-д “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна”, 16 дугаар зүйлийн 16,17-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, түгээх эрхийг баталгаажуулсан байдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 30 гаруй хуульд ил тод, нээлттэй байдлын талаар заалт орсон байдаг. Гэхдээ ардчилсан нийгэмд зөвхөн төрийн ажил ил тод, нээлттэй байх нь хангалтгүй. Үүний зэрэгцээ хүртээмжтэй байх нь маш чухал байдаг. Иймээс шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны тухай хуулийн долдугаар зүйлд заалт оруулсан. Тэнд нээлттэй сонсгол хийх тухай зааж өгсөн. Гэвч иргэдэд хүртээмжтэй байх тал өрөөсгөл байж ирлээ. Иймээс Нийтийн сонсголын тухай хуультай болох хэрэгтэй.

 


УИХ-ын гишүүн Л.Цог:

-Хуулийн төслийг батлахыг 100 хувь дэмжинэ. Хариуцлагын механизм Монгол Улсад дутагдаж байна.  Улс төрийн, ёс сур­тахууны хариуцлага хүлээлгэх, албан тушаалтан хууль зөрчсөнийг тогтоодог сонс­голын хэлбэр байх ёстой. Үүн дээр гишүүд болгоомжлоод байх хэрэггүй, дэмжээд явах нь зөв.

 


УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа.  Төсөл санаачлагчид нийтийн сонс­го­лыг бий болгож, сайнаар хэрэгжүүлсэн улс орны туршлагыг судлах хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын конгрес хуулийн, хяналт шалгалтын, мөрдөн шалгах, батлах, газар дээр нь очих гэсэн хэлбэрээр нийтийн сонсголыг хэвшүүл­сэн байдаг юм билээ. Тэгэхээр олон улсын зөв зүйтэй сонсголын хэлбэрүүдийг тусгах ёстой.

Нийтийн сонсголын тухай хууль батлагдс­наар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж,төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх, хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжрах, тэдгээрийг нийтээр хүлээн зөвшөөрөх, УИХ, ИТХ зэрэг төлөөллийн байгууллагаас олон нийтийн оролцоотойгоор төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтныг хянах механизм бүрдэх зэрэг олон эерэг үр нөлөөг бий болно гэж үзэж байна.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж