
Ирэх сарын 1-нд болох сонгуульд одоогийн ерөнхийлөгч Швейцарийн иргэн Зепп Блаттер болон Катар улсын иргэн Мохамед Бин Хаммам нар өрсөлдөж байгаа билээ. Сонгуулийн санал хураалтад ОУХБХ-ны гишүүн 208 орны төлөөлөгчид оролцох болно. Сүүлийн үеийн мэдээллээр ОУХБХ-ны дэд ерөнхийлөгч Жэк Уорнер, Бин Хаммамын талд ажиллаж, КОНКАКАФ буюу Төв болон Хойд Америкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Чак Блейзертэй холбоо тогтоосон талаар шум тархах болсон. ОУХБХ-ны төлөөлөгчийн хэлснээр Бин Хаммам тавдугаар сарын 10-11-нд Карибын тэнгисийн нийт 25 орны төлөөлөгчидтэй уулзсан гэнэ. Үүн дотор Уорнерын эх орон болох Тринидад Тобаго ч багтаж байгаа юм. Уорнер энэ үеэр эдгээр орнуудын төлөөлөгчдөд Хаммамыг дэмжихийг хүсчээ. Харин Блаттерын зөвлөх Брайн Александрын хэлснээр ОУХБХ-ны ерөнхийлөгч энэ талаар ямар нэг зүйл хэлээгүй гэжээ. Катарын албаныхан Хаммамд АНУ-ын виз олгоогүй бөгөөд тэрбээр хууль зөрчин өөрийн дипломат пасспортыг ашиглаж явсан байна. Түүний зорилго нь Майамид болох КОНКАКАФ-ын их хуралд очиж, өөртөө санал өгүүлэхээр сонгуульт ажил хийх байсан гэнэ. Блаттер Африк, Европ, Далайн Орнууд болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоодтой сайн харилцаатай байдаг болохоор Хаммам ийнхүү КОНКАКАФ-ыг сонгосон бололтой. Хэрвээ Хаммам эдгээр орнуудын төлөөлөгчдөд ямар нэгэн байдлаар хахууль өгсөн нь тогтоогдвол, сонгуульд оролцох нь битгий хэл, томоохон торгууль ч амсч магадгүй болоод байна. Энэ жилийн сонгуульд хэн ялалт байгуулсан нь ирэх дөрвөн жилд ОУХБХ-г удирдах юм. Карибын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид болох Дэбби Мингилл болон Жэйсон Силвестр нарыг мөн ОУХБХ шалгаж байна. Энэхүү хэрэг энэ ням гаригт эцэслэн шийдвэрлэгдэх юм байна.