"News" аентлагийн тоймч Л.НАРАНТӨГС Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжилж байна.
Өдөртөө нэг хэмийн хүйтэн БНЧУ Прага хотын айлчлалын уур амьсгал урин дулаан цагийг санагдуулах мэт таатай нөхцөлд эхэллээ. Өмнөх орой нь ирсэн даруйд хэвлэлийнхнийх нь гол анхаарал татсан сэдэв нь 1936 оноос хойш тус улсад төрийн айлчлал хийсэн тэргүүнүүд галт тэргээр ирээгүй явдал байлаа. Энэ нь амар тайван амьдралтай чехүүдийн анхаарлыг Ерөнхийлөгчийн зүгт эрхгүй хандуулав.
Арав гаруй сая хүн амтай БНЧУ-ынхан энэхүү айлчлалын үр дүн, галт тэргээр ирсэн шалтгааныг хэрхэн тайлбарлах тухай чих тавин хүлээж байна.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нарын ганцаарчилсан уулзалт үргэлжилсэн юм. Харин хэлэлцээрийн дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр тэд хоёр талын сэтгүүлчдийн төлөөллийн хоёр хоёр асуултад хариулсан юм.
ММ агентлагийн тоймч Ц.Цэнд:
-Чех улс хамгийн сүүлчийн статистикаар 1 жилийн дотор 144 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан нууц, туршлага бидэнд сонирхолтой санагдаж байна, та энэ асуултад хариулна уу?
БНЧУ-ын ерөнхийлөгч Милош Земан:
-Монгол улсад би зөвлөгөө өгөх эрхгүй гэж бодож байгаа ч бид 1998 оноос гаднын хөрөнгө оруулалт татахын тулд бид татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 5-10 жилийн хугацаанд татвараас чөлөөлсөн бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай байан. Өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих энэ ажил үргэлжилж байгаа ч арай өөр чигт буюу, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү чиглэсэн байна.
Чехийн талын сэтгүүлчдийн төлөөллийн асуулт:
-Гурван асуулт байна. Уулзалтын үеэр ямар нэг тодорхой төслийн талаар ярилцсан уу. Хоёрт, Таны Монгол Улсын ерөнхийлөгчид өгсөн 40 компанийн жагсаалтаас жишээ дурдаж болох уу, гуравт манай улсын хятадтай сайжирсан харилцаанд Монгол Улс сайнаар нөлөөлөх боломжтой юу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Бид тодорхой төслүүдийн талаар яриагүй боловч эрхэм ерөнхийлөгч Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 40 гаруй компанийн нэрсийг өгч байгаа нь их том сонирхол байгааг илтгэж байна. Бид маш анхааралтай судалж, хамтын ажиллагааг идэвхжүүлийн төлөө ажиллах болно. Энэ айлчлалын дараа дагаж хийх ажлын төлөвлөгөө гаргана. Тэр үед бид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй болон одоо ажиллаж буй компаниудын асуудалд онцгой анхаарч ажиллана. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улс хоёр том хөрштэй. Чехийг бид гурав дахь хөргөө гэж үздэг. Гуравдагч хөршөөс хөрөнгө оруулалт ихсэх нь эдийн засагт үр өгөөжөө өгөх, мөн тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг учраас манай хаалга үргэлж нээлттэй байдаг. Гурав дахь асуултын хувьд, манайх хоёр хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаатай. Ямар нэгэн маргаантай асуудал бидний хооронд байхгүй. Өнгөрсөн жил хоёр хөршийн ерөнхийлөгч Монголд айлчилж, үүнээс үүдээд олон дэвшил гарч буйг та бүхэнд дуулгахад таатай байна.
“Ийгл тв”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш:
-Чех улсад жилд дунджаар 10 сая буюу хүн амтай нь тэнцүү хэмжээний жуулчин ирдэг юм байна. Танай улсын үндэсний брэндинг юу вэ, яаж өөрийгөө сурталчидаг вэ. Хоёрт, 2006 онд Чехийн Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Үүнээс хойш есөн жилийн дараа манай улсын ерөнхийлөгч төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Удаан уулзаагүй хоёр найз бие биенээ санасан байдаг, ирээдүйгээ төсөөлдөг. Энэ айлчлалын үр дүнг та бүхэн хэрхэн харж, ямар хүлээлттэй байна вэ?
Милош Земан:
-Нэгд, сайхан эмэгтэйчүүд, хоёрт, сайхан залуус, гуравт түүхийн дурсгалт байшингууд.
Ц.Элбэгдорж:
-Өмнө нь Чехийн олон мэргэжилтэн Монголын геологийн салбарт ажиллаж байсан. Манай Эрдэнэт үйлдвэрийн баялгийн анх олсон хүмүүс чех байсан. Дээрээс нь эмнэлэг барьж, барилгын материалын олон үйлдвэр байгуулахад Монголд тусалж байсан гэхчлэн бидний хооронд маш сайн суурь байгаа. Үүнийг бэхжүүлэх нь бидний хувьд чухал. Мөн, би түрүүнд эрхэм ерөнхийлагчийг эх орондоо урьснаа дуулгасан, тэр үеэр хөрөнгө оруулагчид бизнесийн төлөөлөгчид ирэх боломжтой. Цаашид олон салбарт манай харилцаа өргөжих боломжтой гэж харж байна.
Милош Земан:
-Албан ёсоор зочлох хугацааг мэдээж хэрэг дипломат харилцааны шугамаар тодорхой болгох боловч би Монголд дипломат харилцааны гол суурь нь эдийн засаг гэж үздэгийн хувьд бизнесийн төлөөлөгчидтэйгөө хамт очих хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд бид Чехийн компаниудын Монголд оруулах хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийг судалж, уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтад оролцох, геологийн хайгууль үргэлжлэх боломжтой гэдэг асуудлыг ярилцана. Мөн усны эх үүсвэрийн хайгууль, ус цэвэршүүлэх байгууламж барих зэрэг олон асуудлыг харилцан ярилцах боломжтой гэж үзэж байна.
-Та Монголын Ерөнхийлөгчөөс ямар бэлэг авсан бэ?
-Албан ёсны уулзалтын үеэр бэлэг солилцох асуудлыг ёслолын алба шийддэг. Би одоогоор ямар бэлэг авахаа мэдээгүй байна. Тодорхой болмогц та бүхэнд мэдэгдье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь БНЧУ-ын Ерөнхийлөгчийн 2006 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Энэхүү айлчлалаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай ганцаарчилсан уулзалт, мөн хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Тус улсын Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нар манай төрийн тэргүүнд бараалхаж, тус тусынхаа чиглэлээр манай улстай аль болох өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нөхцлийг ярилцлаа.
Монгол Улс Чехсловак (хуучнаар) улсуудын харилцаа, хамтын ажиллагаа, зээл тусламж нь 1990 он хүртэл ЗХУ-ын удаад орохуйцаар өргөн далайцтай, үр өгөөжтэй байсан түүхтэй. Энэ хэрээрээ Чех улс нь Монгол Улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж иржээ. Эрдэнэтийн овооны зэсийн ордыг нээж, нөөцийг анхлан тогтоох Монгол-Чехийн геологи хайгуулын багийг ахалж байсан чех хүн одоо 90 дөхсөн настай энх тунх байна. Түүнчлэн Монголд арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, мэргэжилтэй ажиллах хүчин бэтгэх, дадлагажуулах, сургах үйл хэрэгт энэ улс гараа сунган түлхүү тусалж байсныг бид андахгүй. Тухайн үедээ энэ салбарт ажилллаж байсан маш олон хүн энэ удсад явж мэргэшиж, дадлагажидаг байсан шүү дээ.
Манай улс орны эдийн засаг хүнд байсан жилүүдэд манайхаас олон мянган ажилчин хөдөлмөрийн гэрээгээр анх түрүүн авч ажиллуулж ирсэн Европын орнуудын нэг нь Чех улс. 2000 оны эхээр Чех улсад манай ажилчдын тоо 15 мянгад хүрч байсан удаатайг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Д.Зүмбэрэллхам хэллээ.
Өнөөдөр БНЧУ-д 5000 гаруй Монголын иргэд аж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земан төрж байна. Тэдгээр иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, шилжүүлдэг болох талаар энэхүү айлчлалын үеэр ярилцаж хоёр орны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон нь тодорхой үр дүнд хүрч нааштайгаар асуудал эргэлээ гэж албаны хүмүүс үзэж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земан Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой байгаа Чехийн 40 гаруй компанийн нэрсийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгснөө хэлэлцээрийн дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр дуулгасан нь хөрөнгө оруулалт зогсоод буй энэ мөчид таатай гэж хэлж болохоор мэдээ байлаа. Мөн тэрээр ураны салбарт Монголтой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгасан юм. Айлчлалын үед болсон бас нэг чухал арга хэмжээ бол энэ удсад ажиллаж, сурч амьдарч байгаа монголчуудынхаа төлөөлөлтэй уулзсан явдал юм. Энэ уулзалт иргэддээ урам зориг, эрч хүч, эх оронч мэдрэмж нэмсэн сайхан уур амьсгалд болсон.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол-Чехийн бизнес форум болж, манай талаас 30 орчим, чехийн талаас 70 орчим аж аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцсон томоохон танилцуулга ярилцлага болж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт хамтран ажиллах бодит боломжийн талаар харилцан мэдээлэл, санал солилцох юм. Мөн Ерөнхийлөгч Карлын Их сургуулийн Монгол судлалын танхимд зочлон монгол судлаачидтай уулзаж, дэлхийн монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх төрийн бодлогыг танилцуулж, энэ чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж, тэдгээрийг хэрхэн үр ашигтай дэмжиж өргөжүүлэх талаар саналыг нь сонсч ярилцах юм.
Айлчлал олон талаар ач холбогдол өндөртэй болж байна гэж албаныхан дүгнэж байна. Юуны түрүүн хоёр улсын хооронд төрийн тэргүүний өндөр дээд хэмжээний айлчлал сүүлийн есөн жил завсарласны дараа хэрэгжиж байгаа нь дипломат харилцааны өндөр түвшинг хадгалахад нэн чухал ач холбогдолтой боллоо. Манай төрийн тэргүүний энэ улсад 1999 онд айлчилснаас хойш 16 жилийн дараа энэхүү айлчлал хэрэгжиж байна. Нэн ялангуяа энэ айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 65 жилийнойнэхэнд тохиожбайгаагаараа агуулгын хувьд илүү онцлогтой болжээ.
Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг хоёр тал тэмдэглэсэн юм. Айлчлал өнөөдөр үргэлжлэх юм.
Л.НАРАНТӨГС