Өрийн тааз хэд болохыг өнөөдөр шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Өрийн тааз хэд болохыг өнөөдөр шийднэ

Сүүлийн өдрүүдэд Өрийн таазыг хэдэн хувьд хүргэх тухай сэдэв олон нийт, улстөрчдийн ярианы сэдэв, анхаарлыг татсан асуудал болоод байна. Засгийн газраас өрийн таазыг 60 хувьд  хүргэх зохицуулалтыг  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгаж оруулж ирсэн ч МАН  завсарлага авснаар түр хойшлоод байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталсны дараа төсвийн тодотголыг хэлэлцэх хуультай учир  өнөөдрийн Төсвийн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар өрийн таазыг хэдэн хувь байхыг эцэслэнэ. Харин өрийн таазын асуудлаар бүлгийн дарга нар, хуучин Сангийн сайд  байр сууриа  илэрхийлснийг хүргэж байна.


МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Өрийн тааз хэтэрснийг нуусан

-МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зөрчсөн байтугай, маш хүндрэлтэй байдал үүссэн байсан. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын өр 55.2 хувь гэсэн тоо гарсан. УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож үзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа. Та бүхэн санаж байгаа, УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарыг огцруулах асуудлыг хоёр удаа УИХ-д тавьж, тэр бүрт эрх баригчид авч үлдсэн. Огцруулах асуудлыг тавихад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлсэн байсан. Мөн Монгол Улс нэг л төсөвтэй байх ёстой атал “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт зэргийг төсөвт багтаадаггүй, ямархуу төсөл арга хэмжээнд зарцуулж байгаа нь тодорхой бус хаалттай явдаг байсан. Энэ бүх алдааг засахын тулд УИХ дахь МАН-ын бүлэг шахаж шаардсаны хүчинд Монгол Улс нэгдсэн төсөвтэй байхыг Ардчилсан намын бүлэгтэй зарчмын хувьд тохиролцоонд хүрч чадсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд шалгуур үзүүлэлтүүд бий. Түүнийг хөндөхгүй гэж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд улсын өр 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2016 онд 40 хувь гэж орж ирсэн. Өрийн тааз нэмэгдүүлэхийг бүлэг дэмжихгүй, өнөөдөрт хүргэсэн төвшинг нь хүлээн зөвшөөрөөд цаашдаа үе шаттай буулгая, ингэснээр хуулиа мөрдөнө л гэж үзэж байгаа. Мөн төсвийн алдагдлын тухайд энэ жил хямралтай байгаа учраас алдагдлыг 5 хувь байлгахаас аргагүй л гэж үзсэн. Хямралыг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал 2018 он хүргэхгүйгээр асуудлаа шийдээд явах бололцоо бий.

Улсын өр нэрлэсэн үнээрээ 15 их наяд 959 тэрбум, өнөөдрийн үнэ цэнээр 13 их наяд 920 тэрбум төгрөг гэсэн тооцоог холбогдох газрууд гаргасан байгаа.


АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Өглөө сэрэхэд л өр нэмэгдсэн зүйл байхгүй

-Өрийн таазыг Засгийн газар 60 хувиар оруулж ирсэн. Өнөөдөр бодит байдал дээр Хөгжлийн банк үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсныг буцааж суулгаснаар өрийн тааз 60 хувьд хүрч байгаа. Үүнийг нэг бланс тайлантай болгохын тулд намууд ойлголцож нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс биш нэмж өр, зээл тавих асуудал биш. Засгийн газар хувийн хэвшил, аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх нь нээлттэй байгаа. 2012 онд Хөгжлийн банкыг байгуулахдаа тус банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгахгүйгээр явж байсан. Чингис, Самурай бонд улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжигдаж явж байсан.

Өөрөөр хэлбэл, хоёр төсвөөр явж байсан. суудлыг МАН-ын шаардлага, шахаагаар Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлээд нэг төсөвтэй болсон чинь өрийн хэмжээ 58.3 болсон. Түүнээс биш энэ засаг байгуулагдаад, өглөө сэрэхэд өр нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Ардчилсан нам МАН-ын тавьж байгаа шаардлага, төсвийн тогтвортой байдлын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу төсвийн тэнцвэржсэн алдагдлыг хоёр хувьд, төсвийн нийт өрийн хэмжээг 40 хувьд барья гэсэн шаардлагыг хүлээж авахад бэлэн. Харамсалтай нь, МАН өнөөдрийг хүртэл нэг төсөвтэй байх ёстой, тийм учраас төсвөөс гадуур санхүүжигдэж байгаа төсвийн эх үүсвэрүүдийг бүгдийг нь төсөвт суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүнийг оруулахаар өнөөдрийн яриад байгаа  58.3 хувь болж байна.


Сангийн сайд асан Ч.Улаан: Намайг ажлаа өгөхөд өрийн тааз 48.9 хувьтай байсан

Өрийн хэмжээг 39.8 хувь гэж буруу мэдээлсэн гэдэг яриа худлаа. Үнэн худлыг шалгахад амархан. Хэрэв би үнэхээр тэгж ярьсан бол бичиг баримт болон хурлын протоколд үлдсэн байгаа.

Би хуулийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Тэр төсөлд хэд хэдэн тоо, үндэслэл бий. Тодруулбал, Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 48 хувьтай тэнцүү. Тиймээс өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөх хэрэгтэй гэсэн саналыг өргөн барьсан. Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ-аар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдгүй хэлэлцэж эхэлсэн гэсэн үг. Ингээд анхны хэлэлцүүлэг дээр 2015 оны төсвийг боловсруулсан Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ хүлээж аваагүй. Ингэж унагаачихаад УИХ-аас Засгийн газарт өрийн хязгаарыг 40 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хуульд заасан 40 хувийнхаа хэмжээг хязгаарла гэсэн.

Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж тооцсон нь буруу байна. Харин 12 хувь гэж төлөвлөсөн хэмжээгээр тооцож төсвийнхөө төслийг өргөн барь гэж чиглэл өгсөн. Энэ дагуу УИХ-д өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д Засгийн газар өгсөн чиглэлийнх нь дагуу тооцоо хийж, танилцуулсан юм. Хоёр дахь төслөө өргөн барьсан. Тэнд УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ДНБ-ний 40 хувьтай тэнцүү өртэй  байна гэсэн тооцоо, үндэслэл орсон. Тиймээс намайг УИХ дээр ДНБ-ий 40 хувьтай байсан гэж ярьсан гэж байгаа нь УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартсан байгаагийнх.

Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүдийг хооронд нь уялдаа, зохицуулалттай, баланстай боловсруулдаг ийм зарчмаас гажуудаж, өөрсдийн санаанд тааруулан чиглэл өгчихөөд эргээд түүнийгээ эзэнтэй болгох гэж хэн нэгэнд нааж байгаа нь явуургүй, бусармаг үйлдэл гэж хэлмээр байна. Шинэ Сангийн сайд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, дунд нь хоёр сар Сангийн сайдгүй төсвийн төслийг хэлэлцэж баталсан. Анх орж ирсэн бодлогыг нэлээд өөрчилсөн. Тэгэхээр энэ асуудлыг хэн нэгэн хүнтэй холбож ярих хэрэггүй.  Намайг Сангийн сайдын ажлаа хүлээлгэн өгч байх үед өрийн хэмжээ 48.9 хувьтай байсан.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж