“Монгол Улсын бизнесийн орчны талаарх үндэсний хэмжээний судалгаа”-ны дүн гарчээ. Энэхүү судалгааг Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу АмЧам Монгол нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр явуулсан байна. Сант Марал сан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээр Монгол Улсын насанд хүрсэн 1,500 иргэнийг төлөөлөл болгон түүвэрлэн судалсан байна. Монголын эдийн засаг, бизнесийн орчин, гадаадын хөрөнгө оруулалт, улс төрийн асуудлын талаар олон нийт ямар ойлголт, хандлагатай байгаа нарийвчлан тодорхойлох зорилгоор уг судалгааг явуулжээ.
Эдийн засаг, ажилгүйдэл, авлига нь монголчуудын хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудал болсныг судалгааны дүн илтгэж байна. Судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь Монгол Улс буруу зүгт явж байна гэж үзсэн байх юм. Энэхүү судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш болох хэвлэлийн хурлаас дэлгэрүүлэн авч болох юм. Хэвлэлийн хурал “Туушин” зочид буудалд өглөөний 08:30 цагаас эхлэх гэнэ.
Д.ЦЭЭНЭ