Аж үйлдвэрийн бодлогыг боловсруулж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн бодлогыг боловсруулж дуусчээ

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзлаа.

Япон улсын Элчин сайд Шимизү Такэнори Аж үйлдвэрийн сайдад баяр хүргээд парламент дахь Монгол –Японы бүлгэмийн даргаар ажиллаж байсан хүний хувьд цаашдын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжинө гэж итгэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хэлэлцээрийг байгуулснаар Аж үйлдвэрийн салбарт ихээхэн ахиц авчирна гэж найдаж байна гэлээ. Үүнээс гадна Монгол-Японы Засгийн газар болон хувийн хэвшил хоорондын уулзалтыг энэ оны гуравдугаар сард зохион байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа дуулгасан юм.

Түүнчлэн 2006 оноос хойш Монголын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр хоёр шатны зээлийг эхлүүлж байсан. Монголын компаниуд маш сайн ажиллаж байгаа. Дараагийн шатны зээлийг үргэлжлүүлэн хийх нөхцөл хэр байгааг судалж байна. Монголын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа талаараа санал солилцсон юм.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “1968 оноос хойш Аж үйлдвэрийн яам гэж байгаагүй. Энэ засгийн газрын бүрэлдэхүүнд аж үйлдвэрийн яамыг шинээр байгууллаа. Уул уурхайн олборлолт баяжуулахаас хойшхи үйл ажиллагаа болон гадаад дотоод худалдаа, жижиг дунд үйлдвэрийн асуудал энэ яаманд харьяалагдах юм. Яам байгуулагдаад сар гаруй болж байгаа ч ажил жигдрэх шатандаа орж байна. Нэн түрүүнд бид Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-д өргөн барих бэлтгэл ажил дууссан” гэж хэллээ.

Мөн Жижиг дунд үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт бараа худалдааг зөв системд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Зээлийн үйлчлэх хүрээг мөн тодорхой болох ёстой. Нэгэнт олгогдож байгаа зээл өргөн хүрээг хамардаг, Япон руу бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах асуудлыг судлах ёстой. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Аж үйлдвэрийн сайдын харьяанд байгаа. Энэ сан арилжааны банкаар дамжихгүйгээр гадны улс орнуудаас зээл авах эрхзүйн бүрэн боломж байдаг. Энэ талаар судалж үзэх нь зүйтэй гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат хэллээ. Тэрбээр цаашлаад Японы техник, технологи , жижиг дунд үйлдвэрлэлийг монголд нутагшуулах, аж үйлдвэрийн паркын байдлаар оруулж ирж монгол ажилчдыг олноор нь мэргэшүүлж ажиллах нь чухал. Хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх боломжийг судалж байна гэсэн юм.

Г.НАРАН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж