Ливийн гадаадад байршуулсан ”Үүц” илрэв

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Ливийн гадаадад байршуулсан ”Үүц” илрэв

Дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудад байршуулж байсан Ливийн одоогийн засаг захиргааны ихээхэн хэмжээний хөрөнгөний талаар мэдээлэгдэж эхэлжээ. Тэдний дотор дэлхийн санхүүгийн “аваргууд” болох HBSC, Royal Bank, Goldman Sachs, JP Morgan, Nomura зэрэг банк санхүүгийн байгуулагууд орж байна. Эдгээр банкууд Ливийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө мөнгийг хадгалж байсан болоод одоо ч хадгалж байгаа талаараа мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан аж.

Чухам хэдий хэрийн мөнгө хөрөнгө хаа хаана байршиж байгаа тухай мэдээлэл бүхий баримтууд олдсон тул дээрхи нэр дурдсан банкууд одоо мэлзээд байх шаардлагагүй гэж зарим ажиглагчид үзэж байгаа аж. Тэгээд ч Ливийн улстөрийн нөхцөл байдалтай холбогдуулан эдгээр сангийн хөрөнгийг “царцаах” шийдвэрийг Европын холбоо болон НҮБ-аас гаргаад байгаа билээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард гаргаж байсан нэгэн баримтад дурдсанаар бол HBSC банкинд Ливийн 292 сая ам.доллар 10 дансанд байршиж байгаа бол  Goldman Sachs-ийн гурван ч дансанд нийтдээ 43 сая ам.долларын хөрөнгө байгаа аж. Мөн японы Nomura банк болон Нью-Йоркийн банкинд тус бүр 500 сая ам.долларын хөрөнгө байршуулсан мэдээлэл байгаа гэнэ.

Ливийн хөрөнгө оруулалтын газрын нөөц болох 19 тэрбум ам.долларын хөрөнгийг Ливийн болон Ойрхи Дорнодын банкинд байршуулсан байгаа хэмээн дээрхи баримтуудад мөн дурджээ. Үүний зэрэгцээ Ливийн одоогийн засаг захиргаа дэлхийн хэмжээний томоохон компаниуд тухайлбал Бритиш Петролеум, Женерал Электрик, Вивенди болон Дойче Телеком зэрэг компаниудын олон тэрбум ам.доллараар үнэлэгдэх хувьцааг эзэмшиж байгаа гэнэ.

Дээр нэр дурдсан дэлхийн нэртэй банк санхүүгийн байгууллагууд Ливийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулсныг шүүмжилж байгаа Global Witness хэмээх байгууллагын захирал ноён Гүүч хэлэхдээ, “ HBSC, Goldman Sachs зэрэг банкууд үйлчлүүлэгчийн нууцлал гэдэг шалтгаар халхавчилж Ливийн хөрөнгийг байршуулсан талаархи мэдээллээ нууж байгаа нь маш утгагүй зүйл“ хэмээн мэдэгджээ.

Европын Холбооноос Ливийн эсрэг авч байгаа хориг арга хэмжээгээ өргөтгөн тус улсын хөрөнгө оруулалтын сангийн дансуудыг хааж байгаагийн хүрээнд Ливийн  хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө ч багтаж байгаа аж. 2006 онд байгуулагдсан дээрхи бүтцийн мэдэлд бие даасан 13 санд хуваагдан хуримтлуулсан нийтдээ 70 тэрбум ам.долларын хөрөнгө байгаа гэж мэдээлэгдсэн байдаг юм байна. Тэдний багагүй хэсэг нь болох олон тэрбумын хөрөнгө дэлхийн томоохон банкуудад байршсан байдаг нь ийнхүү ил болжээ.

 М.НАСТ


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж