АН: Өрийн хэмжээ 58.3-д хүрсэн

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

АН: Өрийн хэмжээ 58.3-д хүрсэн

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэдээлэл хийсэн байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай болон Төсвийн тодотголын асуудлаар ярилцжээ. Энэ талаар өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-УИХ-ын дарга болон Ерөнхий сайд ямар асуудлаар мэдээлэл хийсэн юм бэ?

-УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулсан. Ерөнхий сайд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай ярьсан. Мөн төсвийн тодотголтой холбоотойгоор МАН-тай болон бусад намуудтай харилцан тохиролцсны үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэн батлуулах, өрийн таазтай холбоотой мэдээлэл өгсөн.

-Урт нэртэй хуулийн талаар тодруулахгүй юу?

-Урт нэртэй хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ хуультай холбоотой гарсан алдааг олж тогтоосон. Усны тухай хуулиар 200 метрийн зайтай гэж байхад янз бүрийн тушаал журмууд гараад 10 мянган метр буюу 100 км-ээр Засаг дарга нар үзэмжээрээ тогтоосон. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ  тухай манай бүлэг дээр ярьсан.

-Өрийн таазыг МАН нэмэхгүй гэж үзсэн байна?

-Өрийн таазыг Засгийн газар 60 хувиар оруулж ирсэн. 60 хувиар оруулж ирсэн өрийн тааз бол нэмэлт зээл авах намуудын зөвшилцлийн хүрээнд ярьж тохирсноор бол гадаадын өндөр хүүтэй богино хугацаатай зээл авахыг зогсоосон. Өнөөдөр бодит байдал дээр Хөгжлийн банк үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсныг буцааж суулгаснаар өрийн тааз 60 хувьд хүрч байгаа. Үүнийг нэг бланс тайлантай болгохын тулд намууд ойлголцож нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс биш нэмж өр, зээл тавих асуудал биш. Засгийн газар хувийн хэвшил, аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх нь нээлттэй байгаа.

-Өрийн тааз 58.3 хувьд хүрсэн,  Н.Алтанхуягийн Засгийн газар хууль зөрчиж байсан гэж байна. Танай намын байр суурь ямар байна вэ?

-2012 онд Хөгжлийн банкыг байгуулахдаа тус банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгахгүйгээр явж байсан. Чингис, Самурай бонд улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжигдаж явж байсан учраас төсвөөс гадуур байгаа нэмэлт хоёр төсвөөр явж байсан асуудлыг МАН-ын шаардлага, шахаагаар Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлээд нэг төсөвтэй болсон чинь өрийн хэмжээ 58.3 болсон нь тодорхой шүү дээ. Түүнээс биш Энэ засаг байгуулагдаад өдрөөс өдөрт өр нэмэгдээд байгаа юм байхгүй.

-Төсвийн алдагдлыг 5 хувьд хүргэхийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

-Бүх бурууг АН-д үүрүүлэх гээд байх шаардлагагүй. Ардчилсан нам өнөөдөр МАН-ын тавьж байгаа шаардлага, төсвийн тогтвортой байдлын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хоёр хувьтай төсвийн тэнцвэржсэн алдагдал, дээр нь төсвийн нийт өрийн хэмжээг 40 хувьд барья гэсэн шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа юм. Хамгийн харамсалтай нь МАН өнөөдрийг хүртэл нэг төсөвтэй байх ёстой, тийм учраас төсвөөс гадуур санхүүжигдэж байгаа төсвийн эх үүсвэрүүдийг бүгдийг нь төсөвт суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүнийг оруулахаар өнөөдрийн яриад байгаа  58.3 хувь болж байнаа. Шинэ засгийн газар тооцоо, судалгаагаа хийгээд 2015 онд санхүүжүүлэх төсвийн эх үүсвэрээ суулгаад 58.3 хувь дээр барьж байгаа.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж