Ажилчдаа халах болсон тухай энэ мэдээлэл гармагц Ricoh компанийн хувьцааны үнэ долоон хувиар унасан байна. Оффисийн зориулалттай төхөөрөмж болох хуулбарлагч машин зэрэг бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлэж байсан тус компани ийнхүү цомхотгол хийх болсон шалтгаан нь олон улсын санхүүгийн хямралтай холбоотой гэж Ricoh компанийн удирдлагууд мэдэгджээ.
Компанийн захирал Сиро Кондо хэлэхдээ, “ Асар том компани болон хөгжсөн учраас дотоод бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Ингэснээр улам ч хүчирхэг болно” гэсэн байна. Мөн тэрээр ашиг багатай үйлдвэрлэлээс татгалзах талаар сүүлийн үед анхаарал тавиагүй байсан алдаагаа засахаас өөр аргагүй боллоо гэжээ. Токиод байрлах Ricoh компанийн төв удирдлага салбарууддаа хийж байгаа энэхүү цомхотголын үр дүнд 733 сая ам.долларын зардлыг хэмнэнэ хэмээн найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн цаашдаа ч шаардлагатай цомхотголыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гурван жилийн дотор ийм аргаар 140 тэрбум иенийн үйл ажиллагааны хэмнэлт гаргаж чадна гэж тооцоолжээ.
Хэдийгээр Ricoh компанийн удирдлага цомхотгол хийх болсон гол шалтгааныг дэлхийн санхүүгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа ч өөр бусад шалтгаан ч бас байгаа гэж шинжээчид хэлж байна. Мэдээж нэг шалтгаан нь өнгөрсөн гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн уршиг бөгөөд энэ үеэр тус компанийн хэд хэдэн үйлдвэрийн барилга нурж сүйдэн ихээхэн хохирол учруулсан аж. Мөн сүүлийн үед иенийн ханш байнга өсөж байгаагаас болж тус компанийн экспортын худалдаа ашиг багатай болж ирсэн нь ч бас нэгэн шалтгаан гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн сард Японы ахуйн цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгч Panasonic фирм өөрийн 17 мянган ажилчдыг халахаар шийдвэрлэсэн байна. Panasonic фирм газар хөдлөлтийн үеэр мөн л хохирч, гамшигт өртсөн үйлдвэрүүд нь одоо л үйл ажиллагаагаа сэргээж байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа аж. Хэдий тийм боловч байгалийн гамшиг нүүрлэхээс өмнө гаргаж байсан хэмжээнд хүрэхээр бүтээгдэхүүнийг одоо хэр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм байна. Мөн ганцхан Ricoh ч биш бусад японы компаниуд ч мөн адил ханшийн хөдөлгөөнөөс болж экспортын зах зээл дээр бусад орны хямд бараануудтай өрсөлдөж чадахгүйд хүрээд байгаа ажээ. Ялангуяа Хятад болон Өмнөд Солонгосын үйлдвэрлэсэн үнэ хямд бараатай өрсөлдөх нь японы фирмүүдийн хувьд улам бүр хүнд болж байгаа гэнэ.
Дэлхийн хэмжээний шилдэг брэндийг гаргадаг японы SONY фирм иенийн ханшны өсөлтөөс болж 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдгээ өчигдөр зарласан байна. Энэ дүн мэдээг энэ оны гуравдугаар сараар тасалбар болгосон санхүүгийн жилийн тайланг гаргасныхаа дараагаар мэдээлжээ. Гэхдээ энэ оны эцэс гэхэд тус фирмийн орлого эргээд нэмэгдэнэ гэж найдаж байгаа аж.
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин