-Тоглолтын 11, 32, 62 дахь минутад дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси гоолдлоо.
Испанийн Ла Лигийн 19 дүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Энэ хүрээнд хүснэгтийн хоёрдугаар байрт явсан "Барселона" клуб "Депортиво Ла Коруна" клубын "Estadio Municipal de Riazor" цэнгэлдэхэд зочлон тоглож, 4-0 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэлээ.
Тоглолтын 11, 32, 62 дахь минутад дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси гоолдсоноор багаа хожилд хөтөлсөн. Мөн тоглолтын 83 дахь минутад эсрэг багийн хамгаалан тоглогч Сидней автогоол оруулж, "Барса"-д тус хүргэсэн юм. Дашрамд сонирхуулахад, Мессигийн хувьд Ла Лигийн 22 дахь хеттрикээ энэ үдэш оруулсан юм.
Мөн тэрбээр энэ улирлын 19 дэх гоолоо оруулж, Ла Лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт тэргүүлэгч Кристиано Роналдогийн ард бичигдсэн хэвээр үлдлээ. Харин "Барса"-гийн хувьд 19 тойргийн дараах байдлаар 44 оноотой болж, тэргүүлэгч "Реал Мадрид"-аас нэг онооны зөрүүтэй хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр үлдсэн бол "Депортиво Ла Коруна" клубын хувьд 17 оноотой хүснэгтийн 17 дугаар байрт хэвээр үлдлээ.
Тэгвэл нөгөө талд "Атлетико Мадрид" клуб өөрсдийн "Висенте Калдерон" цэнгэлдэх хүрээлэндээ "Гранада" клубыг хүлээн авч тоглон, 2-0 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Тоглолтын 34 дэх минутад эзэн багийн довтлогч Марио Манжукич тооны харьцааг нээсэн. Улмаар тоглолтын 88 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Гарсиа нэгийг нэмсэнээр багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.
Ингэснээр "Атлетико Мадрид" клубын хувьд 19 тойргийн дараах байдлаар 41 оноотой болж хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн бол "Гранада" клубын хувьд 19 тойргийн дараах байдлаар 14 оноотой хүснэгтийг хомоол хамсан хэвээр үлдлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn