Яагаад ийн асуух болов гэж гайхах хэрэггүй болов уу. Өнгөрсөн долоо хоногт /I.14-ний өдөр/ Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлэн 13 хувь болгох шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалаад арилжааны банкууд зээлийн хүүгээ өсөгх эсэх нь анхаарал татаж байна. Бодлогын хүү, зээлийн хүү шууд хамааралтай гэсэн зах зээлийн анхдагч ойлголттой хүмүүс цөөнгүй бий. Энэ утгаараа арилжааны банкууд зээлийн хүгээ өсгөх магадлалтай, тэр хэрээр зээл хумигдаж, аж ахуйн нэгжүүд зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа өргөтгөх боломжгүй болох нь гэсэн болгоомжлол нийгэмд бий болжээ. Тиймээс бид “Мөнгөний бодлогын хүүг дагалдаж арилжааны банкуудын зээлийн хүү өсөх үү” гэсэн асуултын хариуг албаны хүмүүсээс авлаа.
Хамгийн түрүүн Мөнгөний бодлогын хүүг өсгөх шийдвэр гарсан өдөр Монголбанкны захирал Н.Золжаргал дээрх асуултад хэрхэн хариулсныг харъя. “Зээлийн хүүний тооцоонд ордог гол тооцоолол нь бодлогын хүү мөн. 2012 онд бодлогын хүү 13.25 хувь байхад инфляци 14 хувьтай, зээлийн хүү 18 хувьтай байсан байна. Эндээс бодлогын хүүг нэмэх нь зээлийн хүүнд шууд хамааралтай гэхээс илүү зээлийн эрсдэл нөлөөлдөг гэж хэлж болно. Тэр өнцгөөс харвал эдийн засагт бий болоод буй эрсдэл арилж, валютын орох урсгал нэмэгдвэл заавал зээлийн хүүг нэмэх шаардлагагүй” гэсэн хариултыг өгсөн байна.
Харин Монголын банкны холбооны шинэхэн Ерөнхийлөгч О.Орхон “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа “Монголбанкны хувьд зах зээлд үүсээд байгаа нөхцөлтэй уялдуулан бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан байх. Энэ бол гарах ёстой шийдвэр. Эдийн засаг хэт халалттай байх үед гаргасан шийдвэрийг буцаан залруулж байна гэж ойлгож болно. Бодлогын хүү өснө гэдэг бол зээлийн хүүгийн өртөг өсөхийн дохио л доо. Зээлийн хүү өсөхөөр аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авч, бизнес эрхлэх сонирхол буурдаг. Нөгөө талаар банкуудад зээл өгөхөөс илүү өөр өндөр өгөөжтэй зүйлд хөрөнгөө байршуулах боломж гардаг. Энэ бүхний нөлөөнд зээл буурна ” хэмээн тайлбарлажээ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:
-Арилжааны банк болгоны нөхцөл байдал, боломж харилцан адилгүй. Тиймээс банкууд нөхцөл байдалдаа дүгнэлт хийж байж зээлийн хүүгээ өсгөх эсэхийг шийдэх учиртай. Бодлогын хүүг дагалдаад зээлийн хүүгээ өсгөлөө гэхэд буруутгах аргагүй. Манай банкны хувьд зээлийн хүүгээ өсгөөгүй, үйл ажиллагаа урьдын адил хэвийн явагдаж байна. Хойшид зээлийн хүүг өсгөх эсэх нь улс орны эдийн засаг, зах зээл ямар байгаагаас шалтгаална гэлээ.
Голомт банкны байгууллагын банкны газрын захирал Л.Оюун-Эрдэнэ:
-Монголбанк Мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгжээр нэмэгдүүлсэн нь банкуудын зээлийн хүүд нөлөөлнө. Аажимдаа нөлөөлж, хүү нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ манай банкны хувьд зээлийн хүүгээ нэмээгүй байгаа гэсэн хариултыг өгч байна.
Өнгөрсөн жилүүдэд банк санхүүгийн зах зээлд зээл их хэмжээгээр нэмэгдсэн гэсэн тооцоо бий. 2012-2013 онд банкуудын зээл 40-50 хувиар өссөн бол өнгөрсөн 2014 онд 16 хувь болтлоо буурчээ. Энэ тоо энэ онд дахин буурах магадлалтайг мэргэжлийнхэн үнүйсгэхгүй байна. Банкны зээл эдийн засгийн өсөлтөд шууд уялдаатай байдаг онцлогтой. Тиймээс зээл буурахын хэрээр эдийн засаг ч мөн хумигдах гаргалгаа харагдаж байгаа юм. Ийм нөхцөлд хувийн секторынхон зээлийн эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүйг банкны лидэрүүдийн яриа баталж байна.
Д.ЦЭЭНЭ