Барак Обама албан тушаалтнуудад том оврын автомашин худалдан авахыг хориглосон байна. Энэ тухай The Detroit News хэвлэлд мэдээлсэн байна. “Цаашид хэрэгтэй байсан ч том оврын хүч чадалтай седануудыг ашиглахгүй” гэж ерөнхийлөгчийн баримтад өгүүлжээ.
Тунхагийн дагуу Нэгдсэн үйлчилгээний албаны газар (General Services Administration, GSA) холбооны авто паркт 100 цахилгаан тээврийн хэрэгсэл оруулах төслийг хэрэгжүүлж эхлэв. Машинуудыг Вашингтон, Детройт, Лос-Анджелес, Сан-Диего ба Сан-Франциско хотуудын яам тамгын газруудад хуваарилна. Мөн орон нутагт цахилгаан машины засвар, үйлчилгээ явуулах дэд бүтцийг GSA бий болгох гэнэ.
Ерөнхийлөгчийн хөтөлбөрт 2015 оны арванхоёрдугаар сар гэхэд албан тушаалтнуудын унах албаны болон түрээсийн машинууд нь эрчим хүчний хэмнэлттэй хөдөлгүүрээр тоноглогдсон байх ёстой.
Засаг захиргаа орон нутагт био болон цахилгаанаар цэнэглэх түгээгүүрийн сүлжээ, үйлчилгээг бий болгосон байх ёстой гэнэ. Шинэ загварын машинуудыг ашиглах үр дүнг нэмэгдүүлэхийн тулд энэ тунхаг бичгээр төрийн албанд хэрэглэх машины хэмжээ, машинд тавих нэмэлт төхөөрөмжийн хязгаарлалтыг зааж өгсөн байна. “Холбооны агентлагууд зургаан сарын дотор авто паркийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллээ өгсөн байх ёстой. Энэ санамж бичиг аврах албад, цагдаа болон тусгай албаныханд үйлчлэхгүй” гэж баримтад өгүүлжээ.
Тогтсон уламжлалаар Америкийн төрийн албад нь машины парктаа бүрэн хэмжээний Ford Taurus эсвэл Ford Fusion (Европын авсаархан хетчбэкаас, америкийн Fusion– седан 4,84 метрийн урттай, 2,5-3,5 литрийн эзэлхүүнтэй, 175-263 морины хүчтэй хөдөлгүүртэй), Lincoln Town Car, Cadillac STS загварын машинуудыг худалдан авдаг. Одоо тэгэхээр эдгээрийг хибрид эсвэл цахим хөдөлгүүртэй Chevrolet Volt, Nissan Leaf машинуудаар солих болж байна. Обама өөрөө хуягласан Cadillac One лимузин унах бөгөөд үүнийг нь сэтгүүлчид танктай зүйрлэн хэлдэг. Цагаан ордны баримтад төрийн тэргүүн экологийн авто машин хэрэглэх эсэхийг заасангүй.
Обамагийн санамж бичигт нь нефть экспортлогч орнуудын хамаарлыг арилгах, нефтийн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах түүний стратегийн хандлага харагдаж байна. Гуравдугаар сарын сүүлчээр тэрээр ард түмэндээ хандан шатахууны хэрэглээг багасгахыг уриалсан юм. Мөн түүнчлэн Цагаан ордны төлөвлөгөөнд 2017 он гэхэд нефтийн импортыг 30 хувиар бууруулж, шинэ түлшний стандартыг бий болгохоор тусгаад байгаа юм.
Шатахууны салбар дахь ерөнхийлөгчийн шинэчлэл нь Хойд Америкийн зах зээл дэх авто үйлдвэрлэгчдэд түгшүүр төрүүлжэ байна. Энд шатахууны шинэ стандартын талаар яригдаж байна. Шинэ стандартыг энэ зун ачааны машинуудад, намар нь суудлын автомашинуудад суулгана. “Их гурав” болох GM, Ford, Chrysler шинэ хэмжигдэхүүнтэй нарийвчлан танилцахын тулд энэ хугацааг сунгаж өгөхийг Засгийн газраас хүсчээ. Машин үйлдвэрлэгчид нэг галлон бензинээр 34,1 милийг туулах (100 км-т 6,9 литр) Конгрессийн нормыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэхдээ их гурвалын төлөөлөгч “Үүгээр энэ ажил дуусахгүй нормыг улам багасгах болно” гэжээ. Америкийн засаг захиргааны эцсийн зорилт нь 2025 он гэхэд 100 км-т 3,8 литр шатахуун хэрэглэх норм юм. Ингэснээр Засгийн газар 7,7 сая галлон буюу 385 баррель нефть хэмнэнэ гэж Цагаан ордон тооцоолжээ.