Охин компанийг саналын эрхгүй болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Охин компанийг саналын эрхгүй болгоно гэв

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд есөн жилийн өмнө батлагдаж байсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ хуулийг шинэчлэн батлах болсон гол шаардлага нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад олгох тусгай зөвшөөрөл тодорхой бус байгаагаас  гэмт хэрэг, зөрчил гарах сөрөг үр дагавартай холбоотой аж. Түүнчлэн сэтгэцэд нөлөөт эмийг эмчилгээний журмаар хэрэглэх заалттай өвчтөний тоо харьцангуй олон бөгөөд  энэ төрлийн эмийг  мансууруулах эмтэй адилтган хуульчилж өгснөөр өвчтөнүүдийн эмийн хангамж хүрэлцээ доголдож, эмчилгээ тасрахад хүргэдэг байжээ.

Ийнхүү хуульд нэмэлт оруулснаар хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл нэмэгдэн, хэмжээг чангатган, ногдуулах арга хэмжээг учруулсан хор уршиг, хохирлын хэмжээнээс хамааруулан тогтоосноор эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдахтай холбоотой зөрчил гарах нь багасах боломжтойг хууль санаачлагчид онцолсон бөгөөд хэлэлцүүлгийн үеэр эсрэг санал, асуулт хариулт өрнөсөнгүй. Уг асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79,1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг ийнхүү батлаж чадлаа.

Үүний дараа Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж байх гэсэн санаа уг хуулийн үндсэн зорилгуудын хамгийн эхнийх нь гэнэ. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Монгол Улсын хэмжээнд 300 гаруй хувьцаат компани байгаа ч өнгөрсөн онд 20 гаруй нь л ногдол ашиг тараасан” гэх мэдээллийн үндсэн дээр боловсруулагдсан аж.

Хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл доогуур, урагшаа явдаггүйн шалтгаан нь хувьцаат компаниудын тайлан мэдээ цагтаа гардаггүй, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараадаггүй, удирдлагад нь оролцох боломжгүй, хууль зөрчсөн байлаа гэхэд хүлээлгэх хариуцлага сул зэрэг олон гажуудал байсан. Харин энэ хуулийг дээрх алдааг хязгаарлах зорилгоор боловсруулсан” гэв. Хэлэлцүүлгийн үеэр хуулийг шинэчлэх шаардлагыг олонхи гишүүд дэмжиж байсан боловч зарим нэг зохицуулалтыг эргэн харах нь зүйтэй гэх санал гаргаж байв. Тухайлбал, толгой компанийнхаа хувьцааг эзэмшигч охин компани саналын эрхгүй байх зохицуулалт нь манай улсын хувьд Оюутолгой мэтийн хамтарсан компаниудад сөргөөр нөлөөлж болно гэх болгоомжилж буйгаа хэллээ. Энэ талаар Э.Бат-Үүл гишүүн асуудал хөндөж “Толгой болоод охин компанийн талаар бид буруу ойлголцоод байна. Жишээ нь “Оюутолгой” чинь “Авенхоу Майнз”-ийн охин компани юм уу, Монголд шинээр үүсгэн байгуулагдсан компани юм уу. Монголын Засгийн газар тэр компанитай хамтран байгуулсан хараат бус компани гэх юм бол үүнийгээ тодруулах ёстой. Ер нь стратегийн орд газрыг ашиглаж буй ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ямар компани болохыг тодорхой болгохын тулд компанийн хуулиа шинэчилж байгаа юм гэж ойлгоод байна шүү” хэмээн тодруулж өгөхийг хүслээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Ажлын хэсэг дээр охин компани нь хувьцаа эзэмшиж болох ч саналын эрхгүй байна. Хувь эзэмшигчдийн хурлын ирцид тэдний эзэмшиж буй эрхийг хасч тооцох тухай санал гарсан” гэв.

Түүнчлэн төсөлд зааснаар компаниуд  жил бүр хувьцаат компанийн хурлаа хийж байхаар зааж өгчээ. Хэрвээ уг хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй байвал санхүүгийн зах зээлийг зохицуулах эрх бүхий байгууллага тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь дуусгавар болсныг мэдээлж, энэ үндэслэлээр бүрэн эрх нь  дуусгавар болсноос хойш гурван жилийн хугацаанд аливаа хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тухайн этгээдийн нэрийг дэвшүүлэхээс татгалзах хариуцлага хүлээхээр зааж өгсөн аж. Хуулийн шинэчилсэн найруулга дахь хугацаа тогтоосон, цаг заасан хязгаарлалтууд нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж, төрийн оролцоо хэт нэмэгдсэнээр хүнд суртал үүсгэх нөхцөл болох учраас  УИХ нэгэнт болж байгаа юмаараа оролдож байхаар хэлэлцэхгүй орхиё гэх саналтай хүмүүс ч байсан юм. Ийнхүү нэлээд шүүмж өрнөсөн ч санал хураалтын үед уг хуулийн төсөлд орсон эдгээр саналуудыг олонхи гишүүн дэмжиж саналаа өгч дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн байна.

Бирж 100-аас доошгүй толгой мал худалдан авна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Гишүүд Хөдөө аж ахуйн бирж байгуулах шаардлагатай байгаа ч зохицуулалт муу байна гэж үзэж байгаа юм. Хөдөө аж ахуйн бирж байгуулахад малчид буюу малын гаралтай түүхий эд тушаагчид зэрэг хүмүүс брокерын үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа юм. Гэвч түүхий эд тушаахдаа жишээлбэл нэг буюу 99 хүртэл тооны толгой мал Хөдөө аж ахуйн бирж дээр борлуулах гэж байгаа бол бирж түүнийг худалдан авахгүй юм. Учир нь бирж дээр мал худалдан авах тухайд хамгийн багадаа 100 тоо толгой байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ нь жирийн малчдад хүндрэл учруулах алхам болж байна. Тэгэхээр малчид Хөдөө аж ахуйн бирж дээр түүхий эд тушаахын тулд заавал хориж байж биржийн шаардлагыг хангах хэрэгтэй болж байна. Харин Өчигдөрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу түүхий эдийг БНХАУ-ын ченжүүд худалдан авдаг. Тэгэхээр ченжүүдтэй өрсөлдөхүйц бирж байгуулах хэрэгтэй гэлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын ХХААБХ-нд шилжүүллээ.

Б.Мандах


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж