Дэлхийн шилдэг теннисчид Австралийн Мельбурн хотноо цуглараад байна. Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд Мельбурн хотноо болох юм.
Тэмцээний ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалын нэгдүгээр тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд гуравт эрэмбэлэгдсэн Румыний Симона Халеп Италийн Карин Кнэппийг 6:3, 6:2-оор хожиж, хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрээр шөвгийн дараагийн тойрогт (1/32) талбайн эзэн орны теннисчин дэлхийн чансааны 70-д бичигдэж буй Яамила Гадосоватой тоглоно.
Өнгөрсөн жилийн тэмцээнд 11-т эрэмбэлэгдэн тоглосон Симона Халеп шөвгийн наймд шалгарсан. Тэрээр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Словакийн Доминика Цибулковад 6:1, 6:2-оор ялагдсан юм. Улмаар Цибулкова шигшээд шалгарч БНХАУ-ын Ли На-д хожигдож байсан юм.
Энэ жил 103 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээний нийт шагналын сан 40 сая австрали долларт (32.5 сая америк ам.доллар) багтаж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй аваргууд тус бүр 3 сая австрали долларын шагнал хүртэх бол эхний тойргийг давахад 35 мянган австрали долларын мөнгөн шагнал хүртэх юм.
Ч.БОЛОР