Оюутан суралцуулахад 5.3 тэрбум төгрөг зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Оюутан суралцуулахад 5.3 тэрбум төгрөг зарцуулж байна

“Гадаадын их, дээд сургуульд монгол залуусыг сургах, боловс­ролыг дээшлүүлэх талаарх тө­рийн бодлогыг сайжруулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Нийгмийн ардчилал залуучуу­дын байгууллагаас санаачлан зохион байгууллаа. Тус нээлттэй хэлэлцүүлгээр гадаадад сурал­цахад оюутнуудад ямар бэрхшээл тулгамдаж буй, сонголтоо хэрхэн зөв хийх зэрэг асуудлаар төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөлөл оюутан залуустай санал солилц­лоо. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажил­­ла­­гааны хэлтсийн дарга Ч.На­ран­цогт “Эдийн засгийн хөг­жилтэй холбогдуулаад дотоо­­дын боловсон хүчин бэлт­гэж буй чанар, гадаад яв­сан оюутнуудад тавьж буй төрийн бодлогын дэмжлэг, мэр­­гэжлийн жагсаалтуудыг гар­га­сан. Шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, анагаах, боловсрол гэсэн чиглэлээр илүү түлхүү гадаадад сургая гэсэн бодлого барьж байгаа. Оюутнуудад хандаж хэлэхэд, мэдээл­лийн эрин үе хөгжсөн энэ цаг үед мэдээллийг хаанаас ч авах боломж байгаа. Уг мэдээлэл нь ч хэлтэй холбоотой учраас хэлээ сайн сурцгаа. Хүн өөрөө мэрийлттэй байхад ямар ч улсад сурахад асуудал байхгүй л болов уу. Харин мэдээллээ хаанаас олох талаар мэддэггүй учраас манайхан олон юмнаас тусгаарлагдаад байна. Мэдээллээ зөв олсон оюутан төрийн зээл, тусламжид найдах бус хувиараа ч гэсэн хөөцөлдөөд тодорхой хэмжээний тэтгэлгийг тухайн улсаас олох боломж байгаа” гэдгийг оюутнуудад анхааруулж байлаа.

Гадаадад суралцагчдад олгож буй зээл, буцалтгүй тусламжийн талаар Сургалтын төрийн сангийн захирал Д.Нансалмаагаас тодрууллаа.

-Манай улсаас гадаадын их дээд сургуульд нийтдээ хэчнээн оюутан суралцаж байна?

-Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар гадаадад сургах арга хэмжээг 1997 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Одоогоор Монгол Улсын Засгийн газрын баталсан тогтоолын дагуу нийт 1320 гаруй хүнийг төрийн сангийн зээлээр гадаадын 34 оронд суралцуулсан байдаг.  Сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулах журмыг БСШУ-ы сайд баталж, жил болгоны сонгон шалгаруулалтаар дунджаар 50 орчим оюутан гадаад улс оронд магистр болон докторын боловсрол эзэмшдэг.  Харин Засгийн газраас гадаадад суралцагчдын тоог гурав да­хин нэмэгдүүлж, өнгөрсөн оноос эхлээд 100 гаруй оюутан гадаадад суралцах болсон.  2011 онд ч энэ хэмжээний хүмүүсийг шинээр элсүүлэн суралцуулах бэлтгэл ажлыг хийж байна.

-Зарим салбарын мэргэж­лүүд манайд хангалттай бэлт­гэгдсэн байдаг. Уул уур­хай, техник технологи хурдац­тай хөгжиж буй энэ үед энэ чиглэлээр мэргэжилтэн бэлт­гэхэд зээл, тусламжийг илүү түлхүү ашиглах талаар хэр анхаарч байгаа вэ?

-Мэдээж энэ тал дээр хэч­нээн оюутныг ямар мэргэжлээр хаана суралцуулах вэ гэдэгт төрөөс илүү анхаарлаа хандуулж байгаа гэж хэлж болно. Хам­гийн түрүүнд тодорхой мэргэжлүү­дээр суралцуулах чиглэлийг барьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй инженер технологи, уул уурхай, анагаах ухаан, хөдөө аж ахуйн мэргэжлийг тэргүүлэх чиглэл гэж үзэн, тухайн чиглэлээр жил болгон сонгон шалгаруулалт хийж, эдгээр чиглэлүүдээр сурч байгаа суралцагчдын дунд илүү квот өгдөг. Түүнээс гадна ямар сургуульд суралцах вэ гэдэг тодорхой шалгуур тавьдаг. Энэ хичээлийн жилд дэлхийн шилдэг 50 сургуульд баклаврын тэтгэлэг олгоно. Мөн магистр, докторт суралцах мэдээлэл манай яамны вэб сайтад байршуулсан байгаа.

-Энэ хичээлийн жилийн гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын талаар сонирхвол?

-Энэ хичээлийн жилийн сонгон шалгаруулалтын талаар одоогоор мэдээлэл өгч чадахгүй нь. Яамнаас чиглэл нь гараагүй байгаа учраас.

-Эзэмших мэргэжлээс гадна өөр ямар шалгуур тавигддаг вэ?

-Мэдээж магистр, докторт суралцаад мэргэжлээ дээшлүүлэх гэж байгаа хүн бол тодорхой хэлний шалгуур тавигддаг. Энэ шалгуур үзүүлэлтэд манай суралцагчид их бүдэрдэг. Энэ тал дээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн нэгэнт зээл учраас зээл, тусламжид хамрагдах гэж байгаа хүн зээлийн барьцаанд тавих тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийн баталгааг хангах шаардлагатай байдаг.

-Энэ онд гадаадад оюутан суралцуулахад сургалтын төрийн сангаас хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?

-2010-2011 оны хичээлийн жил, 2011-2012 оны хичээлийн жилд нийтдээ 5.3 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлөөр магистр, доктор эзэмших боловсролд зарцуулж байгаа.

-Аль улсад ямар мэргэж­лээр түлхүү суралцуулж байна вэ?

-Нийт суралцагчдын 45 хувь нь АНУ-д суралцсан, нэг хэсэг нь одоо суралцаж байна. Харин сүүлийн үед Австрали руу уул уурхайн чиглэлээр маш олон хүмүүс явах болсон. Энэ улсад 10 орчим хувь нь суралцаж байна. ОХУ-д 16 орчим хувь, ХБНГУ-д 11 орчим хувь нь суралцдаг юм. Түүнээс гадна 500 гаруй их, дээд сургуулийн жагсаалтад орсон олон улсын их, дээд сургуулиудаас суралцагч өөрөө сургуулиа сонгоод тухайн сургуульдаа элсэн орсон тохиолдолд шалгалтад орж зээл авах боломжтой байдаг.

Д.ДОЛГОР


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж