Газар бол улсын үндэс.
Дэлхий дахин, сав шимийн ертөнцийн анхны төрт улс Хүннү гүрнийг үүсгэн байгуулагч Их Шанью, “Тэнгэрийн хүү” Модун ийнхүү хэлсэн билээ. Түүний энэхүү гэрээс үг хоёр илүү мянганыг туулан өнөөгийн бидэнд ирсэн ч үнэ цэнээ алдаагүй л байна. Харин тэрээр энэхүү үгээ өчигдөр орой УДЭТ-ийн тайзнаас монголын ард түмэндээ хандан дахин нэг удаа хэллээ. Учир нь Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийн тус театрын хамт олон театрынхаа барилга, тайзны техник хэрэгсэлийг шинэчлэх их ажилд зориулан тоглосон юм.
..Бага хатан Шунхуй/СТА Г.Отгонцэцэг/, баруун гарын ван Лүүсүү/МУАЖ П.Цэрэндагва/ нарын үгэнд хэт орж, өөрийн ухаан бодлоо хатуу сархадад мэдүүлсэн Хүн улсын Их Шанью Түмэн/МУГЖ Б.Жаргалсайхан/. Тэрээр өөрийн их хатан Могол/МУГЖ Г.Урнаа/-оос төрсөн улс даяар нэр нь түгсэн Модунаа “Сэнтийд нь санаархав” гэсэн хорт муу үгэнд автан эртний өст Кушан улсад энх тайван байхын илэрхийлэл болгон барьцааны хүнээр өгч явуулна. Модун явахаасаа өмнө Хуяань овгийн тэргүүлэгч Бушива/МУГЖ С.Дамдин/-ийн том охин Шагэ гүнж/Н.Баярмаа/-ийг өөрийн эхнэрээ болгон авна. “Энгэрийн чинь мөнгөн товчийг үдшээр жингэнүүлж” хамт байна гэж хайрт Шагэдаа амласан боловч харь гүрэнд барьцааны хүн болон явах улсын зарлигийг яалтай.
Тэрээр улс орон, газар шорооныхоо төлөө эцэг Шаньюгаа зөв шийдвэр гаргасан хэмээн өмөөрөн бодож байсан ч эцэг нь гэрээгээ зөрчин Кушан улсруу довтолно. Энэ нь мөнөөх л муу санаатнуудын нөлөө орсон зүйл. Харь гүрэнд гав дөнгөтэй байсан Модун, Кушаны гүнж Буни/СТА М.Тогтохжаргал/-тай хамт оргон эх нутаг, ижий аав дээрээ ирнэ. Ингэхдээ нь зэрэгцэн Чин улсыг даран сөнөөсөн Хан улсын хааны илч ирж бага хатан, улсынхаа билэг тэмдгийг өг, эс бөгөөс газар нутгаасаа өг хэмээн сүрдүүлнэ. Харин Түмэн шанью энэ үед газар нутгаасаа өгөх шийдвэр гаргасанаар Модун эцгийнхээ бага хатан Шунхуй, Лүүсүү ван нарыг цаазлаж, өөрийн эцгээ хөнөөнө.
Үүнээс өмнө Модун түмтийн цэргүүдтэйгээ хамт бэлтгэл хийж байсан бөгөөд ингэхдээ түмтийн ноён болоход нь ёсолсон хатнаа, эцэгт бэлэглэсэн морийг харван алсан байх болно. Тийм ч учраас модун хаашаа харвана, цэргүүд нь тэр зүгт харвана.
Түмэн шанью алагдахаасаа өмнө хүүгээсээ “Кушаны барьцаанд өөрийг чинь биш эхийг чинь явуулсан бол чи яах байсан” хэмээн асуух бөгөөд Модун хариуд нь “Элэг зүрхэндээ уйлан хайлж байвч Эцэг таныг зөв юм хийлээ гэж магтах байсан” гэж хариулна. Яг энэ л хэсэгт жүжгийн гол санаа явж байгаа юм. Учир нь хурдан хүлэг морь, хайртай хатан байлаа ч гишгэх газаргүй хөл байгаад яах билээ гэсэн өвөг дээдсийн амин захиас, ямар их зүйлийг зольж байж эх орноо авч үлддэг вэ гэдгийг илэрхийлж байгаа юм.
Өшөөт дайсан улсынхаа хааны басамжлан доромжилж нэхсэн бүхий л зүйлийг/хайртай морь, хатан/ өөрийн улсын хүчээ сэлбэж гүйцэтлээ цаг хожихын тулд өгсөн боловч газар нутгаас нь авахаар ирэхэд нь дайн зарлаж, улмаар Хан улсыг даран сөнөөж байгаагаар жүжиг төгсөнө.
Зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгээ маш сайн бичжээ хэмээн бодож суулаа. Учир нь дүрүүдийн харилцан ярианы уран сайхан, оновчтой хэллэг, түүхэн үнэнээс гажуудуулаагүй байдал зэрэг маш сайн гэдэг үнэлэлт өгөхөд хүргэнэ. Мэдээж Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ч сайн найруулж, УДЭТ-ын жүжигчид ч энэхүү жүжигт гайхалтай тоглосон. Энэ дундаа СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг Хүннү гүрний Их Шанью Модуны дүрийг хайлж, хайрлаж, шатаж, шаналж бүтээсэн нь бахархууштай.
Ард түмнийхээ боол нь мэт зүтгэсэн хаан л түүхэнд үлддэг, хүчирхэг улс үндэстнийг цогцлоодог ажгуу. Тэнгэрийн хүү Модуны байгуулсан хүчирхэг Хүннү гүрэн, түүний суу алдар хоёр илүү мянганыг туулан цуурайтсаар байнам.
Т.ДАРХАН