Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

"Энэ чинь нөгөө хэний хүн ш дээ. Аан тийм үү. Даанч тийм байх аа. Овоо том ар талтай болохоороо байгууллага дээр “хөндлөн” байдаг юм байна л даа. Хэлтсийн дарга даанч юм хэлж чаддаггүй юм". Хэний хүн ч өөрөө хэний хүн гэдгээ нуухгүй, харин ч нууцхан хэнийгээ магтаж, саймширна. Хэний хүн бол хэний л хүн. Байгуулсан гавьяа, хийж бүтээсэн зүйлгүй хэр нь тушаал суга, дэвшинэ, цалин нь суга нэмэгдэнэ. Аан бас гадаад томилолт, сургалт бүрт нөгөө хэний хүн л хамгийн түрүүнд хамрагдана. Шагнал, урамшуулалд ч бас хэний хүний нэр л хамгийн түрүүнд цохиж явна.

Төрийн байгууллагад хэний биш хүн ер нь цөөн. Бүгд л хэн нэг танил талаараа шургалсан байх бөгөөд хэний хүн харин тэднээс арай өөр эрх дархтай. Хурган даргаар дамжуулж орж ирсэн нөхөд бол андашгүй. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй, мөрөөрөө голдуу нөхөд явж байдаг. Харин нөгөө хэний хүн бол хэцүү. Хор найруулах, хов хутгах гээд болж бүтэхгүй бүхний цаана нөгөө хэний хүн гуай тууж л явна. Хэний хүн чадваргүй хэрнээ хамгийн хариуцлагатай албан тушаалд томилогдоно. Байгууллагын гол хорыг тэд л найруулна. Хэнтэй нийлж, тендер зохицуулах ажлыг чадварлаг гүйцэтгэнэ. Хариуд нь тушаал дэвшиж, унадаг унаа нь томорч, зайсан хавьцаа амьдардаг болж өдрөөс өдөрт өнгө зүс нь сайжирна. За энэ ч гайгүй. Нөгөө хэнийх нь ард бас хүн бий. Тэр бол бүүр том “гар”. Яам агентлаг хавьцаа суудалтай, ямба ихтэй, ямаан омогтой, ярвагар төрхтэй чинь нөгөө “хэн” шүү дээ. За тэр хэн гэгч янтгар нөхрийн ард бас ордон хавьцаа суудалтай, олон туслах, зөвлөхтэй, давхар давхар дээлтэй, далан долоон гуншинтай нөгөө “хэн дарга” бас бий. “Хэнүүсийн” хийсэн болж бүтэхгүй болгоныг хаацайлж, тэдэндээ уул шиг нөмөр түшиг болж сууна. Бас болоогүй. Том юм хум зохицуулж, том хөдөлнө. Тэрийгээ ч маш цэвэрхэн хийгээд гаршчихсан. Хэнүүсийг хааяа дуудаж ирүүлээд “Та нар ч мөн болоогүй байна даа, цэвэрхэн ажиллаж сураач, хоёрын хооронд юман дээр нэр бузарлаад” гэх мэтээр эрүүний шөл уулгана. Хэний хүн бол хэний л хүн.

Хэн томрохоороо хэнийг дарга болгохоо, хэн нь бас хэнийг албан тушаалд томилохоо хэзээний тохироод, үгсэн хэлэлцчихдэг нь нууц биш. Хэн дарга боллоо гэхэд хэний хүн томрох нь тодорхой, баяжих нь баараггүй. Хэний хүнээр хэн ч оролдохгүй. Оролдоод ч дэмий гэдгээ мэддэг учраас тэр. Хамгийн гол нь хэн нь хэний хүн болохыг хүн бүр мэднэ. Мэддэг хэр нь мэдээгүй царайлна. Далдуур харин муусайн утсан хүүхэлдэйнүүд гэж ирээд л муулна. Гэвч хэний хүмүүсээр дүүрсэн энэ байгууллага, энэ яам агентлаг, энэ шаргал ордонд хэний биш хүн олоход хэцүү. Хэн нэгний ард хэн нэгэн нь байж л байдаг. Ийм л хэний хүмүүсээр энэ байгууллага, яамдууд, дүүргүүд, нийслэл гээд нийгэм бүхэлдээ дүүрч. Албан тушаал ахиад ирэхээрээ ах дүү, хамаатан садангаараа хэний хүн болцгооно. Нийгмээрээ нийтээрээ мэдээд, шүүмжлээд ч нэмэргүй. Хэн хэн давхар дээлтэйг, хэн нь хэний ард байдгийг, хэний хүн хэн гэдгийг хэлүүлэлтгүй бүгдээрээ мэдэж байгаа биз дээ. Хэн нийслэлийн газрыг зарж хөлжсөнийг, хэн хэн төрөөс төрсөн тэрбумтан болохыг хэн хэн нь хэдэн тэрбумын хауст амьдарч байгааг, хэн хэн уул уурхайгаар дагнасныг, хэн хэн улсаа зарж баяжсаныг хэн хүнгүй л бүгд мэдэж байгаа.

Ийм л хэний хүнээр дүүрсэн нийгэмд бид амьдарч, бухимдаж, бачимдаж, хэний хүнд дээрэлхүүлж, дарлуулж яваа. Хэн нэгний ард хэн нэгэн нь байж байдаг энэ гагнасан гинжийг тас цохихосон цагт л улс орон хөгжинө. Хэний хүн биш, оюунлаг хүн, чадварлаг хүн, ажилсаг хүн, боловсролтой хүн энэ Монголын ирээдүйг авч явах болтугай гэж хэн нэгний хүн биш Ньюсийн Нарантөгс би бээр бичиглэн хүргэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж