Дотуур байрны ”сүнс”

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Дотуур байрны ”сүнс”

Энэ хүнийг Засагт хан хошууны Сандагийн Бямбацогт гэдэг. Тэрбээр олон хүүхэдтэй өнөр бүлийн ууган хүү. Өнөр бүлийн ууган хүү болоод тэр үү багадаа ер нь л дүрсгүй хүүхэд байсан гэдэг. Түүний багад аав ээж нь том хүүгээ бичиг үсэг нүдлүүлэхээр сумын бага сургуульд аваачиж өгчээ. Тухайн үед хөдөө газар тэр тусмаа сумдад 24 цаг цахилгаантай байна гэж үгүй. Сумын бага сургуулийн сурагчдыг багш нар нь гэгээ тасармагц өрөөнд нь хөөж оруулаад унтуулчихдаг байж. Гэтэл үдэш унтаж амрах нь бүү хэл бүрхэг бүрэнхий үдшийн гэгээнээр сүүмэлзэн зүггүйтэх дэггүй жаал байсан нь орчин цагийн ноён УИХ-ын гишүүн С.Бямбацогт байжээ.

Тэрээр бага сургуульд байхдаа тухайн үеийн хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил хурган дээл өмсдөг бор жаал байж. Харин түүний зүггүй зан хааяа хааяа харанхуй болмогц ил болж цагаан хурган дээлээ дотроор нь эргүүлэн өмсөөд сумын бага сургуулийн дотуур байраар нэг гүйж охидын өрөөний цонх тогшдог байсан гэх. Харин түүний энэ дэггүйтлийг балчир хүүхдүүд яаж мэдэх билээ.  Дотуур байр сүнстэй болсон байна гээд бөөн үймээн болдог байж. Тэрээр найз нөхөд дотны хүмүүстэйгээ хуучилж хааяа бага насаа дурсахдаа энэ тухайгаа ярих дуртай. Түүнийг бага байхад аав Сандаг нь сумандаа томоохон алба хашдаг байсан гэдэг. Гэхдээ түүний амьдрал тийм ч их дардан шулуун байсангүй. Аав нь залуугаараа бурхан болж. Дунд сургууль дөнгөж төгссөн жаахан хүү дүү нараа хүний зэрэгт хүргэх гэж ээждээ туслаж Ховд аймагт шавраар тоосго цохих  болж.  Ингэсээр хэдэн төгрөг цуглуулж нийслэл хотод ирж амьдран дүү нараа нэг нэгээр нь хот руу татаж сургууль соёл дүүргэсэн гэдэг.

Дэггүй жаал эрийн цээнд хүрч, бусдын л адил 1990-ээд оны үед наймаа хийхээр шийдэж урд хөршөөс гахай /бараа/ зөөж ОХУ-д аваачин зардаг байсан аж. Гахай чирж явахдаа өдгөө гурван хүү төрүүлж өгсөн эхнэр Ганцэцэгтэйгээ вагоны дээд талын орон дээр багтаад унтчихдаг байсан тухайгаа хааяа дурсдаг аж. Тэрээр хотод байр хөлсөлж байхдаа мөнгө олох гэж ломбардны бичиг хийж ломбардуудад зардаг байсан ч үе бий гэдэг.

Харин тэрээр зүтгэсээр өөрийн гэсэн компани байгуулж улмаар Монгол Улсдаа томоохонд тооцогдох группын эзэн болж. Харин одоо бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүд дундаа хамгийн залуу нь.

Хамгийн залуу нь болоод ч тэр үү, угийн элдэвтэй зангийнх нь “үлдэгдэл” нөлөөлдөг үү, элдэв шоу нэвтрүүлэгт нэлээд оролцоно. Хамгийн сүүлд МН25 телевизийн “Их хотын үдэш” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, гоо бүсгүйчүүдтэй хамт зураг авахуулж баахан сахилгагүйтнэ лээ.
Гэхдээ чуулганы танхимд бол тэгтэл их шоудаад байдаггүй ч “цор цор” хийгээд байдаг гишүүний нэг. “Энэ хүү овоо зөв юм яриад байдаг юм шүү” гэж тулхтай хөгшчүүд магтдаг болсон байна лээ.  

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж