Бэлэгний “алчуур” буюу сайдын “мануухай”-нууд

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Бэлэгний “алчуур” буюу сайдын “мануухай”-нууд

-Энэ томилгоог мөнгөний үнэр дагадагаас дэд сайдуудын суудлыг үнэлэмжгүй, үнэ цэнэгүй болгож орхисон нь харамсалтай-

Төрийн албан тушаал, тэр тусмаа дэд сайдуудын томилгоо ерөнхийдөө хувь хүний мэдлэг чадвар, мэргэжил боловс­рол, мэргэшил, туршлага гэхээсээ илүү бялуу хуваарилалт хэлбэрээр явагддаг болоод удаж байна. Нийгэм, эдийн засгийг хямралаас гаргах үүрэгтэйгээр парламентад суудалтай бүх нам хамтарч байгуулсан Ч.Сайханбилэгийн танхим ч энэ жишгээс гажсангүй. Шийдлийн Засгийн газар 15 яам, 19 сайд, 17 дэд сайдтай.

Сайдууд эзгүйд гадаад, дотоодын арга хэмжээнд дэдүүд нь тэднийг орлоно. Тэдний хийх ажлын чиг үүр­гийг хуульчлаад өгчихсөн нь бий. Тодруул­бал, Засгийн газрын тухай хуульд “Сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харъяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах” ёстой гэж дэд сайдуудын үүргийг тодорхойлж өгчээ.

Гэвч, намтартаа сайд нэр тавих гэсэн хүмүүсийн амбиц, бэлгэдлийн чанартай энэхүү суудлыг бэлэгний “алчуур” төдийхөн болгосноор дэд сайдын томил­гоо их мөнгөөр яригддаг ханцуй доторх наймаа болон хувирчээ гэлтэй.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын улс төрд дэд сайдын суудал албан ёсжоо­гүй ч хүлээн зөвшөөрөгдсөн “бизнес” болсныг Шийдлийн Засгийн газрын хийсэн томилгооноос харж болно.

Сайд орлох хэмжээний үүрэгтэй, тэр хэмжээний хангамж эдэлдэгийн хувьд дэд сайд салбараа мэддэг, мэргэжлийн, чадварлаг хүн байх ёстой. Гэтэл манайд энэ томилгоог мөнгөний үнэр дагадаг нь дэд сайдуудын суудлыг үнэлэмжгүй, үнэ цэнэгүй болгож орхисон нь харамсалтай.

Гадаад, дотоодод улс орноо төлөөлөх дэд сайдуудын хувьд эхнээсээ чих халууцуулаад эхэлсэн гэх. Тиймээс хэрэв энэ албыг хэвээр үлдээхийг хүсч байгаа бол чадалтай, мэдлэгтэй хүмүүсийг нам эвсэл, фракциар ялгалгүй томилдог, үгүй бол сайдын дайны хангамж эдлээд сууж байгаа сандлын бөглөөснүүдээ цөөлсөн нь төсөвт ч хэмнэлтэй.

Шинэчлэлийн Засгийн газарт Э.Эрдэнжамъян гэж Хууль зүйн дэд сайд байв. Намынхаа даргын итгэлийг олохын тулд интерполиор эрэн сурвалжлагдаж байгаа хэрэгтнүүдийг өмөөрсөн захидал бичин улсаа элэг доог болгох нь холгүй хүнд байдалд оруулсныг хүмүүс мартаагүй.

Сайдынхаа томилгоог нам, эвсэл, фракциудын амбицыг хадгалах зорилгоор бялуу хуваарилалт маягаар хийж болох ч дэд сайдуудын хувьд ядаж л төрийн албаа мэддэг, ойлгодог хүмүүсээр бүрдүүлэхгүй бол Э.Эрдэнжамъян шиг эвгүй байдал оруулахгүй гэх баталгаа байхгүй.

Гадаад харилцааны яам бол Монгол Улсын нүүр царай. Энэ утгаараа тус яаманд мэргэжлийн хүнийг томилох ёстой байтал “The Bull” хэмээх сүлжээ рестораны эзэн авхай Н.Оюундарьд “бэлэглэчихсэн” нь мэргэжлийнхний нүдийг орой дээр нь гаргасан томилгоо болсон юм. Монгол Улсын санаачилга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвх зүтгэлээр өнгөрсөн жилийн намар Монгол-ОХУ-БНХАУ-ын гурван талт уулзалтыг анх удаа хийж чадсан. Энэ бол Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд гарсан цоо шинэ алхам байсан юм. Жил бүр хийхээр тохирсон энэ уулзалтын бэлтгэлийг жилийн турш гурван улсын Гадаад харилцааны дэд сайдын хэмжээнд хангах учиртай. Гэтэл саяхан шөлний амт шалгаад явж байсан хүн гурван улсын дээд хэмжээний уулзалтын “амт”-ыг шалгах болчоод байна. Н.Энхбаярын Засгийн газрын үед Байгаль орчны яаманд ажиллаж байсан Н.Оюундарь хууль зөрчсөн учраас зарим улс түүнийг “персона нон грата” буюу төрийн дипломат шугамаар харьцах хүн биш гэж үзсэн гэсэн яриа байна.

Мөнгөтэй л бол мануухай байсан ч хамаагүй гэгчээр хандсанаас болоод төрийн албаны ямар ч туршлагагүй хүнд дипломат албаа гардуулсан нь МАН-д үүнээс өөр Гадаад харилцааны яаманд ажиллачих хэмжээний боловсон хүчин олдоогүй юм байх даа гэсэн шүүмжлэл сонсогдож байна. Гадаад харилцаа бол захын баарны эзэнд “бэлэглэдэг” бэлэгний алчуур төдийнхөн алба биш л дээ, уг нь. Энэ яамны үйлчлүүлэгч нь хүртэл “хэлтэй” гэсэн яриа ч бий. Тэгээд ч дипломат алба бол ресторан авч явахаас илүү чадвар шаардах алба гэдгийг хэн хүнгүй ойлгох биз.

Ерэн жилийн түүхтэй Монголын уугуул нам болох МАН-ынхан манайх боловсон хүчин сайтай гэж гайхуулдаг. Гэтэл Шийдлийн Засгийн газарт чирж орсон сайдуудыг нь харсан хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт гайхширч байгаад Ардын намын ах нар дүгнэлт хийх цаг болжээ.

Гурван төрд нүүртэй гэгчээр аавынхаа нэр нүүр, мөнгөөр албан тушаалаар гачигдаж үзээгүй Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдаар томилсоны ард мөн л “бизнес” явагдсан гэх хардлага ч дагалдаж буй. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас дэд сайдын сэнтий хүртэл том “үсэрсэн” Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдаар, Н.Энхбаярын үед МАН-ын хэвлэлд ажиллаж байсан Я.Төмөрбаатарыг БСШУ-ын дэд сайдаар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Батзориг нарыг боловсон хүчнээр хахаж байдгаараа гайхуулдаг МАН-ынхан шигшиж, сонгож шалгаруулсан гэхэд эргэлзээтэй. Эсвэл эднээс өөр хүн олдохоо байтал тус нам боловсон хүчний дутагдалд оров уу.

Ардчилсан нам ч ялгаагүй. Төрд танигдах нь битгий хэл түмэн нь мэдэхгүй нөхдүүдийг дэд сайдаар томилсныг нь фракци олонтой тус нам төрсөн өдрийн бялууг тэгшитгэн тараажээ гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм.

Х.Баттулгын нарийн бичгээс Барилга хот байгуулалтын дэд сайд болтлоо “томорсон” Н.Байгалмаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан /улираан томилогдсон/, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбат, Хуульзүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Байгаль, орчин ногоон хөгжлийн дэд сайд М.Хүрэлсүх гээд зарим нь төрийн албанд хоёр жил ажиллачихсан мөртлөө хүмүүст танигдаагүй нөхдүүд Шийдлийн Засгийн газрын танхимд ажиллаж байна.

Хэдийгээр улс төрийн алба намын удирдлагуудын үнэлэмж, мөнгөний тоогоор яригддаг ч гэсэн “мануухай”-нуудаар өөрсдийгөө орлуулж байгаа сайдууд нь ч гэсэн ичдэггүй юм байх даа. Сайдууд нь ичихгүй байлаа гэхэд Монгол Улсынхаа нэр хүндийг бодолцож болмоор юм.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж