Тасалбар 500 төгрөг болох сургаар

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Тасалбар 500 төгрөг болох сургаар

Автобусны кондукторууд урьд өмнөхөөс ч өндөр дуугаар зорчигчидтой харилцах болжээ.  Тэдний амнаас “Автобусны тасалбар 500 төгрөг болно шүү” гэх үг байн байн унах нь дарамттай. Шар хад-Долоон буудлын автобусанд  нэгэн эмэгтэй кондукторт 500 төгрөг сарвайв. Кондуктор 200 төгрөгийн хариулт өгтөл бүсгүй гайхсан харцаар харснаа “Автобусны үнэ 500 болоогүй байсан юм уу” гээд баярлаж байгаа гэж жигтэйхэн. Хариуд нь кондуктор “Удахгүй нэмэгдэнэ” гэхэд царайд нь тодорсон инээмсэглэл хормын төдийд алга болов.

Том оврын автобусны үйлчилгээ эрх­лэгчдийн холбооноос телевиз, радио, сониноор дамжуулан автобусны тасалбарыг өчигдөр буюу тавдугаар сарын 26-наас том хүн  500, хүүхэд 200 төгрөг болгохоо зарласан нь иргэдэд  хүндээр туссан нь илт. Автобус компанийхан болохоор шнээ л нэмэхгүй бол үйл ажиллагаа нь  зогсоно гэж түмэн зовлон тоочих. Татвар, нийгмийн даатгал, нефть импортлогч компаниудад их хэмжээний өртэй, иргэдийн талаас илүү хувийг үнэгүй тээвэрлэдэг, төсвөөс ногдсон санхүүжилтыг дутуу олгодог гээд л  тоочоод байвал мундахгүй их. Энэ удаа дизель түлшний хомсдол үүсч, үнэ өссөн нь тасалбарынхаа үнийг нэмэх том шалтгаан болов. Өчигдөр л хэнд ч захирагдахгүй үнээ нэмнэ гэж байсан автобус компанийн дарга нар халаас нимгэн ард иргэдээ өрөвдсөн үү, Засгийн газраас татаас өгөхийг горьдсон уу ирэх зургадугаар сарын 1 хүртэл  300 төгрөгөөр үйлчлэхээр болсон нь олон нийтийг бага ч болов тайвшрууллаа. Гэхдээ энэ түр зуурынх.

Автобусны үнийг нэмэх ёстой гэх хатуу байр суурь баримталж буй Газрын тосны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Эрдэнэбатаас дээрх асуудлаар тодруулахад “Бид өнөөдрөөс/өчигдрөөс/ үнээ нэмэхээр шийдээд олон нийтэд мэдээлсэн. Гэхдээ үнийг 500 төгрөгөөс багаас тогтоох боломж Засгийн газарт, НЗДТГ-т байгаа учир ирэх сарын 1 хүртэл энэ үнээрээ явахаар үдээс хойш шийдвэр гаргалаа. Засгийн газар энэ хугацаанд асуудлыг авч хэлэлцээд тодорхой шийдэлд хүрэх байх. Ямар ч гэсэн ирэх сарын 1-нээс тасалбарын үнэ  100-200 төгрөгөөр нэмэгдэнэ” гэсэн юм.

Одоогийн байдлаар нийслэлд үйлчилгээ эрхэлж буй 26 компанийн 800 гаруй автобусны 585 нь үйлчилгээнд гарч бусад нь түлшээ хэмнэхийн тулд сул зогсч байгаа гэх. Энэ байдлаараа хэзээ болтол явах нь тодорхойгүй. Нийтийн тээврийнхэн 1999-2009 он хүртэл 200 төгрөгөөр үйлчилж байсан. Тухайн үед дизель түлшний үнэ 270 төгрөг байж. 2009 онд дизель түлш 1270 төгрөг болж тасалбарынхаа үнийг 400 төгрөг болгох санал гаргасан ч төрөөс 300 болгон бууруулжээ. Гэтэл одоо дизель түлшний үнэ 2000 төгрөг хүрсэн нь тасалбараа нэмэх нэгдүгээр шалтгаан.

Хоёрдугаар шалтгаан нь алдагдал, өр ширний асуудал. Тэдний хэлж буйгаар жилд  төрөөс нийтийн тээвэрт төсөвлөж буй  30 гаруй тэрбум төгрөгийг нийслэлээс дутуу хуваарилж, алдагдалд оруулдаг гэх. Жишээ нь 2008 онд 2.3, 2009 онд 2.7, 2010 онд 4.9 тэрбум төгрөг буюу нийт 18 тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу хийсэн гэнэ. Үүнээс болж автобус компаниуд алдагдалд орж, үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэх.

Гуравдугаар шалтгаан нь нийтийн тээврээр үнэгүй зорчигчид хэтэрхий олон. Судалгаагаар 45 600 өндөр настан, 19 700 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 96 000 оюутан нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байгаа аж. Үлдсэн арав хүрэхгүй хувь нь 300 төгрөгөө төлж нэг зорчигчоос 26 төгрөгийн алдагдал хүлээн ажиллаж байгаа  гэнэ. Нийтийн тээврийнхэн ийм тайлбар хэлж байгаа.

Тэгвэл Засгийн газарт ямар боломж байна вэ?

Хувийн хэвшлийнхний хийсэн су­дал­гаагаар тасалбарын үнийг 400 төгрөг бол­говол Засгийн газраас жилдээ 15 тэр­бум төгрөгийн татаас шаардлагатай болох юм байна. Ард түмний амьжиргааны төвшин, нуруун дахь ачааны асуудлыг хариуцсан газрууд нь судалж,  зах зээлийн журмаар асуудлыг шийдэх ёстой гэх хатуу байр суурийг Нийтийн тээврийнхэн илэрхийлсээр байна.

Иргэдэд 500 төгрөгийн тасалбарын сураг таалагдахгүй байгаа нь ойлгомж­той. Тэдний зарим нь бослого гаргаж зам хаана гэж байхад нөгөө нэг нь ажилдаа явахгүй  байлтай биш төлөхөөс аргагүй гэлцэнэ. Харин нөгөө нэг хэсэг нь үнэгүй зорчигчдыг цөөлөх хэрэгтэй гэж үзэж байв. Бүр үнээ нэмэх нь нийтийн тээврийнхний хагартлаа баяжих гэсэн алхам гэсэн шүүмжлэл байна. Автобусны тасалбарын үнэ 500 төгрөг болох сургаар микроавтобус, такси, талх, махны үнэ ч тэнгэрт хадах  вий…

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж