Ерөнхий сайд иргэний нийгмийнхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд иргэний нийгмийнхэнтэй уулзав

Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ ажлын хэсэгт Засгийн газрын болоод иргэний нийгмийн төлөөлөл, холбогдох мэргэжиүлтнүүд оролцсон бөгөөд уг ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж энэ үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна. Зөвлөгөөнийг нээж, Ерөнхий сайд С.Батболд үг хэлж хуралдааныг үр дүнтэй явуулахад хүн бүрийн оролцоо чухалыг онцлов. Тэрээр “Бүгдээрээ ярилцвал буруугүй гэдэг. Хамгийн гол нь ийнхүү бүгдээрээ хэлэлцдэг болох тогтолцоог бий болгомоор байна. Төр иргэний нийгмийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзахад ихээхэн дэвшилттэй зүйлс гарсан байна. Засгийн газар, иргэний нийгмийн хамтарсан энэ ажлын хэсгээс хамтын ажиллагаа дараагийн шатандаа гарах шаардлагатай болсныг ойлголоо” хэмээв.

Энэ ажлын хүрээнд Ерөнхий сайд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа нь ийнхүү хоёр дахь удаагийнх боллоо. Эхний удаад “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” сэдвээр зохион байгуулж байсан бөгөөд хамгийн сайн санал, санаачилга, шийдэл жирийн ард иргэдийн ухаанаас ундаргатай. Тиймээс иргэдийнхээ санаа бодол, санал санаачилгыг үйл ажиллагаа, шийдвэртээ тусгахыг илүүд үзэж, иргэний нийгмийг төлөвшүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг төрийн үүрэг байх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан юм.

Уулзалтанд оролцогчид бодлогын эдгээр асуудлын хүрээнд Нээлттэй засгийн тухай тунхгийн төсөл, Төр иргэний нийгмийн хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох талаар санал дэвшүүлж байлаа. Тэд энэ удаагийн зөвлөгөөнийг “. Энэ удаагийн зөвлөгөөн оны сүүлээр болох иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний чуулганы    бэлтгэл ажлыг базаахад томоохон алхам боллоо. Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсэг өмнөө том зорилтуудыг тавьсан. Үүний хүрээнд хэд хэдэн баримт бичгийн төсөл боловсруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн уулзалт боллоо” гэж дүгнэсэн байна.

Засгийн газраас анх удаа иргэний нийгмийг төлөвшүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх  санал санаачилгыг гаргаж байгаад талархаж байгаагаа уулзалтад оролцогсод илэрхийлж байв. Ингээд уулзалтад оролцсон иргэний нийгмийн төлөөллийн  зарим нэг төлөөлөгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Батболд:

Иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд төртэй хамтран ажиллах талаар тодорхой алхмуудыг хийж ирсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрсэн удаагүй. Харин саяхнаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ чиглэлээр санаачилга гарган ажиллаж, хууль эрх зүй бодлогын хүрээнд асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх  алхам хийж байгаа нь маш зөв зүйтэй юм.

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа:

Бид цаашид Монгол Улсаа Ардчилсан замаар хөгжүүлье, нийгмийн шударга ёсыг хангасан сайхан нийгэмд амьдаръя гэвэл төр, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллахаас өөр аргагүй. Энэ удаад Засгийн газрын зүгээс чин сэтгэлээсээ хамтраад иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах бодлогыг аль болох зөв боловсруулан гаргая гэж байгаа нь талархууштай.  Энэ хүрээнд хамтдаа нээлттэй шударга байх зарчмаар  хамтран ажиллах хэрэгтэй гэсэн эрмэлзэл байна гэж бодож байна. Энэ бол маш чухал юм.

Бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа:

Энэхүү Ардчилсан нийгмийн суурь харилцааны талаарх бодлогын баримт бичиг гаргахаар Ерөнхий сайд иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллаж  байна. Энэ асуудалд нэг хүний болон бүлэг хүмүүсийн үзэмжээр хандаж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байгаа.  Үүнийг  бодлогоор, хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаад төрийн бус байгууллагынхан талархалтай байгааг энд хэлмээр байна.  

Иргэдийн Алъяанс төвийн захирал Ж.Занаа:

Ерөнхий сайд С.Батболдын хэлж ярьж байгааг харахад өнгөрсөн 20 жил иргэний ардчилсан нийгмийг байгуулахдаа юун дээр алдсан, одоо бид цааш нь яаж сайжруулах ёстой вэ гэдгийг харж,  асуудлыг шийдвэрлэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна гэж анзаарлаа. Мэдээж асуудал олон янз байгаа. Энэ олон арга хэлбэрүүдээс бид аль болох үр дүнтэй, ойлголцож болох тэр хэлбэрийг сонгох болно.

Э.ЭНХМАА


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж