Улаанбаатараас Налайх явах замд өнөөдөр 09.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амь насаа алдан, арав гаруй зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдээд байгаа билээ.
Ослын улмаас замын хөдөлгөөнийг бүрэн хааж, ослын газарт дүгнэлт хийх ажлыг өглөөнөөс эхлүүлсэн бол дөнгөж сая авсан мэдээллээр Налайх руу зорчих замын хөдөлгөөнийг нээж, хэвийн байдалд шилжүүлсэн байна.
Ослын газарт Замын цагдаагийн газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, хэргийн газрын үзлэг шинжилгээ хийжээ. Ослын шалтгаан мөрдөн байцаалтаар тогтоогдох учир одоогоор ямар нэгэн урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Микро автобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн давхиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэхүү осол гарсан юм.
Д.ЖАРГАЛ