Антарктидад ажилласан судлаач

Хуучирсан мэдээ: 2015.01.17-нд нийтлэгдсэн

Антарктидад ажилласан судлаач

Антарктид судлаач эх орондоо ирлээ

Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Антарктидын Ливингстон аралд хүрэлцэн очиж, Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамт олонтой судалгаа хийгээд нэгдүгээр сарын 15-ны өдөр эх орондоо иржээ.

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, судлаач Х.Пүрэвдагва нар өчигдөр хэвлэлийнхэнд уг судалгааны ажлын талаар мэдээлэл өгсөн юм.


Болгарын Антарктидын хүрээлэн энэ удаагийн экспедицид Монголын талаас цас, мөс, ус, уур амьсгалын судалгаа хийх нэг мэргэжилтнийг оролцуулах боломж олгожээ. Судалгааны ажлын хүрээнд Антарктид судлалын олон улсын хамтын ажиллагаанд Монгол улсын оролцоог хангах,Антарктид судлалд Монгол улсын хувь нэмрийг оруулах, Антарктид тивийг Ливингстоны арлаар төлөөлүүлж цас, мөс, усны горим, уур амьсгалын судалгаа хийх зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байна.

Судалгааг Болгар улсын бааз байрлаж буй Ливингстоны арлын Өмнөд булангийн Kliment Ohridski-ийн Balkan Snowfield-д хийжээ. Судалгааны хэсгийн цасаар бүрхэгдсэн талбай нь Өмнөд булангийн эргээс хойш 1 км-ээс эхэлж, Burdikc Peak хүртэл найм орчим км үргэлжилдэг аж.

Анх 1927 онд манай улсаас хамгийн анхны хүн Антарктидад судалгаа хийхээр хөл тавьж байсан бол долоо дахь нь Х.Пүрэвдагва боллоо.

Энэ удаагийн судалгааны эцсийн үр дүнд Антарктидын Ливингстоны арлын өмнөд булан орчмын цас, мөсний нөөц, хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгал, усны горимыг тогтоох зорилготой юм.

Судалгаа хийхэд түүнд 40 мянган ам.доллар шаардлагатай байжээ. Үүнээс ирж, очих зардал болох 14 сая төгрөгийг БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангаас даасан бол үлдсэн зардлыг Ус цаг уур, орчны шинжилгээний газар, орон нутгийн цаг уурчдын дэмжлэгтэйгээр бүтжээ. Х.Пүрэвдагва Алтай нурууны Таванбогд, Цамбагарав, Мөнххайрхан, Түргэн, Баатар уулсын мөстөл, мөсөн голуудад олон жил ажилласан туршлагатай. Энэ нь уг судалгаанд оролцоход томоохон тус дөхөм үзүүлсэн байна.

Эх сурвалж: www.mne.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж