УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн гишүүд буюу Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар II, III амаржих газруудын нөхцөл байдал, үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж байна. Гишүүдийн зүгээс Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх дөхсөн энэ үеийг далимдуулан амаржих газруудын нөхцөл байдлыг судлах, тулгамдаж буй бэрхшээлийг олон нийтэд мэдээлэх зорилготой гэж байсан юм.
III амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир "Нэн тэргүүнд III эмнэлгийн шинэ байрыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Мөн 2015 оны эмийн төсөв тасарснаас эмчилгээ үйлчилгээ явуулахад бэрхшээлтэй байгаа учраас төсвийн тодотголын үеэр энэ мөнгийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсч байгаа юм. Эмнэлэг маань 45 ортой атлаа бусад амаржих газраас илүү ачаалалтай ажиллаж байна" гэж байсан юм. 45-хан ортой төрөх эмнэлэгт Баянзүрх дүүргийн 300 мянган хүн амын төрөлтийг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэж, эсэн мэнд амаржуулж байгаад эмэгтэй гишүүд талархаж, төрөх эмнэлгийн шинэ барилгын төсвийг шийдвэрлэж өгөхөөр ажиллахаа мэдэгдэж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Арваад хоногийн дараа гурван сая дахь иргэн төрөх гэж байна. Гурван сая дахь иргэндээ байр, мөнгө өгнө гэж мэдэгдэж байгаа хэдий ч амьдрал дээр төрөлт нэмэгдэж байгаа асуудалд Засгийн газар, төр юу хийж байгааг ярих хэрэгтэй. Яг үнэндээ III амаржих газрын шинэ барилгыг барьж дуусгах 1.7 тэрбум төгрөгийг хасчихсан байгаа. Эмэгтэй гишүүдийн зүгээс төсвийн тодотголд энэ мөнгийг суулгаж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэсэн юм.
Д.ЖАРГАЛ