“Маша” муур
ОХУ-ын Калуж мужийн Обнинск хотод тэнэмэл муур орцонд хаягдсан нярайг биеэрээ дулаацуулж, хөлдөхөөс аварснаар олон хүний хайр, хүндэтгэлийг хүлээжээ. “Маша” нэртэй муур өвлийн хүйтэнд орцны плитан шалан дээр орхигдсон бяцхан нярайг түргэн тусламж иртэл биеийн илчээрээ дулаацуулж байсан гэнэ. Оршин суугч Надежда Маховика орцонд хаягдсан нярайн хажууд муур биеэрээ наалдан хэвтсэн байхыг хараад түргэн тусламж дуудсан аж. Удалгүй түргэн тусламж ирж хүүхдийг авч явахад муур автомашиныг нь дагаж, араас нь гүйсэн гэнэ. Түргэний эмч Вера Иванина “муур хүүхдийг хаашаа авч явж байгаад их санаа зовнисон бололтой бидний араас дагаж, миавласаар байсан” хэмээн “РенТВ” телевизэд ярьжээ. Түүнчлэн оршин суугчид “Хэрэв муур биеийн илчээрээ дулаацуулж байгаагүй бол нярай хүү осгох байсан” хэмээн халаглажээ.
Эмнэлэгт хүргэгдсэн хоёроос гурван сартай нярай хүүгийн биеийн байдал сайн байгаа аж. Нярайг памперс, солих хувцасны хамт орхисон байжээ. Одоогоор цагдаа нар нярайн ээжийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
“Маша” муурыг тус орцны оршин суугчид хоолны үлдэгдлээр тэжээдэг байсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse