-Гадаад өрийн талаар ярилцахад мэдээж хамгийн их дуулиан тарьдаг, олны анхаарал татаж буй сэдэв нь их өрийн асуудал. Нэг хэсэг ОХУ-д төлөх “Их өр”-ийг тэглээгүй гэсэн шуугиан дэгдсэн. Энэ өрийг бүрэн хааж чадаагүй юм уу?
-“Их өр” буюу хуучин системийн үед ЗСБНХУ-аас авсан 10,8 тэрбум шилжих рублийн өрийг тэглэсэн, тэглээгүй гэсэн яриа өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр их гарсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А. Медведевийн айлчлалын үед ч сөхөгдсөн. 2003 онд 10,7 тэрбум шилжих рублийн “Их өр” бүрэн зохицуулагдсан. Үүнд ямар ч маргаан байхгүй. Харин “Монголросцветмет” нэгдэлтэй холбоотой 160,0 сая шилжих рублийн өр зарим шалтгааны улмаас хоёр талд ойлгомжгүй байдал үүсгэсэн явдал байсан. Гэхдээ дээрх өртэй холбоотой техникийн асуудлыг ойрын үед эцэслэхээр хоёр улсын Сангийн яам ажиллаж байна.
-Манай улс өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний гадаад өртэй байгаа вэ. Аль улсаас авсан өр зонхилж байна вэ. Жилд хэдий хэрийн өр төлбөрийг барагдуулдаг юм бол?
-Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2009 оны гуравдугаар улирлын байдлаар 2.6 их наяд төгрөг хүрээд байна. Оны эцсийн байдлаар өрийн хэмжээ хараахан гараагүй байна. Удахгүй тооцоо бэлэн болно. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон улсад төлөх өр манай нийт өрийн 80 орчим хувийг эзэлдэг. Гадаад зээлийн төлбөрийг Засгийн газрын хуваарийн дагуу төлдөг. 2010 онд гадаад зээлийн үндсэн төлбөрт 74.1 тэрбум, хүүгийн төлбөрт 29.0 тэрбум төгрөг, нийт 103.1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөөд байна. Ойрын хэдэн жил энэ төвшинд төлбөрөө хийнэ. Харин 2020-2025 оны үед гадаад зээлийн төлбөр дээд хэмжээндээ хүрнэ.
-Өрийн дарамтын судалгаа гэж хийдэг үү. Ер нь манай улсад өрийн ачаалал хэр байна вэ?
– Улсын төсөвт болон эдийн засагт гадаад өрийн үзүүлэх дарамтын шинжилгээг ОУВС болон Дэлхийн банкны аргачлалын дагуу тооцдог. Сүүлийн гурван жил дээрх шинжилгээг ОУВС, Дэлхийн банктай хамтран хийсэн. Энэхүү судалгааны дүнгээр Монгол улс сэрэмжлэх төвшинд хүрээгүй байгаа.
-Гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 40-д хүрвэл аюултай байдаг гэсэн олон улсын жишиг байдаг гэдэг. Манай улсын өр төлбөр тэр хэмжээнд хүрсэн үү?
-Ерөнхийдөө өрийн дарамтыг ОУВС, Дэлхийн банкны аргачлалаар тооцоолохдоо таван гол харьцааг авч үздэг. Үүний нэг нь ДНБ-д өрийн өнөөгийн үнэ цэнийг харьцуулсан харьцаа юм. Дээрх харьцаа манай улсын хувьд 30 орчим хувьтай байна. 40 хувьд хүрвэл сэрэмжлэх төвшин гэж үздэг.
-Аль салбар хамгийн их өртэй байна вэ?
-1990 оноос хойш авсан гадаадын зээлийг ихэвчлэн дэд бүтцийн салбарт тухайлбал зам тээвэр, эрчим хүч, уул уурхайд ашигласан.
– Гадаадаас авч буй зээлийн хүү ямар байдаг вэ?
-Өнгөрсөн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага болон хандивлагч орноос хөнгөлөлттэй зээл авч ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн жилийн дундаж хүү 0.75-3.0 хувьтай байдаг. Гэхдээ Монголын Улсын эдийн засаг, зээлжих зэрэглэл өсөхийн хэрээр бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжгүй болно.
-Цаашид гаднаас авах зээлийн бодлогод ямар чиглэл баримтлах шаардлагатай байна вэ?
-Өнөөдрийг хүртэл манай улс гадны улс орнууд, хандивлагчдаас авсан зээлээ урт хугацаанд үр дүн нь мэдрэгдэх дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт түлхүү зориулж ирсэн. Тиймээс шинээр авах зээлийг аль болох өөрийгөө богино болон дунд хугацаанд бүрэн нөхөх чадвартай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглавал эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байхын зэрэгцээ төсөвт үзүүлэх дарамт нь бага байх юм. Тиймээс зээл авах зорилго, хамгийн гол нь түүнийг эргүүлэн төлөх эдийн засгийн чадавхаа зөв тооцоолж байж шинээр зээл авах учиртай.
-Хугацаа хэтэрсэн гадаад өр хэр их байна?
– Өнөөдрийн байдлаар Монгол улсад хугацаа нь хэтэрсэн гадаад өр төлбөр байхгүй. ОХУ-аас 1991 оноос хойш авсан ам. доллараар илэрхийлэгдэх урсгал өрийн үлдэгдлийг оны өмнө бүрэн төлж барагдууллаа. Багахангайн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой Финлянд улсын өрийг 80 хувь чөлөөлүүлэх гэрээг оны өмнөхөн эцэслэлээ.
Д.ЦЭЭПИЛ