Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж байгаа ажээ. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сэргээн эдлүүлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилгоор тус шалгалтыг хийж байгаа юм. Шалгалт нийтдээ тав хоног үргэлжлэх аж.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 710 гомдол хүлээн авснаас 330 буюу нийт гомдлын 46.5 хувийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлжээ. Гэтэл эдгээрийн 261 нь буюу 80 орчим хувь нь зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн байна.
Т.ДАРХАН