Мөн гадаадын найдвартай, чанартай эсэх нь эргэлзээтэй олон сургуульд суралцаж хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирох асуудлууд гарч байна. Албан бус сургалтад суралцсан бол хариуцлага тооцох эзэнтэй болгохгүйгээс цаашид энэ хандлага эрс газар авч эхэллээ. Дэлхий дүүрэн чанаргүй сургууль байгаа шүү дээ. Түүнийг огт мартаж болохгүй. 2009 оны хавар Японд аваачсан 20 гаруй хүүхдийг 4-5 анги шиг өрөөтэй подвалд шөнийн цагаар дөрвөн цагийн япон хэлний хичээл зааж, цаашид тэтгэлгээ өөрсдөө олж ав гэсэн байдлаар сургалтын байгууллага нь хандаж байсныг олж илрүүлж байсан. Өнөө хүүхдүүд ч сурсан, мэдсэн зүйлгүй ээж, аавдаа захин байж эсэн мэнд эргэж ирж байсан талаар мэдээлэл бишгүй гарч байсныг төр төлөөлсөн эрхмүүд сонсч л байсан байх. Яагаад энэ асуудалд эзний ёсоор хандахгүй байгаа юм бол. Эсвэл миний хүүхэд биш гэсэн хол хөндий бодолд түүртээд байна уу. Ингэж өндөр өртөг, эрсдэлтэй орчинд гадаадад суралцсанд орвол эх орондоо мэдлэг эзэмшсэн нь хавьгүй дээр дээ.
УИХ-ын гишүүн АНУ бол 26 дээд сургуультай байхад манай улсын их, дээд сургуулийн тоо замаа алдлаа гэх утгатай зүйл яриад сууж байна. Тус улсад зөвхөн магадлан итгэмжлэгдсэн 7000 сургууль байна гэдгийг төрийн түшээд маань мэддэггүй юм байх даа. Эсвэл манайх л замбараагүй олон их, дээд сургууль байна гэсэн шүүмжлэлдээ хэт автаад байдаг юм болов уу. АНУ-д ч гэсэн хуурамч боловсрол, хуурамч сургалтын диплом олгодог сургалтын байгууллага байхыг хүний эрхийн асуудал гэж үзээд, үгүйсгэдэггүй юм билээ. Энэтхэг улсад 5000 их сургууль, 26 мянган коллеж сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Сингапур ганцхан их сургуультай гэж манайхан ярьдаг. Гэтэл дөрвөн үндэсний хэмжээний их сургууль, улсын брэнд боловсрол олгодог найман дээд сургууль, хүмүүс тохиролцооны шугамаар сургалтын үйл ажиллагаа явуулдаг салбар яамандаа бүртгэлгүй 156 байгууллага байдаг гэнэ. Тухайлбал Хартфордын институт гээд байгууллага манай улсад өдөр, шөнөгүй элсэлт авч байдаг. Гэтэл энэ нь Сингапуртаа огт бүртгэлгүй байдаг талаар албаны эх сурвалж хэлж байна. Гэтэл БСШУЯ-ны яг энэ асуудлыг хариуцсан газрын дарга гуай энэ байдлыг чихээр сонсоод, мэл гайхаж, цэл хөхөрч сууна. Энэ мэт төр төлөөлсөн эрхмүүд гадаадад оюутан сургах ажлыг иймэрхүү байдлаар хариуцаж байхад чанартай сургуулийг нь олж сургах, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх хөрөнгө, цаг хугацаа шаардсан оюуны хөрөнгө оруулалт талаар өнгөрөхөөс өөр яах билээ. Дээр дурьдсан гадаадад боловсрол эзэмших асуудалд цаг алдалгүй анхааралаа хандуулахгүй аваас ирээдүйн монголын хувь заяа бүрхэг харагдах нөхцөл бүрдээд байна гэж хэлж болмоор.
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин