Монголын эдийн засаг халуураагүй

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг халуураагүй

Монголын эдийн засаг халуураагүй, харин бүлээрч байна

Монголбанк уламжлал ёсоор сар бүрийн хэвлэлийн бага хурлаа өчигдөр хийсэн. Энэ үеэр Монгол банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалтай уулзаж ярилцлаа.

-Монголбанк 2011 онд инф­ляцийг нэг оронтой тоонд барина хэмээн амалсан. Өнөөд­рийн байд­лаар инфляци 5.5 хувьтай байна. Гэвч тайвшрах хэрэггүй, оны эц­сээр инфляци тэнгэрт хадна хэмээн тайлбарлах хүмүүс байгаа?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад инфляци өнөөдрийн байдлаар  хам­гийн байж болох таатай төвшинд хүрээд байна.  Инфляцийн төвшин Улаан­баатарт 4,2, улсын хэмжээнд 5,5 хувьтай байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр 13 хувьтай байсан, хоёр жилийн өмнө 30  хувь хүрч байсан инфляци 5.5 хувь руу орж ирж  байгаа нь гурван үндсэн хүчин  зүйлсээс шалтгаалж байгаа. Нэгдүгээрт, Мон­­голын эдийн засгийн ирээдүйн хүлээлт эерэг байгаа  учраас гадаа­дын хөрөнгө оруулалтын урсгал тогтмол байна. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг өнгөрсөн жил­тэй харьцуулахад 50 хувиар өссөн. Энэ эерэг хүлээлт цаашдаа үргэлжлэх байх.

Инфляцийн өсөлтөд нөлөөлдөг бас нэг том зүйл бол аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок байдаг. Эсвэл эрэлтийн шок гэж бий.  Гэнэтхэн Засгийн газар асар их мөнгө тараачихвал эрэлт ихсэх талтай. Ийм шок, ялангуяа эрэлтийн шок нь байсангүй. Харин нийлүүлт тал дээр нь Засгийн газар урьдчилсан сэргийлэх арга хэмжээ сайтар авсны хүчинд инфляцийг тогтоож барихад маш их хөшүүрэг болсон. Монголбанк эдийн засгаасаа илүү гарсан мөнгийг “цэвэрлэж” бай­сан. Энэ бүхэн инцляцийг 5.5 хувьд буулгахад нөлөөлсөн гэж бо­дож байна. Цаашдаа ОУВС, Дэл­хийн банкныхны хэлээд байгаа шиг инфляци өндөр үзүүлэлттэй гарахгүй байх гэж найдаж байгаа. Яагаад гэвэл Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байгаа онож байна. Харин гаднаас импортолж байгаа инфляцид Монголбанкны зүгээс нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Манай эдийн засгийн зохицуулалтаас хамаар­даг­гүй.  Оны эхээр  дэлхий дахинд өсөөд байсан нефтийн өсөлтөөс нэлээд эмээж байсан. Олзуурхууштай нь неф­тийн үнэ огцом өссөнгүй.  Засгийн газар нөөцийн мах сайн бэлтгэсэн. Энэ нь инцляцийг бууруу­ла­хад сайнаар нөлөөлсөн. Тэгэхээр тавдугаар сард инфляци  тогтвортой байх болов уу гэж харж байна.

-Тавдугаар сард Монголд шата­­хууны нийлүүлэлтийн хомс­дол нүүрлэсэн. Энэ хомс­дол инфля­цид сөргөөр нөлөөлөх нь тодорхой биз дээ?

-Нефтийн  бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тогтвортой байгаа ч ОХУ-аас нийлүүлдэг шатахууны нийлүүлэлтийн хүндрэл  Монголд шууд нөлөөлөх болсон нь үнэн. Үүнийг тогтмол, хянамгай ажиглаж байх нь зүйл. Шатахууны үнийн өсөлт Монголын эдийн засагт шууд нөлөөлтэй. Ялангуяа уул уурхайн салбарт сөргөөр  нөлөөлж магадгүй. Уул уурхайн нийт зардлын 30-аад хувь нь шатах, тослох материал байдаг. Энэ хангамж нь муудаад ирэхээр нийт эдийн засгийн энэ оны хоёрдугаар хагасын эерэг хү­лээлт асуултын тэмдэгтэй үлдэж байгаа.  Монголын эдийн засгийн үзүүлэлт оны эхний  хагаст өн­дөр үзүүлэлттэй гарсан. Харин хоёрдугаар хагаст эдийн засгийн өндөр үзүүлэлтийг цааш нь хэвээр нь авч явахад шатахууны хомсдол нөлөөлж магадгүй болоод байгаа. Тэгэхээр Засгийн газар үүний эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадвал эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг бууруулах талаар авсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

-Дэлхий нийтэд  хүнсний хомс­­дол нүүрлэж, олон оронд инцляцийг хөөрөгдөөд байгаа. Энэ үзэгдэл Монголын эдийн засагт нөлөөлөх үү?

-Дэлхийн нийтэд нөлөөлж бай­гаа хүнсний инфляци Монголд нө­лөө­лөх нь тодорхой. Гэхдээ тийм ч хүчтэй нөлөөлж чадахгүй байх гэж найдаж байгаа.  Аз болоход Монгол Улс “Атрын III” аяныг хэрэг­жүүлснээр дотоодынхоо гу­рил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхээ хэрэгцээг 60 хувь  хангахаар болсон. Дээрээс нь манайх уламжлалт мал аж ахуйтай орон. Тэгэхээр Монгол Улс тодорхой хэмжээний хамгаалалтай байгаа болохоор хүнсний хомсдолоос үүдэл­тэй инфляцийн хөөрөгдөл Монголд тийм ч их нөлөөлж чадахгүй биз.

-Манай банк санхүүгийн сал­барт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Зээлийн хэмжээ өнгөр­сөн жил­үүд­тэй харьцуулахад багагүй өс­сөн үзүүлэлттэй байсан?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуу­лахад зээлийн хэмжээ өсч байгаа нь нэг эерэг үзүүлэлт. Харин зээлийн өсөлтийн хурдац нь нэлээд анхаарал татаж байгаа.  Ноднингийн мөн үетэй харь­цуу­ла­хад зээлийн хэмжээ 30 хувиар өссөн. Зээлийн өсөлтийн ард хадгаламж бас өсч байвал сайн хэрэг. Эдийн засаг дагаад хүмүүсийн хэрэг­лээ өсч байвал бас сайн хэрэг. Гэхдээ үүнээс цааш хамаагүй өсөөд байвал санаа зовох юм гарч ирнэ. Муу зээл нэмэгдэх аюултай. Тэгэхээр маш сайн  ажиглах ёстой. Зээлийн өсөлт өөрөө муу зээлийн өсөлтийг бий болгох эрсдэлтэй байдаг. Зээлийн өсөлтийг ангилж үзэхэд иргэдийн болон хувийн хэвшлийнхний авч байгаа зээлийн хэмжээ өссөн үзүү­лэлттэй байна лээ. Энэ нь эргээд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг. Төгрөг чангарсан нь ч гэсэн зээлийн өсөлттэй холбоотой. Нийт үзүүлэлтээр харахад Монголын эдийн засаг өсөлттэй байна гэсэн үг. Зээлийн өсөлтийн хэмжээ бодит эдийн засагийн өсөлттэйгөө хосолж явж байгаа болохоор санаа зовох зүйлгүй гэхэд болно. Гэхдээ уул уурхайгаас хамааралтай  Монгол Улсын хувьд, тухайлбал, нүүрс, зэс шатахууны өсөлтөөс хамааралтай хэврэг эдийн засгийн бүтэц байсаар л байгаа.

-Засгийн газраас 800 тэрбумын бондыг Хөгжлийн банкаар дам­жуу­лан гаргахаар бол­сон. Бэлэн мөн­гө их хэмжээгээр гаргаж урс­га­лыг нэмэгдүүлэхээр инфляци өсөх муу талтай биш үү?

-Хөгжлийн банкаар дамжуулан гарах ёстой хөрөнгө оруулалтуудын чиглэл одоо хүртэл гараагүй байна. Энэ хөрөнгө оруулалтыг хурдан гаргах хэрэгтэй.  Бусад салбар луугаа бодитой томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй цагт уул уурхайгаас хамаа­ралтай хэврэгхэн эдийн за­саг нь байсаар байна гэсэн үг. Тэгэхээр  Засгийн газраас гаргахаар төлөвлөсөн 800 тэрбумын бонд эдийн засгийн суурь бүтцэд эерэгээр нөлөөлнө. Богино хугацаанд инцля­цид сөргөөр нөлөөлж болох ч дунд хугацаанаасаа хамаараад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч ирэх болов уу. Монгол шиг жижигхэн оронд инфляцид огцом хөдөлгөөнүүд маш их нөлөөлдөг. Огцом хөдөлгөөнүүд сая төдийлөн хийгдсэнгүй. Энэ бол таатай зүйл.

-Үндэсний валютын ханш сүү­лийн үед багагүй чангараад бай­гаа. Өнөөдрийн байдлаар Мон­­гол­­банк хэдий хэмжээний валю­тын нөөцтэй байна вэ?

-Дэлхий дээр хамгийн их чангарсан валютаар өнгөрсөн жил Монголын төгрөг тодорсон. Энэ жилийн хувьд төгрөгийн ханш  2.5 хувийн чангаралттай явж байгаа. Гэхдээ он гарсаар нэг хоёр удаа савалсан.  Үүнд эхнийхэд нь  гадаад зах зээл дэх нефтийн үнийн огцом хөдөлгөөн, нөгөө нь Тавантолгой дахь нүүрсний замыг хаасан явдал нөлөөлсөн. Түүний дараахан Хятад­тай гэрээ байгуулсан өдөр бас жаахан савалсан. Валютын зах зээл рүү он гарсаар хойш төдийлөн оролцоогүй.  Өнөөдрийн байдлаар Монгол Улс 2.3 тэрбум ам.доллар валютын нөөцтэй.

-Монголын эдийн засагт ха­лал­­тын шинж тэмдгүүд илэрч байна гэж зарим мэргэжилтнүүд ярих болсон. Үүний эсрэг Төв банк ямар арга хэмжээ авч байна?

-Монголын эдийн засаг халаагүй. Харин цар­цанги байдлаасаа гараад бү­лээсч байна гэж би хэлмээр байна шүү.

Ж.НЯМСҮРЭН


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж