Монгол Улсын сайд М.Энхсайхан Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр элчин сайд Такэнори Шимизү “Япон улс аль болох олон орноос байгалийн баялаг худалдан авах сонирхолтой. Тийм учраас энэ төсөл хурдан амжилтад хүрээсэй гэж хүсч байна. Гадаадын хөрөнгө оруулалт Монголын хөгжилд нэн чухал. Тиймээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хэрэгтэй. Оюу Толгойн төслийг японы хөрөнгө оруулагчид анхааралтай харж байна. Оюу Толгой төсөл бол том хөрөнгө оруулалтын билэг тэмдэг” гэсэн юм.
Монгол Улсын сайд М.Энхсайхан “Та бол Монголыг маш сайн мэддэг хүн. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд оруулсан таны хувь нэмэрийг бид өндрөөр үнэлдэг” гэлээ.