Өдөр бүр Москва руу ярьж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Өдөр бүр Москва руу ярьж байгаа

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай Монгол нүүрлээд байгаа шатахууны хомсдол, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бодлого, зорилтын талаар ярицлаа.

-Тавдугаар сар гарсаар Мон­голд дизель түлшний хомсдол нүүрлээд байгаа. Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон танай газраас  удаа дараа хомсдолыг арилгахаа амалсан ч ШТС-ууд дизель түлш зарахгүй хэвээр байна?

-Монгол Улс тавдугаар сар  сарын эхэнд 13,5 мянган тонн дизель түлшний нөөцтэй байсан.   Бусад шатахууны хувьд 28 мянга  тонн орчим  нөөцтэй байсан. Энэ нь үндсэндээ манай улсын 22 хоногийн хэрэглээний нөөц.  Дизель түлшний хэрэглээний хувьд 13,5 мянган тонн гэдэг нь арав гаруй хоногийн нөөц байгаа юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд,  авто бензиний хувьд  ямар нэгэн хомсдол үүсээгүй шүү дээ. АИ-92, АИ-80 түлшний нөөц хангалттай байгаа. Зөвхөн дизель түлшний хувьд л асуудал үүсээд байна.  Манай импортлогчид энэ сард 84 мянган тонн дизель түлш худалдан авах хүсэлтээ ОХУ-д захиалсан. ОХУ-ын зүгээс Монголд 34 мянган тонн түлш өгнө хэмээн гэрээлсэн боловч дөнгөж 10 мянган 400 тонн түлш нийлүүлсэн. Ингээд үндсэндээ Монгол Улс 23,9 тонн түлштэй болсон гэсэн үг. Монгол Улсын дизель түлшний сарын дундаж хэмжээ 30-35 мянган тонн. Тэгэхээр 23 мянган тонн дизель түлш манай улсын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрэх тийшээ хандсан л даа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улс 28 мянган тонн дизель түлш хэрэглэсэн байсан. Энэ сарын хувьд уул уурхай, зас засварын ажил эхлэх тодорхой учраас үүнийг тооцоолоод 32 мянга орчим тонн дизель түлш хэрэгтэй байна гэж үзсэн.

Тэгээд л Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ОХУ-ын зохих шатны хүмүүстэй нь ярилцсаны үндсэн дээр 7000 тонн дизель түлш нэмж авахаар болсон. Үүнийг нэмээд тавдугаар сард ОХУ-аас Монголд өнөөдрийн байдлаар 17 мянган тонн дизель түлш нийлүүлээд байна. Өмнөх сарынхаа үлдэгдэл болох 13  мянган тонн дизель түлшийг хасаад шүү дээ.  Ер нь бол өмнөх үлдэгдэл нөөц, шинээр нийлүүлсэнтэйгээ нэмээд тооцохоор тавдугаар сард монголчууд 31 мянган тонн түлш хэрэглээд байна. Одоо сар дуусахад хоёр, гур­ван хоногийн хугацаа байна. Гэтэл сарын эхнээс  ОХУ-ын ерөнхий сайд В.Путин ОХУ газрын тосны экспорт хориг тавьсан талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг уншсан хэвлэлийнхэн ОХУ экспор­тоо зогсоочихлоо, Монголд хомс­­дол нүүрлэх нь гээд бичээд эхэлсэн л дээ.

-Тэгээд шатахууны хомс­дол үүсгэсэн буруутан нь хэвлэ­лийн­хэн гэж үү. ОХУ-д ийм шийдвэр гарчээ гэдгийг мэдээлэх нь хэв­лэ­­лийн­хний үүрэг, Монгол Улс хомсдолд орж магадгүй гэж сануу­лах нь бас бидний ажил шүү дээ?

-Нэгдүгээрт би хэвлэлийнхнийг шата­хууны хомсдол үүсгэсэн гэж хэлээгүй. Хоёрдугаарт ОХУ-аас экс­портын хориг тавихдаа, энэ хо­риг Дундад Азийн орнуудад, тэр тусмаа Монгол Улсад хамааралгүй гээд тодоос тод зарлачихаад байхад, оросууд шатахуун нийлүүлэхээ болилоо. Мон­гол шатахууны хомс­долд орох нь гээд хэвлэлээр шуугиад эхэлсэн. Хэвлэ­лийнх­ний мэдээллийг уншсан, сонссон хэрэглэгчид шата­хууны хомсдол үүсэ­хээс өмнө гээд бөөн бөөнөөр нь  аваад нөөцлөөд эхэлсэн. Уг нь өдөрт Монгол Улс 1100-1500 тонн дизель түлш хэрэглэдэг юм. Үнэндээ бол шатаачихдаг хэрэг шүү дээ. Гэтэл хэвлэлийнхний бүтэхгүй нь, хомсдох нь гэсэн цуурхлаас болоод 2000-2500 тонн дизель түлш зарагдах болсон.  Та нар очоод хараарай, зах дээр сав, поошигны наймаа нэлээд гүйлгээтэй байгаа гэсэн шүү. Хэрэглэгчид маань ч яасан их мөнгөтэй юм. Түлш нөөцөлж байхаар, түүнийгээ өөр зүйлд зарцуулахгүй.  Шулуухан хэлэхэд ийм маягаар өнөөдөр зохио­мол хомсдол үүсээд байна. Энэ зохио­мол хомсдлоос болоод маш бага хэмжээний түлшний  нөөц үлдээд байна.

-Яг үнэндээ уул уурхай, зам засвар, барилга, газар тариа­­лангийн ажил ид эхэлж бай­гаа болохоор үүнийг дагаад дизель түлшний эрэлт хэрэгцээ нэмэг­дэнэ шүү дээ. Үүнийг тоо­цоо­лох ёстой биз дээ?

-Бид ямар ч тооцоо судалгаа­гүйгээр ОХУ-руу дуртай тоогоо хэлээд захиалга өгдөг юм биш. Мэдээж, уул уурхай, зам засвар, барилга, газар тариалангийн ажилд хэрэглэх шатахууны тооцоог компа­ниудаас өгсөн судалгаан дээр үндэс­лэж захиалгаа өгдөг юм. Танд сонирхуулахад тариалалтад ердөө 2,7 мянган тонн түлш хэрэглэдэг юм. Аль гуравдугаар сараас л энэ бүхнийг шингээж, захиалгаа өгдөг гэдгийг хэлэх хэрэгтэй юм шиг байна.

-Импортлогчид уул уур­хайн­­ханд дизель түлшээ өндөр үнээр нь бөөндөөд байгаа болохоор ний­гэмд хомсдол үү­сээд байгаа юм биш үү?

-Монгол Улсын дизель түлшний нийт хэрэглээний 50 хувь нь уул уурхайд зориулагддаг юм. Бид хэзээ, хаана, ямар компани хэдий хэрийн түлш худалдаж авдаг зэргийг сар сараар нь мэднэ. Сар сараар нь тооцоо судалгааг нь гаргачихсан байдаг юм. Импортлогчид аж ахуйн нэгжтэй хийсэн гэрээнийхээ дагуу л түлшээ нийлүүлж байгаа гэж бодож байна. Хэзээ хэн ирж бөөндөх бол гээд сууж байдаг асуудал биш юм. Ер нь бол импортлогчид дизель түлшээ хэнд хэдээр зарах нь зах зээлийн хууль шүү дээ. Хоёр байгуулага тохиролцоод үнэ ханшаа тогтоогоод худалдаа наймаа хийж байхад төр оролцоод боль та нар гэж хэлэх эрхгүй.  

-Төрөөс импортлогчдыг бага­­гүй харж үздэг. Гэтэл тэд зохимол үнийн хөөрөгдөл үүсгээд хэрэг­­лэгчдийг хохироох яв­даг цөөнгүй гаргадаг.  Энэ тохиолдолд танай газрын зү­гээс импортлогчидтой ямар хариуцлага тооцдог вэ?

-Үгсэн хуйвалдаж үнийг хөөрөг­дөж байна уу, үгүй юу гэдгийг хянаж шийдвэрлэдэг  газар бол манайх биш. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газар нь хянадаг юм. Ер нь бол ямар үнээр, ямар зардлаар оруулж ирдэг талаар Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас гаргасан ажлын хэсэг хянадаг. Тэр ажлын хэсэгт Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, Газрын тосны газраар, Монголбанк, Нефть ассоциациар, компаниудаас гээд олон газрын төлөө­лөл байдаг. Тэд импортлогчид хэр зарлага гаргаад хэдий хэрийн ашиг олдог талаарх, тодруулбал, татвар төлөлт, тээвэрлэлт гээд бүх зүйлийн задар­гааг нь хянаж судалдаг. Үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс энэ бүхнийг нь сонин хэвлэлээр мэдээлдэг ч юм уу гэж бодоод байгаа.  Импорт­логчдын зарлага, орлогын талаарх мэдээллийг дэлгэвэл үгсэн хуйвал­даад байна уу, үгүй юу гэдгийг мэдэж авна биз.

-Иргэд нь түлшний эрэлд гараад байдаг. Гэтэл та боло­хоор хэрэглэгчид түлшээ нөө­цөл­сөн гээд байгаа. Би бүр ойлгохгүй байна. Тэгвэл тэр 31 мянган тонн түлш чинь хааччихсан юм бэ?

-Хаачих юу байх вэ дээ. Иргэд, аж ахуйн нэгж л нөөцөлсөн байхгүй юу.  Түлшний хомсдол нүүрлэлээ гээд нийтийн тээврийг зогсоогоод, газар тариалангийн ажлыг нь хойш­луулаад, уул уурхайнхныг чөдөр­лөөд байгаа асуудал байхгүй. Бүгд л хэвийн хэмжээгээр ажлаа явуулж байгаа. Хогны машин нь хогоо ачаад, эмнэл­гийн тэргүүд нь өвчтөнүүдээ зөөгөөд, барилгынхан байшингаа бариад, ний­тийн тээврийнхэн зор­чиг­чдоо тээвэрлээд явж байна. Гэхдээ бас хяналт тавихгүй бол болохгүй байна. Автобусны жолооч нар гэхэд  1440 төгрөгөөр 80 литр түлш аваад үүнийхээ тал хувийг нь 1800-2000 төгрөгөөр зараад байгаа тухай яриа бий. Зуд болоход нохой зоолно гэдэг шиг л хомсдолоор дамжуулан хожоо хайж байгаа хүмүүс байгаа бололтой юм. Гэхдээ би ямар нүдээрээ харсан биш. Тэр автобус баазын дарга нар нь жолооч нарынхаа асуудлыг хянадаг юм байгаа биз. Тэгэхээр манай газраас дизель түлшнийхээ худалдааг долоо хоног хязгаарлахаар шийдсэн.

-Шатахууны нийлүү­лэл­­­­­­тийн асуудлаар Эрдэс бая­лаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан аж­лын хэсэг Москваг зориод 40 мянган тонн түлш ний­лүүлэхээр болсон гэдгийг  мэ­дэгд­сэн шүү дээ. Нэмэлт түлшний нийлүүлэлт яг хэзээ­нээс Монголд орж ирэх вэ?

-Аль болохоор өнөө маргаашгүй л нийлүүлэхийг манай талаас шаардаж байгаа. Оросууд өнөөдөр ачууллаа, маргааш ачуулна гээд л байдаг. Бид энэ талаар  гараа хумхиад зүгээр суугаагүй шүү дээ.  Байнга л утсаар ярьж байна, сануулж байна. Манайд нийлүүлэхээр болсон дизель түлш маань яачихав аа гээд л.  Шатахууны хомсдолын эсрэг Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим  хүчний яам хэрээрээ л ажиллаж байна. ОХУ-д өөрөө дотооддоо газрын тосны хангамж багасаад байгаа болохоор энэ нь Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.

-Үүнийг Монголын газ­рын баялгийг авах гэсэн оросуудын шантааж гэх хард­лага бий. Мон­гол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлч­ла­хын өмнө монгол­чууд оросуудаас шата­хуу­ны ха­раат гэдгийг нь мэдрүүлэх гэ­сэн оро­суудын явуулга байж болох уу?

-Би улстөрч биш болохоор таны энэ асуултад улс төрийн өнцөгөөс тайлбарлаж чадахгүй нь. Би төрийн нэгэн албан хаагч. Монголын газ­рын тосны үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг хүлээсэн цэрэг шүү дээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэл­цээр өрнүүлэх байх гэж бо­дож байгаа. Шатахууныг хэвийн нийлүүлэх талаар, хомсдол үүсгэх­гүй байх талаас нь хоёр улс  дээд төвшиндөө ярилцах  болов уу гэж харж сууна. Ирэх сард ОХУ-аас 34 мянган тонн түлш нийлүүлэх талаар яриа бий. Гэхдээ албан ёсоор гэрээ байгуулаагүй байна.

-ОХУ-ын цаад мужуудаас шата­хуун худалдаж авсан гэсэн. Яагаад тэгээд нийлүү­лэхгүй байна вэ?

-ОХУ-аас сарын өмнө ачуулсан шатахуун замдаа явж байгаа. 3000 гаруй километр газрын цаанаас ирж байгаа шатахуун наашилж л яваа бололтой юм билээ.

-Тэр холоос оруулж ирж бай­гаа юм чинь үнэ нь нэмэг­дэх болов уу?

-Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцаад дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Мөн гаалийн татварыг тэглэсэн. Энэ бүхэн хэрэглэгчдэд зориулсан онцгой халамж гэдгийг ойлгох хэрэгтэй. Импорт­логчдод зориулж татварыг тэг­лэ­дэг юм биш. Энэ бүх татварын тэглэлтийн үр дүн нь хэрэглэгчдэд тусах учраас олон нийтэд, иргэддээ зориулж авсан арга хэмжээ гэж ойлгож болно.

-Монгол Улс газрын хэвлий дороо тодорхой хэмжээний шата­хууны нөөцтэй орон. Гэтэл оросуудыг  царайчлаад л. Нөгөө гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гээч л болчихоод байна шүү дээ. Айлаас гуйхаар авдраа уудал гэгчээр монголчууд газрын тосны нөөцгүй бол яахав гэхсэн?

-Засгийн газрын мөрийн хөтөл­бөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотооддоо шата­хуун үйлд­вэр­лэж, хэрэгцээгээ хангана гэсэн заалт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө хаана, хаанаа ажиллаж байна. Миний мэдэж байгаагаар тун удахгүй Монгол Улс газрын тосоо боловсруулж эхлэх юм. Би үүнд итгэлтэй байгаа.

-Монголчууд яриад, ам­лаад л байдаг. Харамсалтай нь, ажил хэрэг болж буй нь тун цөөхөн.  Тэгээд хэзээнээс Монгол Улс газрын тосоо боловс­руулж эхлэх юм бэ. Яг бодитой төлөвлөсөн хугацаа байна уу?

-Дотоод, гадаадын нийлсэн 17 этгээд 2000 оноос хойш Монголд газрын тосны үйлдвэр барих хүсэлт тавьж байсан. Тухайн үед ихэнхэд нь  зөвшөөрөл өгсөн. Харамсалтай нь, тэр нөхдүүд маань өнөөдөр нэг ч үйлдвэр барьж чадаагүй байна. Ерөөсөө энэ аж ахуй нэгжүүд юунаас болоод үйлдвэр барьж чадаагүй вэ гэхээр хөрөнгө мөнгөнөөс болоод л гэж хариулдаг. Нэг их сайхан техник эдийн засгийн үндэслэл гаргасан, том том зузаан материалууд ирүүлдэг ч үйлдвэрээ барих мөнгөгүй гээд л суучихдаг. Гэхдээ өнөөдөр тусгай зөвшөөрөл бүхий дөрвөн аж ахуйн нэгж байдаг.  Дархан-Уул аймагт хоёр  сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барина гэсэн ч 600 сая ам.доллараас болоод нам жим байна. Дараагийн компани нь Эрдэнэт хотод  жилийн  50 мянган тоннын хүчин чадалтай хийн конденсацийн үйлдвэр барьсан.  Түүхий эд байхгүйгээс болоод сул зогсч байна гэх мэтчилэнгээр нефть боловсруулах үйлдвэр барих ажил урагш муутай байна. Манайд дахиад гурван аж ахуйн нэгж нефть боловсруулах үйлдвэр барих саналаа ирүүлсэн. Тэдний саналыг судалж үзээд, Эрдэс баялаг эрчим хүчний яаманд хүргүүлээд байгаа. Дээрх үйлдвэрүүд босч чадвал  Монгол Улс газрын тосоо дотооддоо боловсруулах боломжтой юм.

-Монгол Улс газрын хэвлий дороо хичнээн хэмжээ­ний  неф­тийн нөөцтэй юм бэ?

-2010 оны байдлаар Тамсагийн сав газарт 119 сая тонн түүхий тосны нөөцийг баталгаажуулан бүрт­гэж авсан. Зүүнбаянд 135 сая тонн түүхий тосыг бүртгэж авахаар хэлэлцэж байна.  Тэгэхээр дээрх хоёр сав газарт 250-аад сая тонн газрын тосны нөөц одоогоор батал­гаажуулагдаад байна гэсэн үг юм.

-Кувейтээс Монголд газ­­рын тос түүхийгээр нь нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор уг тосыг Тянь­жинд үйлдвэрлэхээр болсон. Үүнийг Монголдоо үйлд­вэр­лэж болдоггүй юм уу?

-Улс улсын нефть өөр өөрийн гэсэн онцлогтой.  Газар нутгаасаа шалт­гаалаад янз бүрийн агууламжтай байдаг.  Тухайлбал, Кувейтийн газрын тосны хүхрийн агууламж нь  маш өндөр байдаг. Тодруулбал, 26-28   хувийн хүхрийн агууламжтай. Энэ өндөр агуу­ламж­тай газрын тосыг энгийн нэгэн үйлдвэр боловсруулж чадахгүй.  Ийм өндөр агууламжтай газрын тосыг боловсруулах үйлдвэр дэлхий дээр тун цөөхөн. Хятадад хоёрхон байдгийн нэг нь өнгөрсөн жилийн сүүлээр Тяньжинд баригдсан. Маш нарийн технологитой үйлдвэрт боловсруулдаг учраас Монголд боловс­руулаад ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн дагуу Тяньжины үйлдвэрт боловсруулаад Монголд нийлүүлэх талаарх анхны яриа амжилттай болсон. Гэхдээ мэдээж зардал нь өндөртэй л дөө.

-Монгол Улс хичнээн хэм­жээний газрын тос гадагшаа экс­портлоод байгаа вэ. Бүтээг­дэ­хүүн хуваах гэрээг Монгол Улс хичнээн компанитай бай­гуул­сан бэ?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улс өнөөдрийн байдлаар 14 компанитай байгуулсан. Анхны Ерөнхийлөгч маань энгэрээ мялаас­наас хойш өнгөрсөн хугацаанд нийт нэг сая  тонн газрын тос олборлон, 975,6 мянган тонн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлож, түүхий тосны борлуулалт болон бусад орлогоос 144.1 тэрбум төгрөг улсын төсөвт оруулаад байна. Өнгөрсөн 2010 онд 295,1 мянган тонныг экспортолж, түүхий газрын тосны борлуулалтын болон бусад орлогоос 57,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Ж.НЯМСҮРЭН


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж